Т.САЙХАН
Засгийн газраас 2021 онд өргөн мэдүүлсэн Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг хоёр жил үргэлжилж байгаа. Уг хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням өнөөдөр /04.02/ мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хууль хэлэлцэх хугацаанд ажлын хэсэг 29, дэд ажлын хэсэг 58 удаа хуралдсан. 2022 оны аравдугаар сарын 21-ний өдөр бүх хуулийг нэгтгэж, дөрвөн багц хууль болгох шийдвэрт хүрч, шинэ ажлын хэсэг гаргасан. Уг ажлын хэсгийн миний бие ахалж байгаа бөгөөд нийт есөн удаа хуралдаад байна.
Хууль 52 зүйлтэй, 300 гаруй заалттай.
- Боловсролын ерөнхий хууль
- Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль
- Дээд боловсролын тухай хууль
- Мэргэжлийн боловсролын хууль гэсэн багцын хүрээнд бэлтгэгдэж байна.
Уг хуулийг боловсролын салбарын үндсэн хууль гэж ойлгож болно. Боловсролын салбарыг системийн хувьд үнэлж, аль хэсэгтээ алдаа дутагдал байгааг нь олж нээх нь чухал. Тиймээс олон улсын үнэлгээнд гурван жил тутам оруулдаг байх ёстой зохицуулалтыг тусгасан.
Боловсролын байгууллагын цалин урамшууллын өсгөхөд анхаарч ажиллах зарчмын шийдэлд хүрлээ. Багшлах боловсон хүчнээ алдаад дууссан гэхэд болно. Тэд гадагшаа явж ажил хийдэг.
Нөгөөтэйгүүр ЭЕШ-д хамгийн бага оноо авсан сурагч багш болдог гэх шүүмжлэл бий. Бодит байдал ийм л байгаа. Тэгэхээр багш нарын нийгмийн асуудлыг шийдэх, үр дүнгээрээ урамшуулал авдаг байх зохицуулалтыг хуульд тусгана" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn