Т.САЙХАН

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Уг нь хуулиараа иргэд халдашгүй эрхтэй. Гэтэл гишүүний дархан эрх гээд л яриад байдаг. УИХ иргэнийхээ л халдашгүй байдлыг ярих учиртай. Дараагийн УИХ-ын гишүүд өөрсдөө дархан эрхээсээ татгалзах хэрэгтэй. Дархан эрх биш энэ нь бүр гай болж байна.

УИХ-ын гишүүний дархан эрхэд иргэдийн үг хэлэх эрх чөлөө давхар хамгаалагдаж байгаа. Яагаад гэвэл иргэдийн өмнөөс үгийг нь дамжуулж хэлдэг. Гишүүний биш сонгогчдын эрхийн асуудал юм гэдгийг ярих ёс суртахууны үндэс гарч ирж байна. Харин одоо гишүүний эрхийн тухай ярих нь өөрсдийгөө хамгаалж байгаа мэт ойлгогдоно.

Ер нь бол гишүүд дурын зүйлээ ярьдаг, хариуцлага хүлээдэггүй асуудал дээр бид цэг тавих ёстой. Яагаад иргэд ярьсан зүйлдээ хариуцлага хүлээгээд байхад хариуцлагатай байх албан тушаалтнууд үндэслэлгүй зүйл ярьсан хэрнээ хариуцлага хүлээхгүй байна. Дархан эрхээр хамгаалуулах гээд байгаа юм. Иргэдийн үгээ хэлэх эрх чөлөөг баталгаажуулмаар байна.

Үгээ хэлэх эрх чөлөөтэй оронд төр нь юу ч хийхгүй байсаар ард нь гарна гэж байхгүй. Тэгэхээр заавал арга хэмжээ авах ёстой. Дарга нарт үгүй гэж хэлж сурах ёстой. Төрд таалагдахгүй байсан ч ажлаа хийж байх учиртай" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn