Т.САЙХАН

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан шалгагдаж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг өнгөрсөн баасан гарагт /2023.05.05/ батлан даалтаар сулласан. Гэвч Б.Ганхуягийг сулласан шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, гомдол гаргасныг шүүх өнгөрсөн даваа гарагт хэлэлцэж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, түүнийг үргэлжлүүлэн цагдан хорихоор шийдвэрлэсэн.

Тэгвэл АТГ-аас Б.Ганхуягийн хэргийг шалгаж дуусчээ. Улмаар шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Хэргийг сануулахад, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Б.Нарантуяа болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн С.Энхтүвшин, С.Энхтөр, Д нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татагдсан байдаг юм.

Эх сурвалж:www.polit.mn