З.БАТЦЭЦЭГ

Өнгөрсөн хугацаанд тохиолдсон асуудлууд БНСУ, Японы харилцааны хөгжлийг зогсоох ёсгүй. Энэ тухай ням гарагт БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол Японы Ерөнхий сайд Фумио Кишидатай Сөүл хотноо хийж буй хэлэлцээний эхэнд мэдэгдэв.

"Өнгөрсөн асуудлаа шийдэхээс нааш хоёр улс ирээдүйн хамтын ажиллагааны төлөө нэг ч алхам хийх боломжгүй гэсэн ойлголтоос салах ёстой гэж би бодож байна" гэж ерөнхийлөгч хэлэв. Тэрээр өндөр түвшний солилцоо сэргэж байгааг сайшаан, Японы Ерөнхий сайд сүүлийн 12 жилийн дараа анх удаа Сөүлд албан ёсны айлчлал хийлээ.

Хоёр сарын дараа хоёр дахь удаагаа дээд хэмжээний уулзалт зохион байгуулж байгаа нь харилцаа "асар их сайжирч" байгааг харуулж байна гэж Юн Сок Ёол онцолжээ. Тэрээр хоёр улсын харилцаанд "өнгөрсөн үеийнхээс ч илүү эерэг цаг" бий болгохыг хүсч байгаагаа нэмж хэлэв. Хоёр орны харилцаанд өгсөн эрч хүч цаашид ч үргэлжлэн хөгжинө гэдэгт найдаж байгаагаа Өмнөд Солонгосын удирдагч илэрхийлэв.

"Дэлхийн өнөөгийн хүнд хэцүү нөхцөл байдал, ээдрээтэй хямралын нөхцөлд БНСУ, Японы сайн хөршийн хамтын ажиллагаа нь хоёр орны ашиг сонирхолд нийцэх төдийгүй, олон улсын энх тайван, хөгжил цэцэглэлтэд нийцнэ" гэж Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.

Японы Ерөнхий сайд хариуд нь найрсаг үг хэлсэнд нь талархал илэрхийлээд хоёр орны харилцаа, олон улсын мөрийн хөтөлбөрийн өргөн хүрээний асуудлаар санал солилцох хүсэлтэй байгаагаа онцлон тэмдэглэв. "Хирошимад удахгүй болох "Их 7"-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд би Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн байдал, тэр дундаа Хойд Солонгосын эргэн тойрон дахь нөхцөл байдал, олон улсын асуудлаарх хамтын ажиллагааны талаар ярилцахыг хүсч байна" гэж Ф.Кишида хэлэв.

Эх сурвалж: www.polit.mn