Я.ЭНХТУЯА

 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас санаачилсан “SEED EXPO week-2023” үзэсгэлэн яармаг өнгөрсөн долоо хоногийн турш үргэлжлэв. Энэхүү үзэсгэлэн Монголдоо нээгдээд нэг жил болж буй Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвд анх удаа боллоо. Үзэсгэлэн яармагт Улаанбаатар хот, аймаг орон нутгаас ойн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг олон байгууллага, хувь хүмүүс оролцож, үр солилцох, ургамал, цэцэг, моддын үр үрслэгээний худалдаа төдийгүй Эрдэнэт хотын иргэдийн хаврын, хайрын, навчны, нахианы баяр болон өргөн хэмжээнд өрнөсөн юм. Үзэсгэлэн яармаг долоо хоногийн турш оролцогч, үйлчлүүлэгчдээр дүүрэн байлаа. Яармагийн зургаа дахь өдрийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх тэргүүтэй Эрдэнэт хотод болсон Хангайн бүсийн зургаан аймгийн “Хариуцлагатай уул уурхай” чуулганы төлөөлөгчид хүрэлцэн ирж, Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийн үйл ажиллагаатай танилцан, үзэсгэлэнд оролцож, сонирхсон юм. Түүнчлэн, Орхон аймгийн багуудыг төлөөлсөн эмэгтэйчүүд, Эрдэнэт үйлдвэрийн манлайлагч эмэгтэйчүүд, эмэгтэй удирдлагууд, Эрдэнэт үйлдвэрийн Аж ахуй, үйлчилгээний цехийнхэн гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн Орхон, Мааньтын салбарын ажилтны төлөөлөл, “Энэрэл” хүүхдийн төвийн багачууд болон үзэсгэлэн яармагийг зорьсон олон зуун зочид хүрэлцэн ирлээ.

Энэ өдрийн үйл ажиллагааг нээж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа хэлсэн үгэндээ, “Өнөөдөр ойжуулах нь зөвхөн байгаль орчны асуудал биш болжээ. Дэлхий дахинд хүлэмжийн хийг бууруулах асуудлыг эдийн засгийн агуулгаар нь шийдэх хэрэгтэй гэж үзэж байна. Бидний ургуулж буй сая сая мод хэдхэн жилийн дараа хөрөнгө оруулалтаа хэд дахин нугалж олох үр ашиг авчрах юм. Тиймээс “ногоон алт”-аа хэрхэн ногоон эдийн засаг болгох вэ гэдэг асуудал чухлаар тавигдаж байгаа. Эрдэнэт үйлдвэр цаашдаа 70 орчим жил ажиллах нөөцөө бүрдүүлсэн. Энэ хугацаандаа дэргэдээ ногоон уурхайг бий болгосноор дэлхий дахины технологи дээр суурилсан мөнгөний урсгалыг Монгол Улс руу татах боломж бий” гэж онцолсон юм. Тэрбээр Орхон аймгийн багуудаас уригдан ирсэн эмэгтэйчүүдэд хандаж, Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх ногоон төслийг дагаж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх боломж бий. Та бүхэн хамтраад мод ургамлын үрийн уут, мөчрийн бортого үйлдвэрлэж, ногоон алт бий болгох үйлсэд хувь нэмрээ оруулаарай гэж уриалсан юм. 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд Үндэсний манлай үйлдвэрүүд түүчээлэн оролцож байгаагийн тод жишээ бол Монгол Улсын баатар Эрдэнэт үйлдвэр юм. Эрдэнэт үйлдвэр шинжлэх ухаан, инноваци нэвтрүүлсэн томоохон бүтээн байгуулалтууд эхлүүлсэн. Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв ашиглалтад орлоо. Хөрсний төв, Мод үрслэгээний автомат газар удахгүй ашиглалтад орж, байгаль орчинд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, Орхон аймагт аялал жуулчлал хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өрнөж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Эрдэнэт үйлдвэр манлайлан оролцож, 100 сая мод тарих амлалт авсан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд шинжлэх ухаан, инноваци шингээсэн бүтээн байгуулалт хийж байгаа тухай Ногоон хөгжил төслийн нэгжийн дарга, доктор Я.Ариунзул ярилаа. Мод тарихад нэн шаардлагатай үр, хөрс, үрсэлгээг бий болгохын тулд Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн оны 6-р сарын 22-нд Ойн генетик нөөцийн төв байгуулсан. Ирэх сард Хөрсний төв ашиглалтад орно. 2024 онд 100 га талбайг хамарсан Мод үржүүлгийн автомат газрыг бий болгох том зорилттой ажиллаж буй аж. 2022 онд Улсын хэмжээнд 230 –аадхан кг үрийн нөөцтэй байсан бол Эрдэнэт үйлдвэрийн Ойн генетикийн төв жилийн хугацаанд 1,3 тонн үр нөөцөлсөн байна.

“SEED EXPO week-2023” “Энэрэл” төвийн авьяаслаг хүүхдүүд, Чөлөөт бөхийн олон Улсын хэмжээний мастер, Улсын начин Ө.Батзул ахынхаа хамт дуулж бүжиглэсэн нь олны анхаарлыг ихээхэн татав. Түүнчлэн, Аж ахуй, үйлчилгээний цехийнхэн өөрсдийн бэлтгэсэн өглөөний цай, амттанаараа “Энэрэл” төвийн багачуудыг дайлж, “Шидэт хайрцаг”-наас гоёмсог бэлэг өгч, тэднийг баясгав. Мөн Эрдэнэт үйлдвэрийн эмэгтэй удирдагчид Аж ахуй, үйлчилгээний цехэд шинээр ажилд орсон 12 ажилтандаа баяр хүргэж, Эрдэнэт үйлдвэрийн шинэ ажилтны бэлгийн багц гардуулсан юм.

 Үзэсгэлэн худалдаанд ирсэн хүмүүсийн сонирхлыг шүүст ургамлууд буюу бидний нэрлэж заншсанаар бадамлянхуа цэцэг, бяцхан ойн шугуй мэт бичил орчны ургамлан зохиомжууд ихээхэн татаж байв. Жилд сөөм төдий ургадаг үзэсгэлэнт цэнхэр гацуурын суулгац, төрөл бүрийн модны үр үрсэлгээ, тасалгааны тансаг гоёхон цэцэгсийг худалдан авч байв.

УИХ-ын гишүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд маш олон ажил зохион байгуулж байна. Түүний нэг нь Эрдэнэт үйлдвэрийнхний бий болгосон Ойн генетик нөөцийн төв. Нэг жилийн дотор энэ төв ямар их хэмжээний үр нөөцөлж вэ гэдгийг бид сонслоо. Өнөөдөр үр, үрслэгээний үзэсгэлэн зохион байгуулж, иргэдэд үрээр мод тарьж ургуулахын ач холбогдлыг таниулж, үр солилцох, худалдаж авах боломж олгож байгаа Эрдэнэт үйлдвэрийн хамт олонд талархаж байна. Модыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ургуулах ёстойг энд харуулж, таниулж байна. Эрдэнэт үйлдвэрийн Ногоон хөгжил төслийн нэгжийнхэн мод ургахад амаргүй говийн бүсэд 30 сая мод тарих ажлыг баталгаажуулсан. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын хувьд энэ асуудалд анхаарлаа хандуулж, хамтран ажиллаж байна. Говьд мод тарих ажил энэ хавраас эхэлнэ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг түүчээлэгч Эрдэнэт үйлдвэрийнхэндээ дахин талархлаа илэрхийлье.

Чөлөөт бөхийн олон Улсын хэмжээний мастер, Монгол Улсын начин Ө.Батзул:

Ногоон байгууламжийг бий болгох зорилгоор Монголдоо анхны томоохон бүтээн байгуулалт төрөлх хотод минь бий болж байгаад их баяртай байна. Гадаадад, ялангуяа Норвеги, Швейцар зэрэг оронд тэмцээн, уралдаанд явж байхдаа гадна талбай, ногоон байгууламжийг хараад яг л байгалийн уран зураг үзэж байгаа мэт гайхалтай сэтгэгдэл төрдөг. Монгол минь хэзээ нэгэн цагт ийм болох байх гэж мөрөөддөг. Өнөөдөр Ойн генетик нөөцийн төвтэй танилцаад, удахгүй хийх бүтээн байгуулалтын тухай сонсоод, гаднын орон шиг гоё ногоон байгууламжтай болох ирээдүйтэй санагдаж байна. Их баяртай байна. Би хүүхэд байхаасаа л ногоо тарьж ургуулах, аж ахуйн ажилд сонирхолтой байлаа. Хүн бүр ажил хөдөлмөрт дурлаж хийвэл амьдралаа авч явахад, ахуй орчноо сайжруулахад дэмтэй. Хүн бүр ногоон байгууламж бий болгохоор зорьж, бий болгосноо хайрлаж, ургуулаарай гэж хүсье.

“Дархан ган жигүүр” компанийн ойжуулагч Ж.Чимгээ:

Манайх мод үржүүлэг, нөхөн сэргээлт ойн мэргэжлийн компани. Энэхүү яармаг худалдаанд нарс, шинэс, жодоо, гацуур, хуш зэрэг шилмүүст мод, бас навчит болон жимсний мод, голт бор, агч, хөх далан хальс, нохойн хошуу, өрөл, мойл зэргийг авчирч худалдааллаа. Мөн хүмүүст эдгээр модны ач холбогдол, тарих аргыг зааж, зөвлөлөө. Ялангуяа шилмүүст мод хүчилтөрөгч үйлдвэрлэдгээрээ бусдаас давуу, хүний эрүүл мэндэд ихээхэн ач холбогдолтой, үүнийг тариалаарай гэж уриалсан. Манай Эрдэнэтийнхэн худалдан авалт их хийж байна. Одоо мод тарихын ач тусыг их мэддэг, энэ талын хандлага ойлголт жилээс жилд сайжирч байгаад мэргэжлийн хүний хувьд сэтгэгдэл их өндөр байна. Энэ сайхан үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж буй Эрдэнэт үйлдвэрийнхэндээ баярлалаа.

“SEED EXPO week-2023” үзэсгэлэн яармагийг анх удаа зохион байгуулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ногоон хөгжил төслийн нэгжийнхэн хайлаас, шар хуайс, бургас, улиас, интоор, үхрийн нүд, шилмүүст мод гэхчлэн өдөрт нэг төрлийн модыг сурталчилж, ач холбогдлыг нь тайлбарлан таниулсан. Үзэсгэлэнгийн үеэр үрээр мод тарих, мөчир бортоголох үзүүлэх сургалт хийсэн нь туршлага судлахаар ирсэн хүмүүст ихээхэн сонирхолтой байлаа. Түүнчлэн үзэсгэлэн яармагийг зорьж ирсэн хүмүүст худалдаа арилжаа хийх, шинэ мэдлэг, мэдээлэл олж авах боломж олгохын зэрэгцээ бяцхан үрс ээж аавтайгаа хөтлөлцөн, тоглож наадан, урлагийн тоглолт үзэж, чөлөөт цагаа үр дүнтэй, сонирхолтой өнгөрүүлэх нөхцөлийг энд бүрдүүлсэн нь олны талархлыг хүлээсэн юм. Ийнхүү Эрдэнэт хотынхон долоо хоногийн турш “SEED EXPO week-2023” үзэсгэлэн яармагаар амьсгаллаа.

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 92 (7077)