Б.ДАМДИН-ОЧИР
“...АТГ-т шалгагдаж байгаад мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан, мөрдөн байцаалтын үйл ажиллагааг тасалдуулж байгаа 18 хүн байна. Бусад мөрдөх байгууллагад харьяалагдаж байгаа нийлээд 100 гаруй хүнийг эрж хайх, нутагтаа авчирч мөрдөн шалгах үйл ажиллагааг цаашид хэвийн үргэлжлүүлэх ажлыг“Шувуу” ажиллагааны хүрээнд эрчимжүүлнэ” гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар 2023 оны гуравдугаар сарын 22-нд мэдэгдсэн.
Тэгвэл эдгээр “шувуу”-ны тоо нэгээр нэмэгдэж магадгүй болоод байна. Тодруулбал, “... “ Их Бит” компанийн гаргасан IHC койны хэрэгт холбоотой, холбоогүй” гэж яригдаад байгаа Б.Идэр-Одыг “...Шувуу” хэмээн зарлаж, эрэн сурвалжилж болзошгүй болжээ. Хэрэг явдлыг сануулбал, хууль хяналтынхан өнгөрсөн жилээс койны компаниудыг шалгаж эхэлсэн. Тэдний нэг нь “Их Бит” компанийн гаргасан IHC койн байдаг. Үүнд холбогдуулж Б.Гантиг, Б.Эрхэмбаяр, О.Мөнхжин, Б.Идэр-Од нарыг шалгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татжээ. Уг нь одоо “Их Бит” компанийн 33.1 хувийг Б.Гантиг, 33.1 хувийг Б.Эрхэмбаяр, 33.7 хувийг О.Мөнхжин эзэмшдэг. Харин тус компанийн 25 хувийг эзэмшиж байсан Б.Идэр-Од 2022 оны хоёрдугаар сарын 21-нд хувьцаагаа шилжүүлчихээд гуравдугаар сарын 30-нд Австрали руу явсан гэдэг. Гэхдээ мөрдөн шалгах явцад Б.Идэр-Одоос шалгаж, тодруулах сэжүүрүүд, асуудлууд гарч ирсэн бололтой. Гэтэл тэрбээр Монголд байхгүй учир ийнхүү “Шувуу” ажиллагааны хүрээнд авчирч магадгүй болжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 96 (7081)