С.УЯНГА

Үүр гэгээрэхтэй зэрэгцээд л амьдрал буцалдаг, үргэлж гэгээн өөдрөг бүхнээр өглөөг угтдаг хүмүүс ууланд л байдаг аж. Бидний зарим нь “сайн” өдрүүдийн өглөө унтаж амрахыг илүүд үздэг бол ууланд алхагчид үүрийн 05:00 цагт босоод дасгал хөдөлгөөн хийх нь жинхэнэ аз жаргал гэж үздэг. Багтаж явахад бэрх нарийн жим, хальтиргаа гулгаатай замаар баяр хөөр дүүрэн өгсөх хүмүүсээс урам зориг, итгэл найдвар цацарна. Элдэв шаналал, бухимдал ууланд ирэхээр бүрэн тайлагдаж жинхэнэ эрх чөлөөг мэдэрдэг гэсэн нэгэн зорилго тэмүүлэлтэй хэсэг бүлэг хүмүүс бол Богдхан ууланд “авирагчид” юм билээ. Уулчдын дунд найман настайгаас наян настай буурал хүртэл бий. Ахимаг, дунд насныхан эрүүл мэнд идэвхтэй хэв маягыг эрхэмлэж ийшээ зорьж очдог бол өсвөр насныхан, оюутнууд хичээлээ давтах зорилгоор нам гүм чимээ аниргүйхэн ойн шугуйг зорих нь элбэг. Хэрэв та ууланд алхдаг бол зам зуур хаа сайгүй ном тэвэрсэн залуус тааралдана. Тэгээд амсхийх зуур хэрэм гүйлдэж, амьд байгаль дунд явуулын мухлаг ажиллана.

 

ОЙН ЖИМ ДЭХ ХИЙЛ ХӨГЖМИЙН МАРКЕТИНГ

Богдхан уулан дахь Монголын хамгийн эртэч, байгальд ээлтэй ногоон бизнес эрхлэгчдийг “Зууны мэдээ” онцолж байна. Халуун аарц, цай, жигнэмэг үүрээд бичил бизнес эрхэлж байгаа сурагчид ойн жимд хөдөлмөрлөж байгаа. Туршлагатай уулчдын хэлдгээр өгсөх замын хоёр дахь цэг буюу хэрэмтэй зогсоол дээр дунд сургуулийн дөрвөн сурагч мухлаг ажиллуулдаг. Ингэхдээ нэг нь хийл хөгжмийн намуухан ая тоглож, нөгөө хоёр нь модны ёроолд сууж усаа буцалгана. Үлдсэн нь уулчдад аньс, кофе, цай найруулж, сэндвичээр үйлчилдэг. Ийнхүү зорилгынхоо төлөө зогсолтгүй хөдөлмөрлөж байгаа арван жилийн сургуулийн сурагчдын хүсэл тэмүүллийг дэмжихэд бэлэн мөнгөгүй явсан ч санаа зоволтгүй. Тэнд утасны сүлжээ барихаас гадна банкны дансны дугаар бичсэн бяцхан цаасан самбар бий. “Хүмүүс эелдэг найрсаг ханддаг. Хөгжмийн ая сонсонгоо тухлан сууж кофе уух их сонирхолтой байдаг. Нэг ёсондоо хөгжим тоглох нь үйлчлүүлэгчдийг татах бидний маркетинг. Зарим нь өглөө эрт “бараа”-гаа үүрээд уулын бараг талд дунд гарч ирээд хөдөлмөрлөж байгаа мундаг хүүхдүүд гээд магтаж илүү мөнгө шилжүүлдэг хүмүүс ч байгаа” гэж тэд ярилаа. Харин оройхон буцахдаа хүмүүсийн үлдээсэн хогийг уутлаад авч явдаг гэнэ. 

Уулчдад хийл тоглож өгч сонирхлыг нь татангаа оронд нь аарц, жигнэмэг зардаг содон маркетинг, чин сэтгэлийг гагцхүү уулын гүнд л олж харна. Зөвхөн амралтын хоёр өдрөөр гарч ирэхэд л сургуулийн төлбөр, хувцас, хичээлийн хэрэгслийн мөнгөө хангалттай олдог хэмээн хэрсүү бизнес эрхлэгчид ярив. 

 

Э.Бат-Очир: УУЛЫН ТАЯГ ЦӨС ӨТГӨРӨХӨӨС СЭРГИЙЛЖ, ӨВДӨГ, НУРУУНд ИРЭХ АЧААЛЛЫГ БАГАСГАДАГ

-Таяг, зориулалтын гутал хувцсаар бүрэн зэвсэглэсэн туршлагатай уулчид андашгүй. Ялангуяа, өдийд  гуталны хадаасаа мартана гэж үгүй. Богдхан уул дөрвөөс зургадугаар сар хүртэл хальтиргаатай байдаг учраас гутлын хадаасгүйгээр алхах юм бол бэртэж гэмтэх эрсдэлтэй. Тэгвэл уулчдад хэрэгцээтэй хувцас, хэрэгслийг мөн л ойн жим дэх цомхон дэлгүүрээс худалдан авч болно. Тэнд таяг, хадаас, үүргэвч, пүүз, чийгний олбог, нарнаас хамгаалдаг нүүрний хаалт гээд бүх зүйл бий. 10 гаруй жил уулын хувцас хэрэглэл зарж буй явуулын дэлгүүр гэж хэлж болохоор ногоон бизнесийг Э.Бат-Очир эрхэлж буй юм. Уулчид ч түүнийг андахгүй. Тэр өөрөө ч уулчдад итгээд бараагаа зээлээр өгөөд явуулчихдаг. Тэрбээр “10 жилийн өмнөхтэй харьцуулахад хүмүүсийн амьдралын хэв маяг огт өөр болсон. Эрүүл мэнддээ их анхаардаг болж. Өглөө 05:00 цагт малгайдаа гэрэл бэхэлчихээд алхаж байдаг. Анх үүргэвчээ үүрээд хүмүүсийн алхаж байгаа газарт нь очиж бараагаа зардаг байсан бол одоо нэг цэгт дэлгээд суудаг болсон. Хүмүүс ууланд алхахдаа хувийн бэлтгэлээ базаахгүй явах тал байна. Зарим нь өсгийтэй гуталтай явах нь холгүй. Үүнээс болж хальтирч унаж, бэртэж гэмтдэг. Тиймээс хавар, намрын цагт таяг, хувцас, хальтрахаас хамгаалсан хадаастай явах хэрэгтэй. Зөвхөн хальтиргааны улирал гэлтгүй модны гялайсан үндэс их хальтиргаа үүсгэдэг. Хувийн бэлтгэлээ хангахгүй яваад бэртэж гэмтсэн хүмүүсийг хараад ямар хэрэгтэй зүйл зарж буйгаа мэдэрдэг. Ууланд алхаж байгаад сүлжээтэй газар очихоороо мөнгөө шилжүүлээрэй гээд өгөөд явуулахаар хүмүүс их гайхдаг. Би бол хүнд итгэх дуртай. Тэр дундаа харьцангуй итгэж болохоор хүмүүс уулханд алхдаг. Гэхдээ хулхидуулж байсан үе бий гээд инээмсэглэлээ.

Тэрбээр үргэлжлүүлэн яриа дэлгэхдээ “Ууланд явахад гар утас, компьютерийн хорыг гадагшлуулдаг гэж байнга алхдаг эмч нар хэлдэг. Элэг солиулсан, харвасан, хавдартай олон ч хүнтэй таарлаа. Агаарт тууштай алхсаар байгаад гайхамшиг тохиолдсон мэт эдгэж эрүүлжсэн бодит жишээ их байна” гэв. Хүмүүсийн ихэн нь таягыг тулах зориулалттай гэж бодох нь бий. Тэгвэл таяг өөр олон ач тустай талаар Э.Бат-Очир “Бадарчид яагаад цоо эрүүл байсан бэ гэвэл хос таягтай явдаг байсантай холбоотой. Таяг зөвхөн хальтирч ойчих, хэт их ядрахаас хамгаалахаас гадна цөс өтгөрөхөөс сэргийлдэг. Мөн өвдөг, нуруунд ирэх ачааллыг багасгадаг. Хүний биеийн бүхий л булчинг жигд ажиллуулна. Хүмүүсийн хэлдгээр “авгай” мах арилдаг. Энэ мэт олон ач тустай. Бидний хүмүүст санал болгож буй уулын хэрэгсэл бол нэгдүгээрт Солонгосоос  оруулж ирдэг чанар баталгаатай. Хоёрдугаарт, ус, дулаан түрээсийн үнэ төлөхгүй, худалдагч цалинжуулахгүй учраас дэлгүүрээс хамаагүй илүү хямд байдаг” гэлээ.  Э.Бат-Очирын багийнхан хүмүүсийн эвдэрсэн таяг, гинжийг ямар нэг үнэ төлбөргүй засаж янзалж өгдөг. Үүнийгээ нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажил гэж тайлбарлалаа.

Монголын хамгийн эртэч, байгальд ээлтэй, явуулын ногоон бизнес эрхлэгчдийн мухлаг нь хэрэмний зогсоол юм. Дээр нь усны хоржигнох чимээ, болжморын жиргээг сонсож, хэрэмний гүйлдэхийг харж сонжингоо амьд байгаль дунд “дэлгүүр” хэсэхийг саналж болгож байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 28. БААСАН ГАРАГ. № 85 (7070)