Б.НАНДИН

 

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин редакцын бодлогоо шинэчлэн баталж, нийтлэлийн агуулгадаа нийгмийн бүх хэсгийн дуу хоолой, үзэл санааг хүргэж, эх сурвалжийн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангаж ажиллах ялангуяа, хүн амын 50-аас дээш хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэхэд чиглэн ажиллахаар бодлогоо тодорхойлсон. Мөн эмэгтэй улстөрчид, бизнес эрхлэгчид, манлайлагчдыг эрэгтэйчүүдтэй эн тэнцүү авч үзэн, тэдний бодлого, үйл ажиллагаа, зорилтын талаар адил тэгш мэдээлж байхыг эрмэлзэнэ хэмээн редакцын бодлогодоо тусгаад байна.

Бид өнгөрсөн хугацаанд “Эмэгтэйчүүдийн манлайлал” булангаа эхлүүлж 21 аймгийн ИТХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь, бодлого тодорхойлох боломж, эмэгтэй төлөөлөгч нарын байр суурийг хүргэсэн.  Тэгвэл энэ удаа нийслэлийн есөн дүүргийн ИТХ-д эмэгтэйчүүдийн төлөөлөл хэр тусгалаа өгч буй цувралаар хүргэж, Сонгинохайрхан дүүргийн удирдлагын багийг онцолж байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг  Иргэдийн хурлын 43 төлөөлөгчтэй.  Тэдний 15 нь буюу нийт төлөөлөгчдийн 34.8 хувь нь эмэгтэйчүүд байна.

Улсын хэмжээнд нийт удирдах албан тушаалын 35.9 хувьд нь эмэгтэйчүүд ажиллаж байна гэсэн судалгаа гарсан байдаг. Тэгэхээр Сонгинохайрхан дүүргийн хувьд улсын дундаж дээрх тоотой нэлээд ойрхон хувьтай байгаа боловч хотын хамгийн олон хүн амтай дүүрэг гэдэг утгаар нь үзвэл тийм ч хангалттай тоо биш юм. Дашрамд дурдахад, “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан”-гаас гаргасан судалгаагаар УИХ-ын гишүүдийн 17.1 хувь, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 26.3 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ байдал аймаг, сумын хурлын түвшинд мөн ялгаатай. Тухайлбал, сумын ИТХ-д эмэгтэйчүүд 28.5 хувийг эзэлж байхад аймгийн ИТХ-д 15.8 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 97 (7082)