Б.ДАМДИН-ОЧИР
АН-ын хэдэн жилийн зовлон энэ 2023 онд дуусмар болох шинжтэй. Шинжтэй гэдэг нь "...Ийм явц эхэлсэн болохоос дуусаагүй байна" гэсэн үг.
Ямар ч байсан Лу.Гантөмөрийг дарга гэдгийг Дээд шүүх баталж өгсөн. Саяхан АН-ын хаягийг шинэчилж бүртгэлээ. Лу.Гантөмөр "энд"-ээс гэрчилгээ, "тэнд"-ээс тамга авч байж АН-ын дарга гэж бүтэн хэлэх эрхтэй болов. Үнэндээ АН-ын гэрчилгээ, тамга түүнд асар үнэтэй олджээ.
Ер нь бол анх дарга болохдоо л нуль дарамт, дарангуйлал авч байж "сонгогдсон" байгаа юм. Ах нар нь "...Чамайг тэгвэл ингэнэ, ингэвэл тэгнэ шүү" гэж айлгадаг гээд л улс төрийн хүрээнд ярьдаг болсон. Дарга болсноос нь хойш шүү дээ.
Энэ мэтийн хов жив үнэндээ л тасрахгүй юм.
Тэгвэл хов гэхэд сулдаж, мэдээлэл гэхээр чангадах нэг "яриа" улс төрийн хүрээнд хаврын түймэр шиг газар авч байна.
"...АН "хувьцаа эзэмшигчид"-тэй болжээ" гэнэ. "...Компани биш нам, яахаараа тийм юм болно гэж" гээд бас маргалдаж буй хүмүүстэй ч таарлаа. Хов сонсож, мэдээлэл хөөгөөд хэсэг явлаа. Тэгж хэлж болохуйц үйл явдал АН-д яалт ч үгүй болжээ.
Сүүлийн хоёр, гурван жилийн туршид гурав, дөрвөн хэсэг болж үзээд байсан АН-ын "толгойлогч" нар тус тусдаа Лу.Гантөмөртэй уулзаж, яриа тохироо хийжээ.
Эхнийх нь Х.Баттулга. Бас нэг АН-ын дарга нь явсан. Халаасандаа МоАХ-той. Бодит хүчтэй гэсэн үг. Тэр хэрээр Лу.Гантөмөрийг АН-ын дарга болоход жинхэнэ утгаар нь бодит дэмжлэг үзүүлсэн. Түүнийг дэмжсэн саналын 30 орчим хувь нь Х.Баттулгынх байсан гэдэг. Намынхан нь тэгж ярьдаг. Олон нийт ч АН-ынхан даргаа сонгох гээд хуралдаж байхад Х.Баттулга хэсэг нөхдийнхөө хамт С.Баярцогтыг шүүгчтэй хамт Цэцэд өгөөд явж байсныг мэднэ. Дэмжлэг биш гэж үү. Тиймээс Лу.Гантөмөр түүнд өртэй болчихож байгаа юм. Х.Баттулга бол бизнесмэн. Хариугаа авчээ. Ирэх сонгуулийн квотын 30 хувийг авахаар болжээ. Тэгээд гэрчилгээг нь гаргаж өгсөн байна. Түүн дээр нь Лу.Гантөмөр нэр, хаягаа бичүүлэв. Ингээд Лу.Гантөмөрт АН-ын 70 хувь үлдэж байгаа юм. Түүнийг гэрчилгээтэй болоход тэсэн ядан бачимдсан хүн бол С.Эрдэнэ. АН-ын дарга явсан. Дарга байхдаа байшингаараа байраар хангаж байв. Уг нь тухайн үед С.Эрдэнийн байшин, газар нь асуудалтай болчихсон байсан. "...Ийм байшин барина гээд тиймийг барьчихсан" ч бил үү, хураагдаж ч мэдэхээр байсан. АН-ын байр болсноор улс төрийн хамгаалалтад ороод, аврагдаж үлдсэн. Гэхдээ "...С.Эрдэнэ ч бас АН-ын тамгыг дарж хэвтсээр авч үлдсэн" гэж намынхан нь ярьдаг. Ойлгомж муутай ч заримдаа үнэн мэт харагддаг. Ямар ч байсан атгаж байсан тамгаараа АН-ыг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулаад, өөрөө Ерөнхийлөгчид үзчихсэн л хүн. Тэрбээр С.Зоригийн төрсөн өдрөөр Лу.Гантөмөрт тамгаа аваачиж өгөөд 20 хувийн тохироо хийжээ. Ирэх сонгуульд АН-аас 76, эсвэл 152, бүр 38 хүн нэр дэвшихэд С.Эрдэнэ 20 хувийг нь мэднэ гэсэн үг.
Энэ тухай Баабар "...Сонгуулийн квот нэхээд байсан, авчихсан бололтой" гэж жиргэсэн байна лээ. Энэ хоёр бие биеэ байнга шоглож явдаг юм. Гэхдээ Баабар иймэрхүү мэдээлэл дээр бодитой "жиргэдэг" юм.
Лу.Гантөмөрт бас нэг үгийг нь сонсох ёстой хүн бий. АН-ын даргын марафонд өмнө нь явж байсан ч ард нь ороод уначихсан С.Баярцогт л доо. "...Туг ч барьсан, тугал ч хөөсөн. Даанч түүнийг буруутгадаг асуудлууд түүнээс гарамгүй юмнууд байдаг" гээд намынхан нь дэмжээд ч, зэвүүрхээд ч байгаа маягтай ярьдаг. Тэр бас АН-аас "хувь" хүртжээ. Энд тодруулахад, С.Баярцогттой хамт Ц.Элбэгдорж байгаа гэсэн. Ер нь бол С.Эрдэнэ ч, Х.Баттулга ч ардаа нэг хоёр хүн биш бүхэл бүтэн "арми"-тай л даа. Зарим нь их эвгүй. Улс төрийн хэллэг болгож хүчээр "...Фракц" энэ тэр л гэхгүй бол шулуухан л бүтэглэлийн зохион байгуулалт, үйл ажиллагаа харагддаг. Тэгвэл С.Баярцогтын тухайд нийслэлийг, мөн АН-ын генсекийн суудлыг авахаар болжээ. Өөрөөр хэлбэл, нийслэлд С.Баярцогтын зөвшөөрлөөр нэр дэвшинэ. Бас Лу.Гантөмөр Ч.Өнөрбаярыг генсек болгоно гэсэн үг.
С.Баярцогтын энэ "хувь" С.Эрдэнэ, Х.Баттулга хоёрынхоос дутахгүй. Ингээд харахаар АН-ын дарга Лу.Гантөмөр ирэх сонгуульд АН-аас нэр дэвшигчдийн талыг нь мэдэхгүй болж таарч байна. Нэг талаас, цаашид АН-ыг Лу.Гантөмөрөөс гадна Х.Баттулга, С.Эрдэнэ, Х.Баттулга нар даргалахаар боллоо гэсэн үг. Нөгөө талаар, 2000 онд таван нам нэгдэж, АН-ыг байгуулаад, хожмоо улам үржээд олон фракцтай болж байв. Сая хэсэг задраад буцаж нийлэхдээ ийм дөрвөн том "фракц"-тай эхэллээ. Ямартай ч АН-ын "хувьцаа эзэмшигчид"-ийг танилцууллаа. Цаашид юу болохыг бүү мэд.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 82 (7067)