Б.ЖАВХЛАН
Түүнийг А.Гансүх гэдэг. “Монгол Нью пластик” компанийн захирал. Тус компани пластик материалаар шанага, хувцасны өлгүүр, нэг удаагийн халбага сэрээ зэргийг үйлдвэрлэдэг. 20 гаруй ажилтантай. Гэвч сүүлийн жилүүдэд ажилчдынх нь бүтээмж муудах, хоорондын таарамжгүй харилцааны асуудал түүнд тулгарах болжээ. Тиймээс А.Гансүх одоогоос долоон сарын өмнө Европын холбооны санхүүжилттэйгээр НҮБ-аас хэрэгжүүлж буй “Дэм” хөтөлбөрт хамрагдаж дээрх асуудлуудаа шийдвэрлэж чаджээ. Энэ тухайгаа тэрбээр “Энэ хөтөлбөрт хамрагдсанаар ажлын байрны эмх цэгцийг бий болгож бүтээмжтэй ажиллах нөхцлийг бүрдүүлсэн. Хаягжуулалт хийж, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байрыг бий болгож байна. Эдгээр нь хувь хүний ажлыг маш их хөнгөвчилдгийг ойлгосон. Мөн цахилгаан хэрэгсэлтэй болгоомжтой ажиллах, эмх цэгцтэй байж сурах нь аюулгүй ажиллагаа бөгөөд өөрийн амь нас болон бусдын амь насыг хамгаална гэдгийг ойлгосон. Үр дүнд нь ажилчид маань өөрсдөө санаачилга гаргадаг болсон. Тодруулбал, хураалттай байгаа бүтээгдэхүүнүүдийн цаана нь гурван сарын турш хадгалагдсан бараануудыг авч худалдаалъя. Ингэхгүй бол гологдол бүтээгдэхүүн болох гээд байна. Бүтээгдэхүүнээ үйлдвэрлэчихээд гологдол болгож болохгүй биз дээ" зэргээр өөрсдөө санаачилж маш олон эерэг өөрчлөлтүүд гарсан” гэв.
Тогтвортой хөгжлийн наймдугаар зорилт болох “Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжих” нь зорилго руу бизнес эрхлэгчдийг хөтөлж буй “ДЭМ” хөтөлбөрийн тухай сонирхуулъя. Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-аас “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлтийг дэмжих нь” төслийн хүрээнд ДЭМ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, ажлын байр бүр зохистой байх ёстой. Зохистой ажлын байранд ажилтан, ажил олгогчийн эрх үүргээ ухамсарласан харилцаа, хандлагаар урлагдсан хамтын ажиллагаа бий болно. Зохистой ажлын байранд эдийн засгийн өсөлтийг дэмжих, бүтээмжийн өсөлтийг бий болгодог байна.
Энэ тухай Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ын тэргүүн, “ДЭМ” хөтөлбөрийн удирдагч, чиглүүлэгч О.Туяа “Зохистой хөдөлмөр эрхлэлтийг бий болгосноор хөдөлмөр болон эдийн засгийн өсөлтийг бий болгодог. Эх дэлхий хийгээд Монгол тогтвортой байдлын төлөө, хөгжлөөс хэнийг ч үл орхигдуулан, инноваци дээр түшиглэсэн зохистой хөдөлмөр эрхлэлтээр эдийн засгийн өсөлтийг бий болгохоор ажиллаж байна. Дэлхий дахины өмнө тавьсан Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлэх арга хэрэгсэл болсон зохистой хөдөлмөр эрхлэлтийн мэдлэг ойлголтоор туршлага, туршилтын хөтөлбөрийг гаргаж ирэхээр зорьсон” гэв.
Хөтөлбөрт хамрагдсан байгууллагуудад эерэг олон өөрчлөлтүүд гарчээ. Тодруулбал, нэг удаагийн гялгар уутан улавч хэрэглэдэг байсан Мандалговь эмнэлэг даавуун улавч хэрэглэдэг болсон байна. Мөн ажлын байранд Хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдөж ажилласнаар гарч болох эрсдэлээс өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй тохилог орчинд ажиллах болжээ. Мөн 5С ойлголтуудыг авч хэрэгжүүлснээр алаагаа бага багаар тодорхойлж, багийн ажиллагаанд илүү анхаарлаа хандуулах болсон байна. Мөн ажилтнууд, албан тушаал, ажлын байрны чиг үүрэг тодорхой болгоод ирэхээр ойлгомжгүй байдал арилж байна гэж байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 91 (7076)