З.БАТЦЭЦЭГ
Алибаба группын үүсгэн байгуулагч, Хятадын тэрбумтан Жэк Ма Токиогийн их сургуулийн Токио коллежид зочин профессороор элсэв. Энэ тухай Bloomberg мэдээлэв.
58 настай Ж.Ма тавдугаар сарын 1-нээс эхлэн багшлах төлөвтэй байна. Их сургуулийн мэдээлснээр тэрбумтан оюутнуудад судалгаа шинжилгээ, ялангуяа тогтвортой хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр зөвлөгөө өгөх аж. Ж.Ма мөн энтрепренёршип, инновацийн чиглэлээр семинар зохион байгуулна.
“Түүний бизнесмений карьер дуусч байх шиг байна. Тэрээр өмнө нь англи хэлний багшаар ажиллаж байсан бөгөөд бизнесээ орхисныхоо дараа багшлах ажилдаа эргэн орох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн” гэж LightStream Research-ийн шинжээч Ошадхи Кумарасири хэлэв.
Нэгэн цагт Хятадын хамгийн алдартай бизнес эрхлэгч Жэк Ма олны нүднээс хол байгаа. Энэ нь тэрбумтан БНХАУ-ын эрх баригчдыг шүүмжилсний дараахан болсон юм. Тухайн үед Бээжин Ж.Ма-гийн IPO-г зогсоосон.
Bloomberg-ийн мэдээлснээр, Хятадын эрх баригчид Ж.Ма-г эх нутагтаа буцаж ирэн, бизнес эрхлэгчдэд төрөөс дэмжлэг үзүүлэхэд нь туслахыг ятгаж байсан. Гэсэн хэдий ч Хятадын бизнесмэн гадаадад үлдэж, компаниудаа орхихыг сонгосон юм.
Эх сурвалж: www.zms.mn