Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Энэ хэцүү нийгэмд залуусын сэтгэлд итгэлийн гал асаадаг нэг зүйл нь Солонгосын виз болжээ. Манай улсад Солонгосын визний хүсэлт авдаг 12 газар байдаг. Үүний дөрвөөр нь ороход хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Виз мэдүүлж байгаа иргэдийн яриаг сонсвол “Цалин бага байна. Амьдрал улам доройтож байна. Үнийн өсөлтийг дийлэхгүй байна. Виз гарчихвал амьдралаа дээш татах минь” гэх зэргээр ярьцгааж байв.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн сар бүр нэгээс дээш хувиар өсөж байгааг Үндэсний статистикийн газраас мэдээлсэн. Хүн авч буй цалингийнхаа 45-аас дээш хувийг хүнсэндээ зарцуулвал тэр айлын амьдрал доройтож буйг илтгэдэг гэж үздэг. Монгол Улсын иргэдийн дундаж цалин 1750 мянган төгрөг гэж статистикийн нэгдсэн санд байршуулжээ. Гэвч бодит байдал дээр дээрх хэмжээний цалин авдаг нь цөөхөн. Харин 800-1.0  сая төгрөгийн цалин авдаг хэсэг нь олон. Нэг сая төгрөгийн цалинтай иргэн сард 500 мянган төгрөгийг хүнсэндээ зарцуулж, үлдсэн хэдээ аппликейшн зээл, лизингд өгдөг. Ингээд дараагийн цалингаа буух хүртэл дахиад зээл хийж өдөр хоногийг өнгөрөөдөг. Энэ бол өнөөгийн нийгмийн нийтлэг дүр төрх.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт энхийн цагт эх орноосоо дүрвэх шалтгаан нь болж байна гэхэд нэг их  хатуудахгүй болов уу. Энгийн хэрэгцээнээсээ илүү гарч чадахгүй залуус Солонгосын визэнд дугаарлаж байна. Тодруулбал, визний хүсэлт авдаг газруудын цаг ирэх есдүгээр сар хүртэл дууссан байлаа.

Визний цаг авахаар дугаарлаж буй энэ эмэгтэйг Г.Халиун гэдэг. Нөхөр, хоёр хүүхдийн ийн хамт амьдардаг. Тэрбээр хятад хэлний орчуулагч, хүний нөөцийн мэргэжилтэй. Түүний нөхөр хувийн компанид орчуулагч хийдэг.  Г.Халиун сургуулиа төгссөнөөсөө хойш гурван газар ажиллажээ. Цалин, мөнгө нь амьдралд нь хүрэлцэхгүй өрнөөс өрний хооронд амьдарч байгаа учраас ийнхүү визний цаг авахаар дугаарлаж байгаа нь энэ. Энэ тухайгаа “Монголд сайхан амьдрах боломж алга. Би мэргэжлээрээ ажиллаад гар дээрээ нэг сая төгрөгийн цалин авдаг. Нөхөр маань 1.8 сая төгрөгийн цалинтай. Бидний сарын дундаж орлого 2.8 сая. Үүнээсээ бид байрны зээлд 900 мянга, хоёр хүүхдийн эм тарианд 400 мянга, гар утас, тог ус, кабельд 200 мянга хүнсэндээ сард 700 орчим мянган төгрөг буюу сард нийт 2.2 сая төгрөгийг хэрэглээндээ зарцуулж байна. Хоёулаа ажиллаад ч энгийн хэрэгцээгээ хангаж чадахгүй байна. Одоо манайх таван аппликейшнд зээлтэй. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амьдарсаар туйлдаж байна. Тиймээс Солонгос явж ажил хийхээр визний цаг авч байна. Гэтэл визний цаг нь ирэх есдүгээр сарын 3-ны өдрийнх л байна. Хүүхдэдээ хүссэн тоглоом, хувцас, цүнхийг нь авч өгөхийг хүсэж байна” гэсэн юм. Энэ монголын залуу гэр бүлүүдийн нийтлэг төрх. Тэгвэл өргөн хэрэглээний барааны үнэ сүүлийн таван жилд өсжээ.

Тухайлбал, Сүүлийн таван жилд наран цэцгийн тос 200 хувиар өссөн. Харин сүү 71 хувиар, гурил 89 хувиар, талх 100 хувиар  хувиар өсжээ. Энэ тухай Үндэсний статистикийн газрын дарга Б.Батдаваа “Сар бүр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэг хувиар өсөж байна. Сүүлийн сар хагаст махны үнэ 15 хувиар өссөн” гэв.  Харин Баянзүрх захын гурилын худалдаачин О.Оюунномин “Сар бүр гурилын үнэ нэмэгддэг. Нэг өдөр ирэхдээ л үнэ нь нэмэгдээд ирдэг. Борлуулж буй бид нар 100-200 төгрөг л нэмдэг. Харин иргэд биднийг дураараа нэмсэн гэж боддог. Гэвч гурил үйлдвэрлэгч компаниуд нь үнээ нэмдэг” гэв. Харин түүнээс гурил худалдан авч буй ахмад настан С.Лхагва “Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Би сард 620 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Гэвч мах, гурил будаа аваад л дуусдаг боллоо. Эм тариандаа ч хүрэхээ байлаа. Үнийн өсөлт ахмадууд бидэнд хамгийн ихээр нөлөөлж байна. Тэтгэврийн мөнгө маань хаанаа нь ч хүрэхгүй байна” гэв.

Харин төрөөс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудыг 2027 он хүртэл зарим татвараас нь чөлөөлжээ. Үүнд мах, гурил, нефт болон сүү үйлдвэрлэгч компаниуд багтсан. Тодруулбал, Алтан тариа ХХК, Өгөөж чихэр боов ХХК, Сүү ХК-ийн, Талх чихэр ХК болон махны компаниуд багтаж байгаа юм. Дээрх компаниудыг төрөөс хуулийн бодлогоор дэмжсэн ч бараа бүтээгдэхүүнийх нь үнэ өссөөр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 93 (7078)