Т.САЙХАН
УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "ХҮН-ын Төлөөлөх зөвлөл хуралдаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжих шийдвэр гаргалаа. Анх удаа улс төрийн намууд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж нэгдэж байна. УИХ-д цаг бага байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхэд хамгийн багадаа 45 хоног хэрэгтэй. Түүний дараа зургадугаар сарын 20-ноос өмнө УИХ-ын сонгуулийн хуулиа батлах ёстой. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ долоо хоногт хэлэлцэж эхлэх хэрэгтэй.
1992 онд 120 гишүүнтэй болох санал гаргаж байсан боловч 51 байх ёстой гэсэн санал гарч, түүнийгээ дундажлаад 76 гишүүнтэй болж байсан. Сонгуулийн холимог тогтолцоог бас бий болгох хэрэгтэй. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд улстөрчид улсаа бус тойргоо л тордож, би л гарч байвал болоо гэсээр ирлээ. Гэвч том дүнгээрээ Монгол Улс ялагдаад байна" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn