“Зууны мэдээ” сонин “Эмэгтэйчүүдийн манлайлал” булан нээж, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд нийтлэлийн бодлогоо тодорхойлон ажиллаж байна. Энэ удаа Багахангай дүүргийн иргэдийн төлөөлөгчийн нэг Ц.Цэцгээтэй ярилцлаа.

 

 -Танай дүүргийн хувьд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хэр байна вэ?

-Манай дүүргийн ИТХ-ын  эмэгтэйчүүдийн төлөөлөл 43.7 хувийг эзэлдэг.  Үүнээс харахад эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байна гэсэн үг.  Энэ нь манай дүүргийн удирдлагууд эмэгтэйчүүдийнхээ  шийдвэр, саналыг  сайн хүлээж авч, хэрэгжүүлэх тал дээр ажилладаг гэсэн үг. Тиймээс дүүргийн хэмжээнд  эмэгтэйчүүд нийгмийн түвшинд ажиллахад хүндрэл учирдаггүй. 

-Та төлөөлөгчөөр  хэдэн удаа  сонгогдон ажиллаж байна?

-Би 2000 онд анх дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хуралд сонгогдож, түүнээс хойш дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж байна.

-Эмэгтэйчүүдэд чиглэсэн ямар ажлууд хийв?

-Дүүргийн эмэгтэйчүүдийн төлөөлөл, удирдлагын түвшинд удирдах албан тушаалд томилогдох, дэмжих тал дээр саналаа хүргүүлдэг. Мөн дүүргийн хэмжээнд нийгмийн асуудалд анхаарч байна. Учир нь нийгмийн  асуудалд эмэгтэйчүүд санал тавихаар дэмжигдэх магадлал өндөр байдаг. Манай дүүргийн эмэгтэйчүүдийн холбоо, дүүргийн ИТХ дахь эмэгтэйчүүдийн зөвлөл сайн ажиллаж байгаа.  Саяхан дүүргийн ИТХ дахь  эмэгтэйчүүдийн зөвлөл, Гэр бүл залуучуудын  хөгжлийн хэлтэстэй  хамтран дүүргийн  удирдагч  түвшний эмэгтэйчүүдтэй уулзалт  хийсэн. Эмэгтэйчүүд гүйцэтгэх түвшинд, эрэгтэйчүүд удирдах түвшинд илүү чадвартай ажилладаг. Харин манай дүүргийн хувьд эмэгтэйчүүд удирдах түвшинд орж ажиллаж буй нь давуу талтай. Эмэгтэйчүүдийн  хувьд нийгмийг илүү сайн мэдэрч чаддаг гэж хардаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 94 (7079)