Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Иргэн Д.Шонхор 2021 оны арваннэгдүгээр сард Ард кино театрын Хаанбанканд ипотекийн зээлийн хүсэлтээ өгчээ. Хариу нь одоо болтол гараагүй гэх. Энэ тухайгаа “Би түрээсийн байранд амьдардаг. Бэлэн мөнгөөр байр авч чадахгүй учраас ипотекийн зээлийн урьдчилгаагаа цуглуулсан. Мөнгөө бэлэн болгож 2021 онд Хаанбанканд ипотекийн зээлийн хүсэлт өгсөн. Хүсэлт өгөөд хоёр жил гаруй болж байна. Банкнаасаа зээлийн хүсэлт маань шийдэгдсэн эсэх талаар асуухаар дараалал болоогүй байна гэдэг. Банк өөрөөс нь зээл авч орон сууц барьсан компанийнхаа барилгуудын ипотекийн зээлийг дараалалгүй буюу бидний урдуур оруулан шийдэж байна. Түүнчлэн зээлийн эдийн засагчид нь 5-10 сая төгрөг өгч зээлээ шийдүүлж байгаа хүмүүс ч харагдах юм. Ипотекийн зээл бизнес болчихсон  нь нууц биз. Төр бодлогоор дэмжиж байна гэдэг. Гэвч яг юун дээр дэмжээд байгааг ойлгохгүй байна. Ипотек хариуцсан банкууд ийм байхад ард иргэд яаж байр орон сууцтай болох вэ. Мөн хүлээх хугацаандаа ажлаа сольж нийгмийн даатгал тасалдсан. Одоо дараалал маань болж дуудсан ч шаардлага хангахгүй байна гэх биз” гэв. Энэ мэт ипотекийн зээлийн хүсэлт өгөөд хүлээж буй 50 орчим мянган гэр бүл байна.

Өргөн хэрэглээний барааны үнэ өдөр ирэх тусам өсөж байна. Гэвч цалин орлого нь өсдөггүй. Энэ нь залуусыг харь орныг зориход хүргэж буй гол шалтгаан. Саяхан цахим орчинд “Нэг саяын цалинтай, хоёр саяын хэрэглээтэй, гурван саяын зээлтэй” гэсэн нийтлэлүүд хөвөрсөн. Энэ үг үнэний ортой. Нийгэм нь хэцүү учраас харийн орныг зорих залуусын цуваа өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Харин гэр бүл, аав, ээж, ах, дүүгээсээ холдохыг хүсээгүй үлдсэн хэсэг нь байр, машины төлөө зүтгэсээр байгаа. Гэвч цалингаа яаж ч хураасан байрны мөнгөнд үл хүрнэ. Бэлэн мөнгөөр байр авах чадалтай хүмүүс ховор. Орон нутагт очиж амьдрахаар ажлын байр хомс. Тиймээс багахан байрны урьдчилгаа мөнгө олж ипотекийн зээлд хамрагдах нь залуусын мөрөөдөл болсон. Дээрх жишээнүүд өнөөгийн нийгмийн илэрхийлэл. Гэвч ипотекийн зээлийн хүсэлт өгөөд хариугаа хүлээж буй 30 мянган иргэний хүсэлт яагаад удаад байна вэ.

Ипотекийн зээлийн хөтөлбөр нь 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд 110 мянга гаруй иргэн зээлд хамрагдсан бөгөөд 80 мянга нь 6-8 хувийн хүүтэйгээр авчээ. Дээрх 80 орчим мянган зээлдэгчийн 25 хувь нь гэр хорооллоос орон сууцанд шилжжээ. Мөн жилд дунджаар 6000 иргэн ипотекийн зээлд хамрагддаг байна. Ипотекийн зээл нь зээлийн эргэн төлөлтөөрөө дараа дараагийн зээлдэгчийг санхүүжүүлдэг тогтолцоотой. Гэвч цар тахлаас үүдэж ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулсан.  Зээл төлөлтийг хойшлуулснаас болж шинээр зээл хүсэгчдийн хүсэлтийг шийдэх мөнгөний эх үүсвэргүй болсон юм. Ингэснээр банкуудад зээлийн хүсэлтүүд овоорч, сүүлдээ хүсэлт ч авахаа больсон. Одоо ч зарим банкууд хүсэлт авдаггүй хэвээр байна. Цар тахлын хууль 2022 оноор дуусгавар болж энэ оны нэгдүгээр сараас зээлдэгчид зээлээ төлж эхэлсэн. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд хуримтлагдсан мөнгө нь хангалттай эх үүсвэр болж чадахгүй байгааг МИК-аас тодруулахад хэлж байсан юм. Тухайлбал, ипотекийн зээлийн эргэн төлөлт нь сард 40 орчим тэрбум төгрөг цугладаг байна. Үүгээр дарааллын дагуу хүсэлтүүдийг шийдэж байгаа аж. Энэ талаар Хаан банкны эдийн засагч Д.Нандин-Эрдэнээс асуухад “Бүх зүйл шилэн болсон учраас хүнийг дараалал дайруулах асуудал байхгүй. Манай банк одоо 2021 оны аравдугаар сарын хүмүүсийн хүсэлтийг шийдвэрлээд явж байна. Байрны үнэ өссөн нь зээлийн хүртээмжийг бууруулсан” гэв.

Барилга хот байгуулалтын яамны орон сууц, санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд “Он гарсаар 2000 гаруй иргэн 220 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлт арилжааны банкуудад ирүүлсэн” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан. Үүнээс ипотекийн зээлийн эрэлт ямар байгааг харж болох юм.

Цаашид тус хөтөлбөрийг тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд нэмэлт хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгарчээ. Үүнийг Засгийн газар, Сангийн яам, БХБЯ шийдэх байх. Эх орондоо үлдэх шалтгаан ипотекийн зээл юм. Сонирхуулахад, ипотекийн зээлтэй иргэдийн сарын дундаж төлөлт 564.300 төгрөг байдаг байна. Харин Улаанбаатар хотод 800 мянган төгрөгийн үнэтэй түрээсийн байр ч ховор болсон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 84 (7069)