Сонгинохайрхан дүүрэг, Зүүнсалаанд байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 151 дүгээр лаборатори сургууль Улаанбаатар хот дахь олон улсын кэмбриджийн хөтөлбөртэй дөрөв дэх улсын сургууль боллоо.

УИХ-ын гишүүн Э.Батшугар, Н.Учрал нар нь Кэмбриджийн хөтөлбөрийн эрх олгодог Англи улс дахь “Cambridge Assessment international Education” байгууллагатай хамтран ажиллах санаачлагыг 2020 оны наймдугаар сараас хойш хөөцөлдөж амжилттай холбоо тогтоож хөтөлбөр авах үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Улмаар өнгөрсөн оны наймдугаар сараас  хоёр гишүүний 100 хувийн санхүүжилт, дэмжлэгээр багш нарыг чадавхжуулах шат шатны сургалтад  тус сургуулийн багш нар хамрагджээ.

Сургалтад хамрагдсан багш нар олон улсын хөтөлбөрийн эрхийн төлөөх шалгалтаа амжилттай өгснөөр тус сургууль нь  2023 оны гуравдугаар сарын 22-нд бага, дунд ангийн кэмбриджийн хөтөлбөрийн эрхээ албан ёсоор хүлээн авсан байна. Ингэснээр Нийслэлийн ерөнхий боловсролын 151 дүгээр лаборатори сургууль нь  1-9 дүгээр ангид кэмбриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхтэй болж байна. Өнөөдрийн байдлаар тавдугаар ангиуддаа туршилтын хичээлүүдийг эхлүүлсэн бөгөөд ирэх жилээс зургадугаар ангиас эхлэн “Шинэ эрин”, “Шинэ эхлэл” сургуулиудтай адил албан ёсоор кэмбриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 93 (7078)