Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Түүнийг Э.Ган-Эрдэнэ гэдэг. Тэрбээр 2020 оноос хүрээлэн буй орчинд нэн чухал шаардлагатай бизнесийг говьд эхлүүлжээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Сайншанд суманд ахуйн хог хаягдал болох шил, хөнгөн цагаан, хуванцар сав, гялгар уут зэргийг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм. Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийнх нь нэрийг “Эко говь” гэдэг. Тэгвэл үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл 38 тонн гялгар уут, 12 тонн цаасан хайрцаг, 22 тонн хуванцар савыг дахин боловсруулжээ.

Э.Ган-Эрдэнэ гагнуурчин мэргэжилтэй. Түүний хог хаягдал боловсруулах үйлдвэр ажиллуулахаар шийдсэн тухай бяцхан түүхээр аялцгаая.

Тэрбээр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрж өссөн. Сүүлийн жилүүдэд Сайншанд суманд шилжин суурьших иргэд нэмэгдэжээ. Мөн аялал жуулчлал буюу Хамарын хийд энергийн төвийг зорих жуулчид их болсон. Үүнээс үүдэж Сайншанд сумын ойр орчим хогонд дарагдсан байна. Энэ нь түүнийг эмзэглүүлдэг байжээ. Тиймээс өөрийн эзэмшсэн мэргэжлээ умартан хог боловсруулах ажилд ханцуй шамлан орсон нь энэ. Энэ тухайгаа Э.Ган-Эрдэнэ “Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулаад хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ. Хүмүүс хог хаягдал их байна гэж шүүмжлэхээс өөр юу ч хийдэггүй. Тиймээс хог дахин боловсруулах үйлдвэрийг орон нутагтаа байгуулъя гэж шийдсэн.  Үйлдвэр байгуулахад аавын маань нөлөөлөл бас байсан. Тодруулбал, аав маань мужаан. Тиймээс аавынхаа ажилд тусалснаар одоо хогийг боловсруулан юу хийж болох бол гэж үйлдвэр байгуулах санаагаа бодож олсон” гэв.

“Эко говь” үйлдвэр гурван ажилтантай. Э.Ган-Эрдэнэ компанийнхаа гүйцэтгэх захирал, мужаан, цахилгаанчин нь юм. Хогийг боловсруулан траншейны таг, сандал, хогийн сав, хоолой зэргийг хийдэг байна.

Зураг дээрх сандлыг хийхэд 71 кг гялгар уут оржээ. Тэгвэл “Эко говь үйлдвэр нь долоо хоногт  100 гаруй кг гялгар уут цуглуулж дахин боловсруулдаг. Үйлдвэрийн хүчин чадал нь 300-400 кг хаягдлыг дахин боловсруулах чадамжтай аж.

Гэхдээ үйлдвэр байгуулах нь тийм ч амар байгаагүй ажээ. Энэ тухайгаа Э.Ган-Эрдэнэ “Үйлдвэр нээхээр төлөвлөөд тоног төхөөрөмжөө захиалаад байтал “COVID-19” цар тахал гарсан. Үүнээс болж үйлдвэрийн ажил удааширсан. Гэхдээ энэ хугацаанд зүгээр суугаагүй. Аж ахуй нэгжүүдтэй уулзаж хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулж байгаагаа хэлж, хамтарч ажиллахыг санал болгосон. Ингэхдээ гялгар уут болон бусад хог хаягдлаа цуглуулах нэг шуудай өгсөн. 10 гаруй аж ахуйн нэгж дэмжиж, үнэ төлбөргүйгээр хог хаягдлаа өгнө. Харин би долоо хоногт хоёр удаа очиж цуглуулсан хаягдлыг авдаг байв. Энэ жилээс үйл ажиллагаа маань жигдэрсэн учраас хог хаягдлыг үнэлгээнд оруулан урамшуулал олгож байгаа” гэв. Гялгар уут нэг кг нь 500, хуванцар сав кг нь 100-150, тос маслоны сав 200-250 төгрөгөөр авдаг байна. Мөн Дорноговь аймагтаа боловсруулж чадахгүйгээ Улаанбаатар хот руу нийлүүлдэг байна.

Энэ жилээс бор цаасыг дахин боловсруулж шахмал түлш хийх зорилготой байгаа аж. Бор цаасаа цуглуулж, агуулах нь дүүрсэн тухайгаа ч энэ үеэр ярьж байсан юм. Яагаад цаасаар шахмал түлш хийх болсон талаараа Э.Ган-Эрдэнэ “Дорноговь аймагт өндөгний фермер байдаг. Тиймээс өндөгний үүр буюу сетик их гардаг. Түүнийг ашиглан шахмал түлш хийх боломжтой. Цаашид их байгаа түүхий эддээ тулгуурлан олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой” гэсэн. Гэхдээ үйлдвэрээ өргөжүүлэхэд нь сум орон нутгийн удирдлагууд тусалсан тухайгаа ч онцолсон юм. Тухайлбал, үйлдвэрээ өргөжүүлэхийн тулд “Сум хөгжүүлэх сангийн зээл”, “ЖДҮ” зээлд хамрагдсан байна.

Монгол Улсын нэг иргэн өдөрт дунджаар 1.3-1.5 кг хог хаягдал үүсгэдэг гэсэн судалгаа бий. Ингэхээр 70 настай иргэн амьдралынхаа турш 52 тонн хог хаягдал үүсгэдэг гэсэн үг. Тодруулбал, гурван секунд тутамд хог үйлдвэрлэж байгаа нь хүмүүс бид өөрсдөө хогны үйлдвэр болсныг илтгэж байгаа юм. Гэхдээ эх дэлхийнхээ төлөө бодитой ажил хэрэгжүүлж буй Э.Ган-Эрдэнэ шиг  залуус аймаг бүр сум бүрт дахин боловсруулах үйлдвэр ажиллуулбал манай улс “Тэг” рүү тэмүүлсэн тэргүүлэгч улсуудын нэг болох боломжтой юм. Таны хаяж буй нэг кг гялгар уут 500 төгрөгийн үнэтэй. Харин түүгээр бидний суудаг сандлыг хийх боломжтой юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 90 (7075)