Б.НАНДИН

 

Зүүн өмнөд Азийн зарим орнуудад өнгөрсөн амралтын өдрүүдэд түүхэнд байгаагүй хэт халалт боллоо. Вьетнам, Лаос, Тайланд зэрэг улс орнуудад халалт эрчтэй нэмэгдсэн байна. Тухайлбал, Вьетнамын хойд хэсгийн Туон Дуонг дүүрэгт өнгөрсөн бямба гаригт +44 хэмд хүрсэн бөгөөд энэ нь тус улсын түүхэн дэх хамгийн халуун тохиолдол болж байна.

Цаг уурчдын мэдээлснээр энэхүү хэт халалт ойрын өдрүүдэд ч үргэлжлэх төлөвтэй байна. Харин хөрш Лаос улсын Луан Прабанг хотод агаарын хэм +43,5  хэмд хүрсэн нь мөн л түүхэн дээд түвшинд хүрчээ. Тайландын нийслэл Бангкокт энэ өдрүүдэд хамгийн халуун хэм +41 байжээ. Тус улсын хувьд өнгөрсөн гуравдугаар сараас хойш халж байгаа бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард 45 хэмд хүрсэн тохиолдол бүртгэгдсэнийг тус улсын цаг агаарын албанаас мэдээлж байсан юм.

Ойрын өдрүүдэд болсон халалт гамшгийн хэмжээнд хүрсэн хэмээн Тайландын цаг уурчид үзэж байгаа бөгөөд цаашид +51 хэмд ч хүрч болзошгүй тухай анхааруулжээ.

Дөрөв, тавдугаар сар нь энэхүү бүс нутгийн хувьд хамгийн халуун улирал бөгөөд үүн дээр дэлхийн дулаарлаас шалтгаалсан халалт эрчимтэй нөлөөлснөөр цаг агаарын таагүй байдал үүсгээд байгаа юм.

Харвардын их сургуулийн судалгааны багийн ахлагч профессор Люзас Варгас “Өнгөрсөн хугацаанд дэлхий нийтэд амь насанд аюултай хэмжээнд хүрсэн хэт халалт цөөнгүй тохиолдож байсан. Энэ байдлаараа ирээдүйд хэт халалт улам санаа зовоосон асуудал болох нь гарцаагүй юм” хэмээн мэдэгджээ.

Ийнхүү дэлхийн дулаарал явагдаж уур амьсгал өөрчлөгдөж байгаагийн хамгийн гол шалтгааныг хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үздэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 92 (7077)