Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Хоёр долоо хоногийн өмнөөс ам.долларын ханш буурч төгрөг чангарч эхэлсэн. Тодруулбал, өнгөрсөн сард ам.доллар 3.524.98 төгрөг байсан бол өнөөдөр 3483 төгрөг болжээ. Харин юань 515-505 төгрөг болоод байна. Тиймээс арилжааны банкууд болон “Найман шарга” худалдааны төвд ам.доллар болон юанийн ханш ямар байгаа болон нөөц хэр байгаа талаар сурвалжиллаа.
Өглөө 10:00 цагийн үед “Найман шарга” валют арилжааны төвд хүний хөдөлгөөн их байв. Урд хөрш хилээ нээж худалдаа наймаа хэвийн болсонтой холбоотойгоор юань худалдан авах хүмүүс ихэсжээ. “Найман шарга” худалдааны төвд юань худалдан авах ханш 505 төгрөг, худалдах ханш 508 төгрөг байна. Харин ам.долларын худалдан авах ханш 3482 худалдах үнэ нь 3488 төгрөг байв. Энэ талаар “Уянга-эрдэнэ” ББСБ-ын диллер Б.Оюунтуяагаас тодруулахад “Сүүлийн үед гадаад валютын ханш суларч төгрөг чангарч байна. Хоёр долоо хоногийн өмнө 520 байсан юань өнөөдөр 505 төгрөг болсон. Ам.доллар 3508 байсан бол 3482 байна. Сүүлийн үед хүмүүс юань ихээр худалдан авч байна. Эрэлт их байна. Харин долларын эрэлт тийм ч их биш байна. Цаашид валютын үнэ буурах шинжтэй” гэв.
Харин юань худалдан авч байгаа иргэн Э.Тунгалагтуяа “Би 45 сая төгрөг солиулах гэж байна. Энд юанийн нөөц бага байх шиг байна. Хоёр газраар орлоо. Юань ихээр байхгүй гэнэ. Банкаар солиулдаг юм бил үү гэж бодож байна” гэсэн юм.
Банкууд ам.доллар, юанийг хязгаартай олгосон хэвээр байна
Ханш буурч, валютын нөөц нэмэгдсэн ч арилжааны банкууд валют олгохдоо хязгаарлалт тогтоосон хэвээр байна. Төгрөгийг валют руу шилжүүлэх Хаан болон Худалдаа хөгжлийн банкны дээд хязгаар нь 100 сая төгрөг. Нэг хүн өдөрт хамгийн ихдээ 100 сая төгрөгийг ам.доллар болон юань болгож болно. Харин дээрх банкуудад гадаад валютын нөөц өмнөх саруудыг бодвол харьцангуй их байгаа бөгөөд сүүлийн хоёр долоо хоногт банкуудаас юань худалдан авах нь ихэссэн гэдгийг банкны эдийн засагчид хэлж байлаа.
Төгрөг чангарна
Тэгвэл ханш цаашид ямар байх талаар эдийн засагч Г.Батжаргал “Гадаад худалдаа нэг тэрбум ам.долларын ашигтай гарлаа гэсэн мэдээтэй зэрэгцэн арилжааны банкнууд Монголбанканд ам.доллар худалдан авах хүсэлт биш албан ханшаас доогуур үнээр ч хамаагүй зарах хүсэлт тавих нь ихэссэн. Энэ нь төгрөг эргэж чангарахын дохио. Ханш ч буурсаар байна. Өнгөрсөн онд хүмүүс төгрөгийн хадгаламжаа доллар болгох нь нэмэгдсэн. Гэхдээ ам.доллароор ашиг олох санхүүгийн бүтээгдэхүүн Монголд бараг байхгүй. Тиймээс ханш суларч иргэд ам.долларын хадгаламжаа буцаагаад төгрөг болгож, төгрөгийн өгөөжтэй бүтээгдэхүүн сонирхох эсвэл хавар болж бизнесийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбоотой байж магадгүй. Нөгөө талаар нүүрсээ биржээр зарах, Оюу толгойн далд уурхайн үйл ажиллагаа эхлэх, гадаад худалдаа ашигтай гарч байгаа зэрэг нь цаашид төгрөг чангарах хүлээлтийг нэмэгдүүлж байгаа. Арилжааны банкууд юань, ам.доллар зарах хязгаартай байхад өмнө ийм арга хэрэглэж байсан ч тодорхой хугацаанд хэрэгжээд ханш тогтворжихоор хэвийн болдог. Ханшийг тогтворжуулхад арилжааны банк, Монголбанк дангаараа хариуцлага хүлээхгүй, Засгийн газрын оролцоо ч чухал” гэв. Өнгөрсөн жил төгрөгийн хадгаламж буурч валютын хадгаламж сарын хугацаанд 59 тэрбум төгрөгөөр өсч байсан судалгаа бий. Тэгвэл төгрөг чангарч иргэд валютын хадгаламжаа төгрөг болгож буй нь цаашид төгрөг чангарахад нөлөөлж болох юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 83 (7068)