Сүрнээгийн УЯНГА

 

“Зууны мэдээ” сонин төрд хичээл зүтгэл, хөдөлмөрөө зориулж яваа эрхмүүдийг “Төрийн хүн” буландаа урьж ажил, амьдралынх нь карьер хөгжлийн талаар дэлгэрэнгүй ярилцдаг билээ. Энэ удаагийнхаа зочноор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогтыг урилаа.

 

-Тантай төрийн ажил алба  ярихаас өмнө хувь хүн талаас нь сонирхож асуумаар байна. Ер нь өнгөрсөн хугацаанд хэвлэл, олон нийтэд ажлаа л товчхон танилцуулж байснаас өөрийнхөө талаар тэр бүр дэлгэрэнгүй яриагүй юм билээ?

-Хувь хүн талаасаа жаахан зожигдуу зантай гэж хэлж болно. Хийсэн ажлаа харвал төрийн захиргааны байгууллагад 20 гаруй жил ажиллалаа. Хэвлэл, олон нийтэд тэр бүр ярьдаггүй нь магадгүй ажлын онцлогтой холбоотой байх. Ер нь бол өмнөх ажлаа л сайн хийе гэсэн зарчимтай. Тэглээ гээд ажил албатай холбоотой зүйл асууя гэвэл хэвлэлээс би зугтаадаггүй. Аль болох хариултыг нь өгөх нь зөв гэж үздэг. Гэхдээ бас хэвлэлд ярилцлага өгмөөр байна гэдэггүй, аль болох ажлаа мэддэг, мэргэжлийн хүмүүс нь мэдээлэл өгөх ёстой гэсэн байр сууринаас ханддаг.

Би Дундговь аймагт төрж өссөн л дөө. Аав маань Сайхан-Овоо сумын нутагт төрсөн ч засаг захиргааны нэгжээрээ Эрдэнэдалай суманд харьяалагдаг. Ээж Дэлгэрцогтынх. Миний хувьд аймгийн төвдөө төрж өсөж, наймдугаар анги хүртлээ боловсрол эзэмшсэн. Тухайн үед авъяастай хүүхдүүдийг бэлтгэнэ гээд нэг аймгаас 10 гаруй хүүхэд сонгож их сургуулийн дэргэд математик, физик, хими, биологийн гүнзгийрүүлсэн сургалттай анги нээсэн юм. Сайд нарын зөвлөлийн тогтоолоор МУИС-ийн дэргэд гүнзгийрүүлсэн сургалттай тусгай сургуульд наймдугаар ангидаа элсэж орсноос хойш гадаад, дотоодын нэр хүндтэй сургуулиудад богино болон урт хугацаанд нэлээд суралцсан. Сөүлийн Үндэсний их сургуульд инженер, эдийн засгийн чиглэлээр доктор хамгаалж Солонгост дөрвөн жил амьдарсан. Мөн  АНУ, Сингапур гээд цөөнгүй оронд суурь мэдлэгээ бататгахаас илүү мэргэшүүлэх чиглэлээр суралцлаа. Эргээд харахад ажил, амьдралынхаа нэлээдгүй хугацааг суралцах, эрдмийн мөр хөөхөд зориулсан байна шүү.

 

ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ АЖЛЫГ НЭЛЭЭН ЦЭГЦЭЛСЭН

 

-Бага сургуулиасаа л тооны чиглэлээр мэргэшиж суралцсан байх нь. Сайн сурлагатай хүүхдүүдийг гадагш нь явуулж бэлтгэдэг байсан үе таарав уу?

-Хувь заяаны сонин гэмээр юм уу түүхтэй л дээ. Наймдугаар ангид гүнзгийрүүлсэн сургуульд хүүхдүүд шалгаруулж авахаар С.Намжилдорж гэж математикийн мундаг эрдэмтэн, радио физикийн Д.Данзан багш манай аймагт ирж шалгалт авсан юм. Шалгалтад хоёр хүүхэд тэнцсэний нэг нь би. С.Намжилдорж багш намайг математикийн ангид авна гээд, гэтэл Д.Данзан багш физикийн ангид оруулна гэдэг юм. Тэр үед “Математикийн ангид орвол нэг бол эрдэмтэн болно, үгүй бол багш болно. Харин физикийн чиглэлээр явбал олон мэргэжлээр хөрвөж ажиллах боломжтой. Физикийн шинжлэх ухаан өргөн суурь мэдлэг эзэмшүүлдэг  учраас энэ хүүхдийн амьдралд хэрэгтэй юм даа” гэж Д.Данзан багш хэлж байсан нь санаанаас гардаггүй. Сүүлд би Сангийн яаманд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа багштай уулзаж “Намайг наймдугаар ангид байхад таны хэлж байсныг мартдаггүй. Таны хэлснээр би төгс хөрвөж ажиллаж, амьдарч байна” гэж хэлсэн.

Нийгэм, цаг үеийн онцлог гэж байна л даа. Манай үеийнхэн сунд сургуулиа төгсөхөд гадагш сургадаг байсан үе зогссон. 1990 онд их сургуулиа дүүргэхэд Монголд англи хэлний албан ёсны курс, компьютер, интернэт ч байгаагүй цаг үе байлаа. Тиймээс нарийн мэргэжлийг бие даан сургалтад хамрагдах маягаар эзэмшиж мэдлэг, чадвараа өөрсдөө бий болгосон. Тиймээс манай үеийнхэн бол бүгдийг эхнээс нь бие даан суралцахаас эхлээд үнэхээр л амьдралд нухлагдаж, зовлон жаргалыг биеэрээ туулсан. Хэсэг хугацаанд ганзагын наймаа хийгээгүй хүн гэж байхгүй дээ. Хувцас хунар биш ч электрон бараа зөөж явсан үе надад ч  гэсэн бий. 

-Таны судалгааг харвал төсвийн бүтэц, төрийн өмчит компаниудтай холбоотой асуудлаар илүүтэй мэргэшиж ажиллаж ирсэн байх юм. Их сургууль, төрийн томоохон институцид ажиллахдаа аль чиглэлд түлхүү анхаарч ирэв?

 -Сургуулиа төгсөөд төсвийн болон гадны байгууллагад инженер, удирдлагын чиглэлээр ажлын гараагаа эхэлсэн. Ер нь физик суурьтай учраас шинээр нэвтэрч бий болсон, боловсон хүчин хараахан бэлтгэгдэж амжаагүй технологийн салбараас эхлээд нийгэмд шаардлагатай олон зүйлд хөрвөн ажиллахад хүндрэл байгаагүй. Суурь сайн тавигдсан учраас аливаа шинэ зүйлийг сурахад амар болдог юм билээ.

Сангийн яаманд анх Засгийн газрын санхүүгийн менежментийн систем хариуцсан Дэлхийн банкны зөвлөхөөр орсон. Тэгээд мэргэжилтэн, хэлтсийн дарга болчихоод Солонгосын Засгийн газрын тэтгэлэг авч докторын зэргээ хамгаалахаар явсан. Докторт сурахдаа төрийн бодлого, технологи, инженерийн эдийн засгийн олон талт хөтөлбөрийг сонгосон нь эхний үед маш хүнд, ачаалалтай цаг хугацааг өнгөрүүлсэн. Багш маань Шведээс ирсэн профессор байлаа. Намайг бусдаас хэд дахин их хичээлээр шахна, өдөрт 10-20 ном уншуулж дүгнэлт бичүүлдэг. Тэгээд би арай л хэтэрхий их ачаалал аваад байна гэж багшдаа хэлтэл “Чи бол монгол хүн. Би япон оюутантай бол өөрөөр ажиллана. Гуравхан сая хүнтэй улсын иргэн өргөн хүрээний мэдлэгтэй байх ёстой, докторын зэргээ хамгаалаад буцаад очсоны дараа чамаас ямар ч сэдвээр асуухад мэдэхгүй гэж хэлэх эрх байхгүй” гэж хэлсэн. Ийм л сайн сургууль, ухаантай багштай учирсандаа талархдаг. Тиймээс эдийн засаг, төсөв санхүүгийн суурийг богино хугацаанд нэлээн чамбай эзэмшсэн гэж боддог. Доктор хамгаална гэдэг, тэр дундаа гадаадын нэр хүндтэй сургуульд суралцана гэдэг судалгааны арга техник, шинжлэх ухааны аналитикийг өндөр түвшинд эзэмших боломжийг олгодог. Эх орондоо буцаж ирээд төрийн гол бодлогыг тодорхойлдог институцид газрын даргаас дээш албан тушаалд ТНБД, дэд сайдын албыг  хашлаа. Эргээд бодоход эдийн засаг, төрийн бодлого гээд одоогийн миний ажилд амин чухал шаардлагатай мэдлэгийг Сөүлийн үндэсний их сургууль надад өгчээ. 

-Шинэ тутам байгуулагдсан Эдийн засгийн хөгжлийн яамны удирдлагын багт ажиллахад бичиг цааснаас эхлээд бодлого зангидах үйл явцыг яг  гардан гүйцэтгэлээ. Бүхэл бүтэн яам босгоно гэдэг амаргүй байх?

-Эдийн засгийн хөгжлийн яамны ажлыг нэлээн жигдрүүлсэн. Ямар ч байсан яамны төрхөнд оруулж чадсан. Үүний төлөө өөрөө ч их хөдөлмөрлөж, бусдыг ч бас ажлаар чамгүй шахсан. Ялангуяа, шинэ тутам байгуулагдсан яамыг босгоход долоо хоног болгон Засгийн газрын хуралдаанд танилцуулга оруулах шаардлагатай байсан учраас шөнө нойргүй, үүр цайтал ажилласан үе манай хамт олонд бишгүй. Заримдаа ч төрийн нэрийг барьж байж ажил урагшилна. Түүнээс яг Хөдөлмөрийн хууль яривал би “унана” л даа. Хүмүүс шүүмжилж, чамлаад байдаг болохоос төрд ажилладаг зарим хүмүүс бол үнэхээр ачаалалтай, хүнд нөхцөлтэй байдаг.

Үндсэндээ, яамыг төрийн бодлого тодорхойлдог төрийн захиргааны гол институци болгож бойжуулж байгаа хэрэг. УИХ, Засгийн газарт асуудал оруулах түвшинд бичиг баримт бэлтгэж боловсруулна гэдэг амаргүй. Зарим үед ч барилцаж авах нь холгүй ажилдаа улайрна. Нэгэнт итгэл хүлээж, үүрэг даалгавар авсан учраас шантрах эрхгүй. Хийхдээ чанартай гүйцэтгэх ёстой. Цааш нь төлөвшүүлэх зүйл их бий. Гэхдээ боломжийн түвшинд хүргэсэн гэж бодож байгаа. 

 

БҮХНИЙ УРД ЁС ЗҮЙГЭЭ Л ТАВИХЫГ ХИЧЭЭДЭГ

 

-Төрийн сан хөмрөг дээр гарын үсэг зурж, төрийн санг сахих онцгой эрхийг та эдэлж байлаа. Хариуцлага алдах эрхгүй албан тушаалыг ямар зарчим арга барилаар удирдаж байв? 

-Монголд нийгмийн хөгжил бүхий л газарт тусгалаа олж байна. Шинэ тогтолцоонд шилжээд 30 жил болоход алдаа, оноо нэлээн байна л даа. Үүнтэй адил төр, засаг, байгууллагын соёл сайжирсаар л байгаа. Намайг өөрийгөө тодорхойл гэвэл “төрийн хар хүн” л гэж хэлнэ. Төрд бэлтгэгдэж төрийн шат дамжлага бүрт ажилласан байна.  

Монголын онцлог бол албан тушаалд томилсон бол шууд эрх мэдлийг нь өгчихдөг. Мэдээж төрийн албаны хууль, журам, байгууллагын дотоод дүрэм журам гэж бий. Гэхдээ бусад орнуудад буюу хөгжсөн нийгэмд хүнийг хариуцлагатай албанд томилохдоо шууд ажлыг нь өгдөггүй. Эрх мэдэл шилжих тодорхой хугацаа гэж байдаг. Өөрөөр хэлбэл, барууны төрийн байгууллага, хувийн хэвшил ч бай бүх үйл ажиллагааг нь код, кодексоор нарийвчлан загварчлагдсан байдаг. Үйл хөдлөлөөс эхлээд хийж болох, хориглох бүхнийг нь нэг бүрчлэн загварчлаад маш тодорхой болгосон байдаг. Харин манай улсад ингэж тов тодорхой заадаггүй. Хуулийн тогтолцоо ч адилхан. Хөгжсөн оронд 200-300 хуудас хууль манайд арваад хуудсаар зохицуулагдаж байх жишээтэй. Тэр нь маргаантай. Ингэж нарийвчилж код, кодексоор загварчлаагүй үед төрийн ажлыг юу авч явах вэ гэвэл, хувь хүний ажлын ёс зүй өндөр түвшинд яригдах шаардлага үүснэ. Ялангуяа, төрийн сан хөмрөгийг хариуцаж ажиллана гэдэг маш өндөр төвшний хариуцлага, ёс зүйтэй байх ёстой. Мөн болж бүтэхгүй зүйл байгаа бол засч сайжруулах ёстой гэсэн сэтгэхүйгээр хандахгүй бол хэцүү. Ер нь яваандаа эрх мэдлийн шилжилт хийдэг, код кодексоор нарийн зааж өгдөг тогтолцоо руу орох ёстой.

Миний баримталдаг, үргэлж бодож хичээж явдаг зүйл бол ажлын ёс зүй. Бүхний урд ажлын ёс зүйгээ л тавихыг хичээдэг. Арга барил гэвэл дарга царайлж явдаггүй төрлийн хүн. Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, газар хэлтсийн дарга аль ч байсан хүмүүстэйгээ зэрэгцэж суугаад л ажлаа хамт хийчихдэг. Мэдлэг чадвар, ажлын ёс зүйн хувьд манлайлж байж л хүн удирдахгүй бол ажил урагшлахгүй шүү дээ. Намайг дэд сайдын ажлаа хүлээлгэж өгөхөд манай залуус харамссан. Нэг хэлтсийн дарга маань “Би төрийн цөөнгүй том институцид ажилласан. Сайд, дарга нар үүрэг өгчихөөд яваад өгдөг. Харин тань шиг дарга, цэрэг гэж ялгахгүй харьцдаг. Хамт суугаад шөнө орой болтол ажлаа хийдэг төрийн сайдыг анх удаа харлаа. Их сайхан санагддаг” гэсэн шүү. Ер нь л өдрийн ажил дуусахад би байгууллагынхаа хаалгыг хамгийн сүүлд хааж гардаг. Төрийн хариуцлагатай албанд төрд бэлтгэгдсэн, чадвартай хүмүүсийг томилох ёстой. Төрийн бодлогоо мэддэг, салбарын асуудлаа эрэмбэлж чаддаг байхаас эхэлнэ. Ажлын туршлага, мэдлэг, ажил хийх чадвар нийлж байж бодит үр дүн гарна.

-Төрийн яам удирдаж байсан бол өнөөдөр төрийн өмчит компани гээд огт өөр онцлогтой ажилд  томилогдлоо. Дөрвөн сар гэдэг хэдийгээр богино хугацаа байж мэдэх ч зорьсон, төлөвлөснөө хийж хэрэгжүүлэх итгэл найдвар төрөв үү?

-Төр данхайлаа гэж хүмүүс их шүүмжилдэг. Гэхдээ бусад улс оронтой харьцуулахад манай яам, агентлаг, төрийн алба маш цомхон. Заримдаа ч ажлын ачааллаас эхлээд үнэхээр өрөвдмөөр шүү дээ. Бид хүн хүчээ нэмж чадахгүй учраас ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхэд технологийн дэвшлийг ашиглахаас аргагүй.

Төрийн нарийн бичгийн дарга байхдаа үндсэн ажлынхаа хажуугаар 100 гаруй ажлын хэсгийн гишүүн байлаа. Ёстой л хурлаас хурлын хооронд явна.

Ажилласан газартаа технологийн дэвшлийг нэвтрүүлэхийг хичээдэг. Мэргэжил, сонирхолтой маань ч холбоотой болохоор тэр байх. Сангийн яамыг бүрэн цахимжуулсан. Намайг анх ороход ширээн дээр цаас овоорчихсон байсан бол жилийн дотор цаасгүй яам болсон. Анх бүтэхгүй дээ гэж байсан хүмүүс сүүлдээ нээрэн л аятайхан юм гэж хүлээж авсан. Ер нь цаг хугацаа орон зайнаас хамаарахгүй болно гэдэг эцэстээ бүтээмж нэмэгдэж байгаа хэрэг. Сангийн яамыг цахимжуулсан туршлага байсан учраас Эдийн засгийн хөгжлийн яамыг долоо хоногийн дотор цахим болгосон. Ноу-хаутай болсон хүмүүс гялалзуулна шүү дээ. “Эрдэнэс Монгол” дээр ирээд мөн л цахим компани болж чадлаа. Сонгон шалгаруулалт гээд шинэ бүрэлдэхүүн ажилдаа жигдрэхэд бас хугацаа орлоо.

Цахимд шилжчихээр дарга нар амарчлаад бичиг уншилгүй батлах гээд байдаг сул талтай. Аяндаа хянаад явчихаар жигдэрчихнэ. Миний хувьд  бичиг уншихгүй батална гэсэн ойлголт байдаггүй. Заавал уншина. Сангийн яаманд сард дунджаар 1000 гаруй бичгийг хуваарилж хянаж баталгаажуулдаг байлаа. Ямар их хугацаа орох нь тодорхой. Хажуугаар нь үндсэн ажлаа хийнэ. Цахим болсноор энэ бүх цагийг хэмнээд, бүтээмж илүү нэмэгдэж байгаа юм.

Эхлээд аливаа байгууллагын соёлыг зөв тогтоох хэрэгтэй. Удирдлага өөрөө үлгэрлэж, хамтын соёлыг тогтоож чадвал ажил зөв явдаг. Албан тушаал харгалзахгүй нэг түвшинд харьцаад явахаар илүү амар байдаг. Надад нэг итгэл байна. Төрийн өмчит компани бас онцлогтой. Үндсэн үйлдвэрлэл, олборлолт явуулж байгаа компаниудыг нэгтгэж “Эрдэнэс Монгол” менежментийн толгой компани болж ирж байна. Тиймээс төр, засгийн газартай ойлголцох, ажил төрлөө уялдуулах шаардлага үүснэ. Энэ тал дээр хэнтэй ч ойлголцоод явах туршлага, боломж нь  байна. Нөгөө талаас Засгийн газрын түвшинд шинэчлэл өөрчлөлт хийх цаг үе ирснийг зарлаж тэр шинэчлэлийг хийх үүргийг надад өглөө. Бас улс төрийн дээд түвшинд болоод салбарынхан багагүй дэмжиж байгаа нь ажил урагшлахад илүү дөхөм болгож байна.  Зөв зүйл хийхэд боломж нээлттэй байна гэсэн итгэл төрсөн.

 

ТӨР КОМПАНИУДЫН БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШУУД ШИЙДВЭР ГАРГАЖ  ОРОЛЦОХГҮЙ

-“Эрдэнэс Монгол” компанийг группийн зохион байгуулалтаар ажиллуулах, IPO босгох, цаасан дээр явж ирсэн төслүүдийг бодит болгох гээд маш хариуцлагатай хэрнээ хүндхэн үүрэг танд оногдлоо. Нэг ёсондоо “гал”-тай цаг үед нь  удирдаж байна. “Тоглоомын дүрэм”-ээ тодорхой болгосон уу?

-Өмнө нь тусдаа үйл ажиллагаа явуулж байсан компаниудыг цаасан дээр нэгтгэснээс биш бодитой удирдлага, уялдаа холбоо хангалтгүй байдлаар олон жил явж ирсэн байна. Төрийн өмчит компаниудын нэр хүнд муудаж, олон нийт шүүмжилж  байна. Нэг ёсондоо их замбараагүй, хяналтгүй, янз бүрийн төсөл хөтөлбөрөөс эхлээд дуртайгаа санхүүжүүлж байсан. Цэгцлэхэд багагүй хугацаа орно. Эхний ээлжинд байгууллагын соёл, дүрэм журмыг мөрдүүлэхэд анхаарч байна.

Одоо бол Засгийн газар төрийн өмчит компаниудын бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаанд шууд шийдвэр гаргаж оролцохгүй гэсэн үндсэн зарчмаа зарлачихсан. Толгой компани стратеги төлөвлөгөө гаргаад түүнтэйгээ уялдуулаад явна. Гол шаардлага бол үйл ажиллагааг сайжруулж ногдол ашиг, татвар хураамж, төсөвт төвлөрүүлэх орлогоо нэмэгдүүлэх ёстой. Ялангуяа, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах ерөнхий шаардлага тавина. Баялгийн сан, Төрийн өмчит компанийн хуулиуд гараад ирэхээр тоглоомын дүрэм илүү тодорхой болоод ирнэ. Ингэж байж цэгцлэхгүй бол цаашаа явахгүй.

Бодлого, стратегийг тодорхойлж өгдөг ТУЗ бий. Энэ бүрэлдэхүүний үйл ажиллагааг сайжруулах, цөөлөх ажил хийж байна. Нүүрс, зэс металийн гээд үйл ажиллагааны чиглэлээрээ нэг ТУЗ-тэй байх, хязгаарлагдмал хариуцлагатай хувьцаат компанид заавал ТУЗ байх шаардлагагүй. Нэгдсэн бодлого, шийдвэр гаргахаас эхлээд эцсийн зорилго бол үр дүнг сайжруулахын төлөө явж байна.

-"Эрдэнэс Монгол" группт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 34 төрийн өмчит ААН харьяалагдаж байна. Ялангуяа, Эрдэнэт, Монголросцветмент гээд “Эрдэнэс Монгол”-оос давсан амбицитай том компаниудыг удирдах нь. Улстөржилтөөс эхлээд саад бэрхшээлтэй хэр нүүр тулж байна даа?

- Төрийн яаманд олон жил ажилласны хувьд уул уурхайн салбарын бодлогыг тодорхой түвшинд мэднэ. Тэр дундаа уул уурхайн бизнесийн чиглэлийн асуудлыг арай өргөн хүрээнд, олон талаас нь харж чадаж байгаа. Тэгэхээр цоо шинэ салбар, сорилт гэж харахгүй байна. Ямар ч байсан асуудлуудыг нь шийдээд зөв голдрилд нь оруулаад явна. Өмнө нь бол Засгийн газар, толгой компани аль алиных нь хувьд удирдлагын манлайлал дутаж байжээ гэсэн дүгнэлтийг хийчихээд байгаа. Сул байсны хор уршиг нь таны тодорхойлсноор амбицтай том компаниуд бий болж, хэм хэмжээнээсээ хэтэрч байсан тал бий. Одоо бол ийм зүйл байх ёсгүй. Байлгах ч боломжгүй.

Төрийн өмчит компаниуд нэгдэл болсноор хувь хүн болоод хамтын хариуцлага, засаглалын асуудал нэлээн тодорхой болох юм. Засаглал сайжирч нэгдсэн стратеги төлөвлөгөөтэй болж, харьяа компани бүрийн бизнес төлөвлөгөөг уялдуулна. Нэг ёсондоо үйл ажиллагааны ерөнхий чиг зураглал илүү тодорхой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, компаниуд дур дураараа авирлахгүй болно. Харин өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцох боломжгүй учраас тэр хариуцлага нь  тухайн компанийн удирдлагатай холбогдоно. Мэдээж хамтын зорилгоо биелүүлэхийг шаардана. Шаардах тодорхой механизмуудыг “тоглоом”-ын дүрмээр бий болгоно. Улсын үйлдвэрийн газрын үйл ажиллагааг төрийн болон орон нутгийн өмчийн хуулиар зохицуулдаг, компаниуд нь компанийн тухай хуулиар явдаг зэрэг зовлон бол байна. Энэ мэт эрх зүйн хувьд ойлгомжгүй зүйлсийг өөрчилж, цэгцлэхээс аргагүй.

 

ЗӨВХӨН ТӨР ГЭЛТГҮЙ ГАЗРЫН ДООРХ БАЯЛГИЙГ АШИГЛАЖ БАЙГАА ХУВИЙН КОМПАНИУДААС АРД ТҮМЭН ӨГӨӨЖ ХҮРТЭХ ЁСТОЙ

 

-Монгол Улс 30 жил уул уурхай ярьж байна. Одоо арай өөр түвшинд хөгжих цаг болсон. Ялангуяа, газрын доорх баялгийн өгөөжийг ард түмэн хүртэх цаг хэзээ бол. Төр менежер хийж чадахгүй юм бол хувьчилъя гэсэн хүмүүс ч байдаг?

- Газар доорх баялаг ард түмний өмч гэж Үндсэн хуульд зааж өгсөн. Энэ утгаараа олон нийтэд хүртээмжтэй байж, үр шимийг нь нийтээрээ хүртэх учиртай. Байгалийн баялгийг хувийн секторт шилжүүлэхэд богино хугацаанд сорчилж ухаад дуусгасан тохиолдлууд байна. Богино хугацаанд их мөнгө олоод алга болсон жишээ олныг хэлж болно. Гэтэл газрын хэвлийн баялгийг бүрэн ашиглах тухай асуудал хамгийн эхэнд яригдах ёстой. Уул геологийн нөхцөлдөө тохирсон бүтээгдэхүүн гаргахаас биш хамгийн гоё сайхан, чанартайг нь ухаж гаргаад дуусах юм бол тэр уурхай богино хугацаанд ашиглалтгүй болно. 100 жил ашиглах нөөцтэй уурхайг 10-20 жил ухаад дуусах эрсдэлтэй. Ямар ч хариуцлагатай үйл ажиллагаа байхгүй болно. Ер нь бол төрийн компаниуд хариуцлагатай байж чадвал илүү ихийг хийх боломж байгаа. Ард түмэнд эрдэс баялгийн үр өгөөжийг яаж тэгш, шударга хүртээх вэ гэдгийг бодит болгох цаг болсон. Зөвхөн төрийн гэлтгүй газрын доорх баялгийг ашиглаж байгаа хувийн компаниудаас ард түмэн өгөөж хүртэх ёстой. Энэ концепц Баялгийн сангийн хуультай холбоотойгоор илүү тодорхой болно гэсэн хүлээлттэй байгаа.

Хувь хүнийхээ бодлыг хэлэхэд, төрийн өмчит компанийн хувьцааг ард түмэнд үнэгүй өгөх байдлаар ард түмэн үр ашиг оновчтой хүртэж чадахгүй. Хувьцаа гаргах, худалдаж авах бол цэвэр бизнесийн зарчмаар явах  болохоос улс төрийн шийдвэр байж болохгүй.

-Таны ярианаас харахад төрийн өмчит компаниуд бизнесийн зарчмаар ажиллах юм байна. Уул уурхайн баялгаас ашиг хүртэж байгаа хувийн компаниуд ч ард түмэнд өгөөж хуваарилах ёстой гэсэн зарчмыг баримтлах нь. Ер нь эрдэнэс баялгийн менежмент хийснээр ямар үр дүн гарах юм бэ?

-Уул уурхайн салбар хөгжлийн замаа туулж явна. Гэхдээ шууд эцсийн бүтээгдэхүүн боловсруулна гэхээс илүү газрын доорх баялгаа бүрэн дүүрэн ашиглах ёстой. Гаргаж авсан бүтээгдэхүүнээ ямар түвшинд боловсруулж чадах вэ гэдэг асуулт тавигдана. Үүнийг хийхийн тулд боловсруулах үйлдвэрүүд барих шаардлага үүснэ. Үйлдвэр барих хөрөнгө мөнгө, дэд бүтэц хэрэгтэй болно. Мөн боловсруулах үйлдвэрийг ажиллуулах бэлтгэгдсэн инженер техникийн ажилчдаас эхлээд олон асуудал бий. Эхний шатанд уул уурхайн бүтээгдэхүүнийг  бүрэн олборлож, хамгийн бага зардал, оновчтой байдал, үр ашигтай тээвэр логистик юм. Энэ бүхнийг хийсний дараа өрсөлдөх чадвар нэмэгдэж бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээр борлуулах боломж бүрдэнэ. Төрийн өмчийн компаниудын нэгдлийн хувьд уул уурхай, эрдэс баялгийн салбарын өнөөгийн нөхцөл байдалд маш сайн дүн шинжилгээ хийсний үндсэн дээр 15 жилийн үндсэн чиглэлийн төсөөллөө гаргаж байна.Тэр дотроо тав, таван жилээр нь стратеги төлөвлөгөө гаргана. Ингэж цогцоор нь хийж байж үр дүнд хүрэхээс биш тус тусдаа хувийн амбициа хөөгөөд байх юм бол урагшлахгүй л дээ.

 

“ЮУ Ч ХЭЛСЭН ХӨДӨЛДӨГГҮЙ” ГЭСЭН ТОДОТГОЛ МААНЬ АМАР БАЙДАГ

 

-Төрийн өмчит компаниудын шахаа, эрх ашиг ил цагаан яригддаг, нэгэнт бодит болсон зүйл. Өөрчлөлт хийе гэхэд янз бүрийн дарамт шахалт мэдрэгдэх юм уу. Ямар саад бэрхшээл байна вэ? 

-Саад бэрхшээл байна. Нэгдүгээрт, олон жил замбараагүй явсан. Хоёрдугаарт,  өөрчлөлтийг тийм хурдан, дуртай хүлээж авдаггүй юм байна. Ялангуяа, төрийн байгууллагын хүнд суртал гээд ярьж болно. Ний нуугүй хэлэхэд, дотор нь ороод ажиллахад олон л сонирхол, эрх ашгийн нөлөөлөл мэдрэгдэж байна. Янз бүрийн зорилгоор байгуулагдсан компаниудаас эхлээд тодорхой бүлэглэлийн эрх ашиг орсон зүйлтэй ч нүүр тулж, өөрчлөлтөд дургүйцэж байгаа хүмүүс ч нэлээдгүй гарч ирэх бололтой.

Таны асуусан дарамт шахалт гэх юм уу тэр нь одоогоор гайгүй. Гэхдээ ганц нэг утас цохьсон зүйл бий. Одоогоор гэсний учир нь цаашид нэлээн өөрчлөлт шинэчлэл хийгдэж олон бодлого гарна. Эхний ээлжинд шууд гэрээ хийдгийг болиулна. Худалдан авалтад танил тал хэн нэгний эрх ашиг орохгүй, ТУЗ-өөс эхлээд бүх зүйл сонгон шалгаруулалтаар явагдана. Хэн нэгэн илүү эрх эдэлнэ гэдэг ойлголт байхгүй. Гэхдээ зөв механизмыг бүрдүүлж, бүгдтэй ижил дүрмээр “тоглоно”. Энэ бүх үе шатанд ямар бэрхшээл, сорилт гарч ирэхийг мэдэхгүй.

Би тийм сайхан ааштай, зөөлөн хүн биш. Ааш гаргах үедээ гаргана. Зарим нь ч ааш муутай, хямсгар, юу ч хэлсэн “хөдөлдөггүй” гэж ярьдаг гэсэн. Ер нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ааштай байхаас өөр аргагүй. Найзархаг байвал энэ улс орон юу болох вэ. Одоогийн “Эрдэнэс Монгол” компанийн энэ албанд маань ч “юу ч хэлсэн хөдөлдөггүй” гэсэн тодотгол маань амар байдаг.

-Тэгвэл юунд итгэж байна вэ?

-Олон нийт, иргэний нийгмийн хяналт сайжирсан. Зөв тийшээ явахгүй бол болохгүй гэдгийг аль аль талдаа ойлгосон  болов уу. Тиймээс Засгийн газар зөв зүйлийн төлөө өөрчлөлтийг эхлүүлсэн, үүрэг даалгавар өгч томилсон. Эргэж буцах, ухрах замгүй. Түр зуурын томилгоогоор ажиллаж байгаа гэж бодож аргацаах, ашиг сонирхол гаргах байдлаар хандахыг хүсэхгүй байна. Миний ажлын зарчим, ёс зүй маань ч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Надад итгэл найдвар, хариуцлага үүрүүлж энэ ажилд томилсон. Тэр үүрэг, хариуцлага нь надад оногдсон учраас тууштай, шуурхай байхаас өөр замгүй. Өнгөрсөн 20 жилийн турш төрийн төлөө хоёргүй сэтгэлээр ажилласан. Хуучин зүйлдээ дассан, эрх ашиг нь хөндөгдөхөөр тэр бүр мэдрэгдэхгүй ч гэсэн дургүйцсэн үйлдэл янз бүрээр илэрдэг юм билээ. Буруу зүйл хийх тусам асуудал нь хуримтлагдсаар эцэст нь илүү том “хагарч”, их цус гарах учраас нийгмээрээ өөрчлөлт, шинэчлэлт, зөв зарчим руу явахаас өөр аргагүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 84 (7069)