Т.САЙХАН
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг Засгийн газраас УИХ-ын даргад өргөн барьсан талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. Тэрбээр "Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн нэг дэх заалтад өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлж байна. Уг төсөлд УИХ нэг танхимтай байна, УИХ-ын 76 гишүүнийг мажоритар, 76-г нь пропорционал аргаар сонгоно гэдэг өөрчлөлтийг орууллаа.
Үндсэн хууль бол Монголын хүн амын эрх ашиг, урт хугацааны хөгжлийн зорилтыг хангах үндсэн үүрэгтэй, УИХ, Засгийн газар, шүүх засаглалын хоорондын харилцааг зохицуулдгаараа хүн бүрийн аж амьдралд хамаатай хууль юм. Монгол Улстай ижил гараанаас гарсан улстай харьцуулахад улсын болон хүн амын хөгжил, амьдралын чанар хангалттай хэмжээнд хүрч чадаагүй байна. Энэхүү томоохон өөрчлөлтийг авчрах сонгуулийн тогтолцоог өөрчлөх, гишүүдийн тоог нэмэгдүүлэх саналыг боловсрууллаа.
Тухайлбал, Засгийн газар хэт үрэлгэн, хөгжлийн бодлого чиглэлээ барьж чаддаггүй нь сонгуулийн мажоритар тогтолцооноос хамааралтай. Тэгвэл өнөөдрийн Засгийн газраас өргөн барьж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд парламентын гишүүдийн 50 хувь нь мажоритар, 50 хувь нь пропорционал аргаар сонгогддог болохыг тусгаснаараа онцлог юм" хэмээв.
Эх сурвалж:www.polit.mn