Б.ДАМДИН-ОЧИР

 

Нүүрсний нээлттэй сонсгол хугацаагүйгээр хойшлов. Товоороо 2023 оны дөрөвдүгээр сарын 10-нд эхлэх байсан. Олон нийт тэр сонсголоос Хөгжлийн банкны зээлийн цаадах учир начрыг сонссон шигээ мэдээлэл хүлээж байв. Тэр нь талаар болчихоод байгаа юм. Тиймээс Нүүрсний түр хороо, түүний дарга Г.Ганболдод шүүмжлэнгүй хандаж байна. Яагаад гэхээр нүүрсний хулгай тойрсон дөрвөн бүлэг, тэр дундаа "...Нүүрсний оффтейк гэрээтэй холбоотойгоор хойшлов уу" гэсэн хардлага байгаа юм. Уг нь есөн оффтейк гэрээг Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар 9-ний хуралдаанаар нууцаас гаргасан.  Үүнд, "...Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шилдэг технологи нэвтрүүлэх төсөл", "...Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж экспортыг нэмэгдүүлэх төсөл", "...Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос Тавантолгой нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн төсөл", "...Богдхан төмөр замын суурь бүтцийн төслийн ажил", "...Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил", "...Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж байгуулах гэрээ", "..."Монголын төмөр зам" ТӨХК, ЗХЖШ болон "УБТЗ"-ын хамтарсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж байгуулахтай холбоотой гэрээ" багтсан. Эдгээрийг ил болгож, АТГ-т шалгуулахаар шийдсэн. "...Эдгээр гэрээний ард маш их асуудал бий" гэж олон нийт үзээд байгаа юм.

Уг нь Нүүрсний түр хорооныхон ч ийм байр суурийг илэрхийлж байв. Түр хороо 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд ээлжит хурлаа хийсэн байдаг. Дээрх гэрээнүүдийг нууцаас гаргасны дараахан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нууц гэрээнүүд ил болсны  дараа Нүүрсний түр хорооныхон юу ярьж байсан бэ гэдэг нь одоо сонин байгаа юм. Гишүүдийн ярьсныг товчоолон жагсаав. Тэр хурал дээр Т.Доржханд "...Нууцалсан  гэрээ дотор ханшны эрсдэлийг "Эрдэнэс Тавантолгой" 100 хувь үүрнэ гээд орчихсон байна. Үгүй Монгол Улсын бүх бүтээн байгуулалтууд, төсвөөс явдаг бүх барилгын ажлуудын ханшны эрсдэлийн гүйцэтгэгч нар хариуцаад явдаг. Хөгжлийн банкнаас зээл авчихсан гээд байгаа нөхөд чинь хүртэл ам.доллароор зээл авчихаад, ханшийнхаа эрсдэлийг өөрсдөө хүлээж байгаа. Ямар гэрээ гэхээр ийм байгаа юм бэ. "...Хэрэв та үүргээ гүйцэтгэж санхүүжилтээ өгөхгүй тохиолдолд нийт өмнө нь авсан нүүрснийхээ 20 хувийг надад өгнө шүү. Ийм хариуцлага хүлээлгэж, алданги, торгууль тооцож байна шүү" гэдэг шаардлагыг төр нь биш, төрийн өмчийн компанитай "Эрдэнэс Тавантолгой" биш, эсрэгээрээ гүйцэтгэх байгууллага нь тавиад энд нууцалчихсан байна. Дэлхийн түүхэнд ийм байхгүй", М.Бямбацогт "...Энэ оффтейк гэрээнүүдийг байгуулахдаа ҮАБЗ-ийн зөвлөмжөөр байгуулсан. Энэ нууц гэрээнүүдийг байгуулахад Засгийн газар өөрөө оролцоогүй. Засгийн газрыг төлөөлж ЗТХЯ, Уул уурхайн сайд нарт хариуцуулж даалгасан байдаг. Дээрээс нь хувьцаа эзэмшигч, ТУЗ-д огт мэдэгдээгүй. Ерөөсөө л хоёр компанийн захирлууд нь хоорондоо гэрээ хийчихсэн юм байна лээ гэж Ж.Ганбат сая танилцуулгадаа дурдсан.

Сая ил болж байж олон нийт мэдээлэлтэй болж байна. Энэ бол зөвхөн төмөр зам барьж байгуулахтай холбоотой нүүрс болон санхүүжилтийн гэрээний асуудал яригдаж байна. Түүнээс цаашаа худалдан авалтын, хангамжийн бараа, материал нийлүүлэлтийн гээд олон гэрээнүүд байгаа. Эд нарыг ил болгож ярих ёстой", Т.Доржханд "...Тэгээд л нууцад оруулаад сайхан идэж уугаад л наргиж цэнгэдгийг бүгдээрээ мэдэж авч байна. Парламент нь, Засгийн газар нь одоо мэдэж байгаа байхгүй юу. Би нэг зүйлийг тодруулчихъя. Тухайн үед ордон дотор нэвт яригдаж байсан юм. "Атар өргөө" гэдэг компанийн нэг талхыг 25 мянган төгрөгөөр "Бодь" компани руу туслан гүйцэтгэгчээр нийлүүлсэн байна. Тухайн үеийн зах зээлийн үнэ нь 1200 төгрөг шүү дээ. Тэгэхэд хоёр биш,  дөрөв биш, тав биш, 20 дахин үнээр нийлүүлж байгаа. Өртөгтэйгөө харьцуулахад бараг 40 дахин үнээр. Яг иймэрхүү туслан гүйцэтгэгчийн худалдан авалтууд та нар дээр байна уу. Мэдээллийг нь ил гаргах уу. Яг ийм байдлаар л хулгайнууд чинь яваад байгаа байхгүй юу", Д.Ганбат "...Энэ ч арай хэтэрчээ. Аж ахуйн нэгжтэй холбоотой зөвлөмжүүдийг ҮАБЗ удаа дараа гаргаж байсан юм байна. Энэ зөвлөмжүүдийг ил болго. Бас тэр төмөр замууд чинь хэзээ ашиглалтад орох юм бэ. Зориуд ашиглалтад оруулахгүй, ийм байлгаж нүүрс хулгайлах боломжоо цааш нь үргэлжлүүлээд байгаа юм биш үү", Г.Ганболд "...Тавантолгой-Гашуун сухайтын төмөр зам дээр тээвэрлэлт явагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар 125.3 тонн тээвэрлэлт явагдсан. Би өөрөө төмөр замд олон жил ажилласан учраас төмөр замын талаар сайн ойлгоно. Та бүхэнд ойлгуулчихъя. Ер нь төмөр зам бариад ингээд явахаар зүгшрүүлэлтийн тээвэр гэж зайлшгүй явах ёстой юм. ...Та нар хот улсуудын зүгээр сайхан цэлийсэн тал дээр тавьсан төмөр замтай битгий харьцуулаад бай л даа. Тэнд газар чөлөөлөлт, гүүрэн байгууламж ямар байдаг билээ. Азийн орнуудын төмөр зам гэдэг чинь бараг нэг багана нь бараг километр шахам өндөр юм байдаг биз дээ. Тийм юмтай харьцуулж хүний толгой эргүүлээд байх юм та нар. Тийм юмнууд дахиж оруулж ирэхгүй байхыг хүсье", С.Ганбаатар "...Хулгай бол болох нь болчихсон. Их том хулгай шүү дээ. Нэг их наяд төгрөг чинь 10 сая хонь шүү дээ. 44 билүү, 43 их наяд төгрөгийн тухай яриад байгаа. 440 сая хонины тухай ярьж байна шүү дээ", Н.Ганибал "...Ер нь оффтейк гэрээнүүдийн хамгийн том алдагдал бол тэр "Чалко"-тай хийсэн хоёр гэрээ шүү дээ. 2011 онд хийсэн юм байна. Одоо бүр 2022 оны дөрөвдүгээр сард хийсэн юм байна шүү дээ", Т.Энхтүвшин "...2013 оноос хойш "Эрдэнэс Тавантолгой"-той ямар компаниуд нүүрсний гэрээ байгуулсан юм бэ. Үүнийг ил болгож зарлаач. Энэ нүүрсний гэрээний ард заавал нэг улстөрч байгаа. Түрүүнд яриад байсан шүү дээ. Нэг тонн тутмаас хоёр ам.доллар авдаг. Энэ гэрээ болгон эзэнтэй гэдэг. Ийм асуудал яригдаж байгаа. ..."Эрдэнэс Тавантолгой"-д урьд нь нийлүүлж байсан аж ахуйн нэгж байгууллагуудын гэрээг бас ил болгомоор байна. Шатахууныг нь хэн нийлүүлж байсан бэ. Шатах, тослох материалыг нь хэн нийлүүлж байсан юм. Бараа материалыг нь хэн нийлүүлж байсан бэ. Тэр сэлбэг хэрэгслүүдийг нь дугуйнаас эхлүүлээд хэн нийлүүлж байсан бэ гэдгийг ил болгох хэрэгтэй", мөн тэрбээр "...Оффтейк гэрээг зогсоогоод, дахин шинжээчийн баг оруулаад, яг эцгийн нарийвчилсан үнэлгээг гаргаад, нэг километр зам тэдэн төгрөгөөр баригдах ёстой юм байна. Компанид ашиг нь тэд байх ёстой юм байна гэдэг юмнуудыг гаргаад, үргэлжлүүлээд цаашаа явах нь зөв шүү. Шалгаад шалгаад оффтейк гэрээний алдаа оноог засахгүй явах юм бол энэ гутамшиг", Б.Баттөмөр "...Энэ маань Хөгжлийн банкнаас хэд дахин том асуудал. Тийм учраас их тодорхой яримаар юм байна лээ. Их нуршсан, олон жагсаалт үзүүлэхээр хүмүүс ойлгохгүй. Нүүрсний зах зээлийн үнэ, нүүрсний ам, тээвэр, оффтейк гэрээнээс ийм ийм алдагдал гарсан гэдгийг маш тодорхой хиймээр юм байна лээ. Энийг хэдүүлээ анхаарахгүй бол болохгүй. Энэ юу вэ гэхээр зэрэг шууд гэрээ байгуулдаг. Өндөр үнийн дүнтэй. Нүүрсээ хямдхан зардаг. Эрсдэлээ Монголын төр 100 хувь өөрөө даадаг. Энэ бол шударга биш", Т.Доржханд "...Төр өмчтэй байснаар тэнд ямар их хулгай явдаг юм бэ гэдгийг өнөөдөр бүгдээрээ харлаа, ойлголоо. Нууцын зэрэглэлтэй гэрээ ил болоод л харлаа шүү дээ. Тэр төрийн өмч дээр хамгийн эрх мэдэлтэй хүн, дээр нь хамгийн том бизнесүүд нь очиж байна шүү дээ. Тийм байгаа биз дээ. Тэгээд яагаад энэ том бизнесүүд тухайлбал банктай байдаг юм бэ гэдгийг ойлгож байна. Банк, санхүүгийн бизнес схем байхгүй бол энэ чинь бүхэлдээ ажиллахгүй байхгүй юу. Тэгээд тийм болохоор энэ Д.Эрдэнэбилэг гэдэг хүн яагаад "Эрдэнэт"-ийн 49 хувийг авсан юм. Одоо энэ "Бодь"-ийн Д.Баясгалан гэдэг хүн яагаад энэ бизнес рүү яваад орчихсон юм бэ. Яагаад Х.Баттулга гэдэг хүн "Хаан" банк руу дайраад байсан юм бэ.

Үүнийг ойлгож авах нь зүйтэй. Тэгээд нэг зүйлийг хэлчихмээр байгаа юм. Одоо ингээд л энэ нэг том том хулгайч нарынх нь урдуур залуучуудыг хаяад өгчихдөг. Энэ байдлыг л зогсоомоор байгаа юм. Тэгэхээр өнөөдрийн энэ "Бодь" групптэй холбоотой асуудал дээр хариуцлагыг тэр нэг залуу үүрээд явчих вий дээ л гэж санаа зовж байна. Д.Эрдэнэбилэг гэдэг хүний өмнөөс "Эрдэнэт"-ийн 49 дээр бас нэг 30 ч хүрээгүй залуу гарч ирээд л "...Минийх юм" гэж дайрсаар байгаад л явсан шүү дээ" гэж байв. Нүүрсний түр хорооны гишүүд одоогоос таван сар гаруйхны өмнө ингэж ярьж байжээ. Харин одоо энэ байр суурь нь юу болсон бол?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 28. БААСАН ГАРАГ. № 85 (7070)