Ц.МЯГМАРБАЯР

 

Энэ жил татвар төлөгчдийн өдрийг тавдугаар сарын 8-10-ны хооронд "Цахимаар үйлчлүүлье" уриан дор тэмдэглэж байна. 2019 онд Татварын шинэ багц хууль батлагдсан. Шинэ  хуулийн хүрээнд Татварын ерөнхий газар дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Шинэчлэлийн гол зорилго татвар төлөгчдийг ялгаатай, тохирсон үйлчилгээ рүү чиглүүлэхэд анхаарч ажиллах нь чухал гэж үзэж дөрвөн сегментэд хувааж үйл ажиллагаагаа явуулсан байна. Өөрөөр хэлбэл, том татвар төлөгчдийн ангилалд  “Эрдэнэс тавантолгой”, “Оюу толгой”, “Эрдэнэт үйлдвэр” гэх мэт компаниуд багтдаг бол 3-6 тэрбум төгрөгийн  борлуулалтын орлоготойг нь дунд татвар төлөгч гэж үзэж байна. Харин 50 саяаас гурван тэрбум төгрөг хүртэлх  борлуулалтын орлоготойг жижиг татвар төлөгч  үүнээс бага буюу 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготойг бичил татвар төлөгч гэсэн сегментэд тус тус хуваадаг байна.

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал хэлэхдээ “Том татвар төлөгчдөд тавьдаг шаардлагыг  цайны газар ажлуулдаг татвар төлөгчдөд тавих нь  буруу. Тэдэнд энгийн, илүү хялбар ойлгомжтой татварын бодлого хэрэгжүүлэх, туслах байдлаар ажиллах нь зүйтэй.  Харин 50-100 хүнтэй санхүүгийн хэлтэстэй том татвар төлөгч компаниудад тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”-т тавьдаг шаардлагыг  жижиг аж ахуйн нэгжүүдэд тавьж  адилтгаж үзэх нь буруу гэсэн шинэ хуулийн үзэл санааг хэрэгжүүлж ажилласан нь үр дүнгээ өгч татварын орлого өссөн” хэмээсэн юм. Түүнчлэн  шинэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд  татварын байгууллагаас бүрэн шинэчлэл хийхийг шаардсан. Тиймээс бүрэн шинэчлэл хийж ажилласан тухайгаа Б.Заяабал дарга энэ үеэр тодотгосон. Татварын байгууллага татвар төлөгчтэй нийт  92 чиг үүргийн хүрээнд харилцдаг байна. Эдгээр үйл ажиллагааг бүртгэл, тайлагнал, төлөлт, хяналт шинжилгээ эрсдэл гэсэн дөрвөн үйл ажиллагаанд хувааж харилцааг үүсгэснээр 100 хувь цахимжсан байна. Ингэснээр татвар төлөгч татварын албанд ирэхгүйгээр зайнаас бүрэн ажиллах боломжийг бүрдүүлээд байгаа гэлээ. Мөн дотоод үйл ажилагаагаа  бүрэн цахимжуулснаар хэн гэдэг байцаагч, хэн гэдэг татвар төлөгчтэй хэрхэн харилцсан ямар арга зүйн зөвлөгөө тусалцааг үзүүлсэн бэ гэдэг харилцаа нь  бүрэн хяналтад байдаг  системд шилжсэн гэдгийг онцолж байна. Энэ хүрээнд “Татварт таньдаг хүн хайгаад хэрэггүй” гэдэг хэлц үг ч гарчээ. Өөрөөр хэлбэл, бүрэн цахимжсанаар санхүүгийн тайлан гаргахын тулд татварын газарт ажилладаг танил тал, хамаатан садан, найз нөхдөө эрж хайдаг байсан явдалд  цэг тавьжээ.

 

2022 оны шилдэг татвар төлөгчдөө зарлалаа

 

2022 оны шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжүүдээ дээрх дөрвөн сигментийн хүрээнд өчигдөр тодруулсан юм. Том татвар төлөгчдөөс хамгийн өндөр татвар төлөгч байгууллагаар “Эрдэнэт ТӨҮГ”,”Эрдэнэс тавантолгой”,” Оюу толгой”, “Энержи рессурс”, “Тавантолгой”, “АПУ”, “Хаан банк”, “Голомт банк”, “Си Өү Эй Эл”,”Цайртминерал” тодорч нийт 98.6 тэрбум төгрөгөөс нэг их наяд 216.2 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Өнгөрөгч жилүүдэд улсад төлсөн татварын дүнгээр нь ТОП 100 аж ахуйн нэгжийг эрэмбэлдэг байсан бол энэ жил олон улсын “Business score” буюу хууль даган мөрдөлтийн үнэлгээг шалгуур  болгожээ.  Уг үнэлгээ нь “А, B, C, D” гэсэн эрэмбэтэй, нийт 100 онооноос тусгай шалгуурын дагуу харгалзах оноог хасах, зарим онцгой тохиолдолд шууд үнэлгээ өгөх аргыг хослуулан тооцжээ. Өнгөрөгч онд “A” үнэлгээгээр нийт 917 аж ахуйн нэгж жагсаалтыг тэргүүлжээ. Бүр тодруулбал, “Business score” үнэлгээ гэдэг нь тайлангаа хугацаанд нь үнэн зөв ямар ч засваргүй, эргэж буцах байдлаар татварын албанд нэмэлт ачаалал  өгдөггүй, түүнчлэн ноогдол ашгаа зөв тооцдог, татвараа цагт нь төлдөг  байгууллагад “А” үнэлгээг өгдөг. Харин тайлангаа үнэн зөв өгчихөөд татвараа цагт нь төлдөггүй бол “В” үнэлгээ рүү орох жишээтэй. Тайлангаа хугацаандаа өгдөггүй, дахин засварладаг газрууд захиргааны зардлыг байнга өсгөдөг учраас ийм үнэлгээг өгөх нь шударга гэж үзсэн. Ингэснээр компаниуд нэг ёсондоо саарал жагсаалт буюу зээлжих зэрэглэлд орж цаашид бизнесээ ямар нэг асуудалгүй  явуулахад нь  нөлөөлөх нөхцөл болох ажээ.  Энэ үеэр “Өндөр татвар төлж буй байгууллагыг зарим төрлийн татвараас чөлөөлөх, хөнгөлөлт эдлүүлэх тухай хууль өргөн барина. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд, ямар төрлийн татвар төлөх шаардлагатай тухай сургалт мэдээлэл олгож, сайн татвар төлөгчийн тоог нэмэхэд анхаарч ажиллана” гэдгийг Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабат хэлэв.

 

2023 он Татварын алба хиймэл оюун ухаанд суурилсан  цахим системд шилжинэ

 

Шинэчлэл хийгээд дуусаагүй дараагийн шат руугаа орох шаардлага  үүсээд байгааг энэ үеэр онцолж байв. Тухайлбал, өмнө нь татвар төлөгчдөд  таван жил тутамд эрсдэлийн үнэлгээ хийдэг бол шинэ хуулиар эрсдэл үүссэн татвар төлөгчдөд эрсдэлийн үнэлгээг дор бүр нь хийгээд явах хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх аж. Эрсдэл үүссэн гэдэг нь татвараас зайлсхийсэн, ирүүлсэн тайлан нь татварын албанд байгаа мэдээллээс зөрсөн буюу худал тайлан ирүүлсэн гэдгийг систем өөрөө илрүүлдэг болсон байна. Түүнчлэн тухайн байгууллагын эрсдэлт шинж нь  өмнөх хуулиар нууцын ангилалд байсан бол шинэ хуулиар эрсдэл өндөр үзүүлэлттэй аж ахуйн нэгж нь Татварын ерөнхий газрын бааз, систем рүү нэвтрэхэд  өөрт нь харагддаг болж байгаагаараа давуу болжээ. Ингэснээр тухайн татвар төлөгч өөрийгөө эрсдэлт ангилалд байгааг мэдэж татварын байгууллагаас шалгуулах нөхцөл үүссэнг мэдэх боломжтой болжээ. Түүнчлэн татвар төлөгч  татварын эрсдэл өндөр үзүүлэлтэд байгаа тохиолдолд алдаагаа засах, сайжруулах, боломж бас байгааг энэ систем бүрдүүлжээ.

Дараагийн нэг хэрэгжүүлэх ажил нь хиймэл оюун ухааныг татвар төлөгчийн  системд суурилуулахаар зэхэж байгаа аж. Энэ нь татвар төлөгч тайлангаа өгсөний дараа үнэн зөв эсэхийг нягтлах систем гэнэ. Өөрөөр хэлбэл, тухайн татвар төлөгч тайлангаа үнэн зөв өгсөн эсэхийг урьдчилж мэдээлэх, тайлангаа өгөхийг сануулах зэргээр ажиллах аж.

 

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 92 (7077)