Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Манай улс 80 сая малтай. Жилд 12-18 сая мал төхөөрч дотоодын хэрэгцээг хангахаас гадна бусад улс руу экспортолдог. Тэгвэл малын гаралтай түүхий эд болох арьс шир үнэгүйдэж "хог" болж байна гэх шүүмжлэлүүд ихэссэн. Тиймээс арьс ширний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг сурвалжиллаа.
Манай улсад 35 арьс шир боловсруулах үйлдвэр байдаг. Тэд жилд дунджаар найман сая арьс боловсруулдаг байна. Боловсруулсан арьсныхаа 70 гаруй хувиар нь гутал үйлдвэрлэдэг ажээ. Энэ тухай “Мон-ирээдүй” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ганбилиг “Арьс ширний үйлдвэрүүд химийн хортой бодис ашигладаг зэргээр 30 гаруй жил нэр хүнд муутай явж ирсэн. Гэвч бид жилд найман сая малын арьс ширийг боловсруулж бүтээгдэхүүн болгодог. Мөн 30 гаруй мянган иргэнийг ажлын байраар хангаж байна. Харин шүүмжлэхээсээ илүү бидний бүтээгдэхүүнийг дэмжиж худалдан авдаг болвол илүү их арьс шир боловсруулж байгальд хог болохоос нь сэргийлэх боломжтой. Монголчуудынхаа хэрэглээг хангах бүрэн боломж бий. Жишээлбэл, Төрийн албаны 200 мянган ажилчин хоёр ээлжийнхээ гутлыг дотоодын гутал үйлдвэрлэдэг компаниас авахад энэ үйлдвэрүүд хөл дээрээ босоод л ирнэ” гэв. Мон-Ирээдүй компани нийт боловсруулсан арьсныхаа 50 хувийг дотоодын 200 гаруй компанид түүхий эд болгон нийлүүлдэг байна.Харин үлдсэн хэсгийг БНХАУ, Япон, Итали, Турк, Тайланд, Вьетнам руу экспортолдог аж. Тэд жилд 500 мянган арьсанд боловсруулалт хийдэг ажээ.
Гутал бол хүний анхдагч хэрэгцээ. Улирлын онцлог эрхэлж буй ажил, наснаас хамааран гутлын загвар өөр өөр байдаг. Манай улсын нийт хүн ам жилд найман сая гутлын хэрэгцээтэй. Харин үүнийхээ 12 хувийг дотоодын үйлдвэрээс хангадаг. Харин дотоодын үйлдвэрүүд ихэвчлэн ажлын гутал үйлдвэрлэдэг байна. Энэ тухай “Best shoes” компанийн захирал Б.Түвдэнням “Би гутлын загвар, зохион бүтээгч мэргэжилтэй. Манай компани байгуулагдаад 21 жил болж байна. Социализмын үед үйл ажиллагаа явуулж байсан үйлдвэрийн суурин дээр боссон ганц үйлдвэр. Манай гутал үйлдвэрлэлийн салбарт тулгамдаж буй нэг л асуудал байна. Энэ нь боловсон хүчин. Манай үйлдвэрт 100 гаруй залуус ажилладаг. Гэхдээ эдгээр залуусын мөрөөдөл нь гадны улсад очиж ажиллах болчихсон. Ажилчдаа авч үлдэх гэж чадахаараа хичээж байна. Гадаадад ажиллаж байгаа юм шиг цалинжуулах гэж оролдож байна. Энэ залуус ажлаасаа гарахад үйлдвэр маань зогсох болно. Төр засгаас дотоодын үйлдвэрүүдийг дэмжээд өгвөл бид залуусаа гадаадад байгаа юм шиг цалинжуулах бүрэн боломж бий. Тухайлбал, дотоодын үйлдвэрүүдийг хамгаалах хууль эрх зүйн орчин дутмаг. Хөнгөлөлт урамшуулал, хамтын ажиллагаа байхгүй. Манайх дотоодын гутлын хэрэгцээний дөнгөж хоёр хувийг хангадаг. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад 10 хувийг хангах боломжтой” гэв.
Харин тус компанийн оёдолчин Д.Раднаасэд “Улс орны хөгжил үйлдвэрээс эхэлдэг. Улсынхаа хөгжилд багахан ч гэсэн хувь нэмэр оруулж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Мөн цалин боломжийн, өдрийн хоол, унааны мөнгө, фитнес заал, амралтын байр гээд бидэнд шаардлагатай бүх зүйлс үйлдвэрт минь бий” гэв.
Нэг ширхэг арьс боловсруулахад 80-250 литр ус зарцуулдаг байна. Хэрэглэсэн усаа тэд төв цэвэрлэх байгууламж руу шууд нийлүүлдэг ажээ. Энэ тухай Монголын арьс ширний холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “Үйлдвэрээс гарч байгаа бохир усыг механик, биологийн, химийн гэсэн гурван цэвэрлэгээгээр цэвэрлэдэг. Биологийн цэвэрлэгээ хийсэн тохиолдолд байгальд хаяж болдог. Харин манайд энэ цэвэрлэгээг хийх боломж байдаггүй учраас арьс ширний үйлдвэрүүд 65:61 стандартыг мөрдөж байгаа. Тодруулбал, арьс шир боловсруулах үйлдвэрүүд бохир усаа бага оврын цэвэрлэх байгууламжаар цэвэрлээд төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлдэг гэсэн үг. Уг нь арьс ширний үйлдвэрүүд хэрэглэсэн усаа урьдчилан цэвэрлэх байгууламж руу нийлүүлэх ёстой. Гэвч 2012 онд энэ стандартыг хүчингүй болгосон. Үүнээс үүдэж ашигласан усыг яах вэ гэдэг эрх зүйн орчин тодорхойгүй болсон. Гадны улсуудад арьс ширний үйлдвэрүүд нь нэгдлийн буюу дундаа нэг цэвэршүүлэх байгууламжтай байдаг” гэв.
Хөнгөн үйлдвэрлэлийн салбар нь олон дамжлагат үйл ажиллагаанд тулгуурладаг учир хамгийн олон ажлын байрыг бий болгодог онцлогтой. Үйлдвэрийг дагаж ажлын байр нэмэгдэх, эдийн засгийн өсөлт сайжрах зэрэг олон давуу тал бий. Бидний зочилсон үйлдвэрүүдэд Монгол-Солонгосын польтехникийн коллежийг төгссөн эсвэл төгсөх ангийн сурагчид сарын 2-3.5 сая төгрөгийн цалинтай ажиллаж байсан юм. Хэрэв үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажиллавал эдгээр залуусын цалин хоёр дахин нэмэгдэх боломжтой аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 96 (7081)