Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Манай улсын хүн амын 50 гаруй хувь нь Улаанбаатарт амьдардаг гэх судалгаа бий. Тодруулбал, их, дээд сургууль төгсөөд орон нутгийг зорих залуус ховор болсон. Үүнээс үүдэж аймаг болон сумын төвүүд ажиллах хүний нөөцийн хомсдолд ороод буй. Тиймээс Засгийн газраас “Хөдөөгийн сэргэлт” бодлогыг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн бямба гарагт “Нээлттэй Дорноговь” чуулганыг тус аймгийн төв Сайншандад зохион байгууллаа.
Чуулганы үр дүн бодитой, амжилттай болсон гэж дүгнэсэн юм. Энэ тухай Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал “Дорноговь аймаг “Нээлттэй Дорноговь” чуулганыг хоёр өдөр зохион байгууллаа. Эхний өдөр шинэ хот байгуулалтын салбарын чуулганыг зохион байгуулсан. Улаанбаатар хотоос 50 гаруй барилгын компани, орон нутгаас 20 гаруй компаниуд оролцсон. Хот төлөвлөлт, барилгын зураг төсөл хийлгэхээр барилгын таван компанитай гэрээ байгууллаа. Барилгын материал нийлүүлдэг таван компани түүхий эд нийлүүлэхээр боллоо. Мөн чуулганы үеэр 70 гаруй иргэн ажлын байранд зуучлагдаж ажилд орохоор болов. Шилжин суурьшихаар ирсэн таван гэр бүлд газар олгож батламж гардуулсан. Манай аймагт үйл ажиллагаа явуулахаар ирсэн гурван компанитай хамтран ажиллахаар боллоо. Мөн хамгийн чухал салбар маань “Шинэ Монгол” сургуулийн хөтөлбөрөөр төлөвлөгөө боловсруулж, орон нутгийн сургалтын чанарыг сайжруулахаар болов. Уул уурхай хөрөнгө оруулалтын чуулганыг зохион байгуулах үеэр уул уурхайн компаниуд нийлж ойн төгөл бий болгох зорилтыг дэвшүүлж чадсан зэргээр том өөрчлөлт, бодитой үр дүн гарсан чуулган боллоо. Мөн танай сониноор дамжуулан шилжин ирэгсдэд ажил болон амьдрах орон сууц хангалттай байгаа гэдгийг хэлэхэд таатай байна” гэв.
Дорноговь аймгийн нийт өрхийн 57.6 хувь нь орон сууцанд амьдардаг. Мөн энэ онд түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж 10 мянган айлын орон сууц ашиглалтад оруулах аж. Байгаль цаг уурын онцлогоос хамааран тус аймаг нь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Үүнийгээ ашиглан энэ онд орон сууцны эко хорооллуудыг барихаар төлөвлөсөн бөгөөд 909 өрхөд газар олгохоор төлөвлөжээ.
Хатанбулаг суманд ирж ажиллавал цалингийн 100 хувийн нэмэгдэл авна
Тус аймгийн Хатанбулаг суманд нийт 16 сул ажлын байр бий. Тодруулбал, Цэцэрлэгийн бүлгийн багш хоёр, соёл, спортын төвд хөгжим болон бүжгийн багш, дасгалжуулагч, үйлчлэгч, Засаг даргын тамгын газарт нь Хууль зүй, нийгмийн бодлого, ХАА-н тасгийн мэргэжилтэн, байгаль орчин,иргэд олон нийттэй харилцах ажилтан гээд олон орон тоо байгаа аж. Энэ тухай тус сумын хэв албан бичиг хариуцсан ажилтан Б.Дэлгэрцэцэг “Би 2022 онд Улаанбаатар хотоос Хатанбулаг суманд ирж суурьшсан. Дөнгөж ажлын гараагаа эхэлж байгаа хүний хувьд орон нутагт ажиллах нь амар байна. Түгжрэл болон байрны өндөр түрээс төлөх асуудалгүй. Мөн орон нутгийн төрийн албаны ажилчдын цалин нэмэгдсэн зэрэг давуу талууд олон бий. Тодруулбал, Хатанбулаг сум нь орон нутгийн төсвөө өөрөө бүрдүүлдэг. Төрийн албаны нэмэгдэл 40 хувь байдаг бол манай сум давуу талаа ашиглан 100 хувийн нэмэгдэл олгодог. Ингэхээр би гар дээрээ 1.5 сая төгрөгийн цалин авч байгаа юм. Шинээр төгссөн болон гэр бүлийн хүмүүс орон нутагт ажиллавал байр орон сууцыг нь шийдэж өгөхөөс гадна гэр бүлийн хүнийг нь ажилд зуучилна, хүүхдийг нь сургууль, цэцэрлэгт хамруулдаг. Тиймээс манай суманд ажилд орохоор сонирхож байвал холбогдоорой” гэв.
Харин Сайншанд суманд шинээр баригдсан VI сургуулийн мэдээлэлзүйн багш О.Нарангэрэл “Өнгөрсөн есдүгээр сарын нэгэнд VI сургуульд мэдээлэлзүйн багшаар ажилд орсон. Өмнө нь Улаанбаатар хотод хоёр жил багшилсан. Багшийн цалин бага учраас байрны түрээс, хоол, унааны мөнгө гээд цалин маань хүрэлцдэггүй байсан. Тиймээс орон нутагт ажиллаж үзэхээр ирсэн. Харин энд түрээсийн байр 250-500 мянган төгрөгийн үнэтэй. Түгжрэлгүй учир цайны цагаараа гэртээ очоод цайгаа уучихдаг. Стресс болон мөнгөний асуудал бага байна” гэсэн юм.
Сайншанд суманд орон сууцны мкв үнэ 1.1-2.9 сая төгрөгийн үнэтэй байдаг аж. Энэ тухай Дорноговь аймгийн ЗДТГ-ын хөгжлийн бодлого төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга А.Амгаланзаяа “Шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бий болгоход Сайншанд, Замын-Үүд, Хатанбулаг сумдад эко хорооллуудыг барихаар болсон. Мөн орон сууцжуулах бодлогын хүрээнд Мандах наран болон бусад хорооллуудыг барьж нийт 9009 орон сууцтай болсон. Ингэснээр иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлсэн. Энэ онд 1780 айлын орон сууцыг ашиглалтад оруулах гэж байна” гэв.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн II, III багц ажил эхэллээ
Дорноговь аймгийн Сайншанд хотоос зүүн хойш 18 км-т Алтанширээ сумын нутаг дэвсгэрт газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил өрнөж буй. Өнгөрсөн хугацаанд нэгдүгээр багц ажил дууссан бол өнгөрсөн баасан гаригт II, III багцийн ажил эхэлсэн юм. Хоёрдугаар багц ажилд агуулах сав болон ачих буулгах байгууламж болох бүхий л хэрэгтэй зүйлс энэ багцын ажлаар хийгдэх аж. Мөн тус газрын тос боловсруулах үйлдвэрээс Дорнод аймгийн Дачин тамсаг хүртэлх 530 км түүхий тос дамжуулах хоолойн ажил давхар эхэлсэн юм. 2025 онд үйлдвэр ашиглалтад орсноор манай улс түлш шатахууны импортын хамаарлаас гарч, валютын гарах урсгал 20 орчим хувиар буурна гэсэн тооцоолол бий. Мөн Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар нэмэгдэж, улсын болон орон нутгийн төсвийн орлого 150 сая ам.доллараар өсч, 600 гаруй ажлын байр шинээр бий болж, үйлдвэрийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжих юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 1. ДАВАА ГАРАГ. № 86 (7071)