Б.НЯМСҮРЭН

К.Токаев “дотооддоо ардчилалтай, гадаадад нээлттэй Казахстаныг байгуулахаар зорьж байна. Казахстаны нийслэл Астана хотноо казахын Ард түмний ассамблей эхэллээ. 1995 оноос тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Назарбаевын санаачлагаар анхны хуралдааныг зохион байгуулж байсан бол 32 дахь удаагийнх энэ жил болж байна.

Сүүлийн жилүүдэд Төв Азидаа хөгжлөөрөө тэргүүлэх болсон тус улсын хувьд олон ястны өлгий нутаг хэмээн бахархдаг. Одоогоор 120 гаруй үндэстэн ястан, үндэсний цөөнхийн төлөөлөл тус улсад ажиллаж амьдарч байна. Соёл уламжлал төстэй, нэгэн дээвэр дор амьдарч байгаагийн хувьд үндэстэн ястнуудын дуу хоолойг сонсох, төрийн төлөөллийн байгууллагуудад эдгээр олон үндэстэн ястны төлөөллийг багтааж дуу хоолойг хүргэх нь ассамблейн гол ач холбогдол юм. Тиймээс ч Бүгд Найрамдах Казахстан улсын өнцөг булан бүрээс хуралдаанд оролцохоор 1000 гаруй төлөөлөл хуран цуглажээ.

Тус улсын ерөнхийлөгч К.Токаев ассемблейг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр бол бидний эв нэгдлийн баяр, бэлгэдэлт өдөр юм” хэмээн онцлов.

“Казахстан улс нийгэм, улс төрийн түүхэн гэж болох томоохон өөрчлөлтийг хийж байгаа. Энэхүү өөрчлөлтүүдийг ард түмний дэмжлэггүйгээр хийж чадахгүй. Улс орны өнцөг булан бүрт байгаа иргэн бүрийн хүчин чармайлт, дэмжлэг хамгийн чухал юм. Бид дотоодын ардчилалтай, гадаадад нээлттэй улс орныг бий болгохоор зорьж байгаа. Олон ястны өлгий нутаг гэж бахархахын зэрэгцээ эв найртай, нэгдмэл чанартай, иргэн бүрт ээлтэй, найрсаг улс байгуулахын төлөө шинэ өөрчлөлтүүдийг хийж байгаа түүхэн цаг үе ирээд байна” хэмээн хэлсэн үгэндээ онцолж байлаа.

Өнгөрсөн жилээс эхэлсэн өөрчлөлт шинэчлэлтийн дүнд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн болон парламентын хоёр шатны сонгуулийг шинэ системээр явуулаад удаагүй байна. Энэхүү шинэчлэлтийн хүрээнд Ерөнхийлөгчийг нэг удаад, долоон жилийн хугацаатайгаар сонгох болсон нь томоохон өөрчлөлтийн нэг юм. Мөн мажиратор болон пропорциональ хосолсон холимог тогтолцоогоор парламентын сонгууль явуулснаар одоогоор улс төрийн зургаан нам парламентад төлөөлөлтэй болжээ.

Эх сурвалж: www.polit.mn