Ц.БАЯР
“Таны ирээдүйд татварын боловсрол” нээлттэй хаалганы өдөрлөг МҮХАҮТ-д өчигдөр боллоо. Засгийн газраас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэдэг. Энэ жил татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан татвар төлөгчдөдөө талархал илэрхийлэх, тэдний үүрэг, хандлага, төсвийн зарцуулалтад тавих оролцоог нэмэх, татварын боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Тогтвортой хөгжил татварын боловсролын академи” НҮТББ-аас санаачлан, ерөнхий зохион байгуулагчаар “ Монголтакс ТМЗ” ХХК, “Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим”, Татварын ерөнхий газар, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг хамтран зохион байгуулав.
Энэ үеэр татварын бодлого, шинэчлэлийн чиг хандлага, татвар төлөгчдийн төлөвшил, тогтвортой хөгжилд татварын боловсролын гүйцэтгэх үүрэг зэргийг танилцуулав. Татварын ерөнхий газрын дэд дарга А.Энхболд хэлэхдээ “Нийгмийн сайн сайхан, тогтвортой хөгжилд татварын систем, татварын алба том үүрэг гүйцэтгэдэг. Татвар төлж буй иргэн, аж ахуй нэгж бүр улс орныг бүтээх, хөгжиж дэвшихэд гар бие оролцдог. Татвар төлөгчдийн өдрүүдийг тохиолдуулан том, дунд, бага татвар төлөгч сегмент бүрээс шударга, сайн татвар төлөгч аж ахуй нэгж, иргэдийг шалгаруулдаг юм. Мөн энэ жилийг Татварын газар “Боловсролын жил” болгон зарласан тул ирээдүйн татвар төлөгч, хүүхэд багачуудын татварын тухай ойлголтыг тандах, мэдлэгийг нэмэх зорилгоор “Цахим татварын ач тус” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулж өнөөдөр шагнал гардуулна” гэв.
Мөн Татварын мэргэшсэн зөвлөх нийгэмлэгийн ерөнхийлөгч Г.Алтанзаяа “Бид 2021 онд “Төсвийн тогтвортой байдал, татварын боловсролын үүрэг” сэдэвтэй судалгаа хийсэн. Нийтийн татварын боловсролыг дээшлүүлэх шаардлагатай гэж судалгаанд оролцогчдын 75 хувь нь илэрхийлсэн. Иргэн бүр татвар төлөх тухай Үндсэн хуульд заасан. Иймд татвар иргэн бүрд хамааралтай. Хүн бүр татварын боловсролтой байх шаардлагатай. Та татварын боловсрол эзэмшсэнээр татварын эрсдэлээс өөрийгөө сэргийлнэ, хууль ёсны эрх ашгаа хамгаалж чадна. Бид тогтвортой хөгжилд тэмүүлж байна. Татварын боловсролтой, мэдлэгтэй, хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлдэг иргэдтэй улс орон тогтвортой хөгжинө” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 12. БААСАН ГАРАГ. № 95 (7080)