Т.САЙХАН

МАН-ын бүлгийн ээлжит хурлаар хэлэлцсэн асуудлын талаар  бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. МАН-ын бүлэг энэ удаагийн хурлаараа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас цаг үеийн асуудлаар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар мэдээлэл сонсчээ. Мөн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн байна.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: -Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсоод "Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хийх ажлыг эрчимжүүлэх, ноолуурын үнийг бууруулах байх чиглэл өгсөн. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлага үүсэж байгааг гишүүд онцолсон. Ялангуяа төрийн албан хаагчдын цалин ялгамжтай байгаа. Цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгохоор Засгийн газарт Д.Амарбаясгалан сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ ажлыг хэсгийн ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө. Засгийн газар төсвийн боломжоо хараад УИХ-д тодорхой хугацааны дараа цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх саналаа оруулж ирнэ. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: -Төмөр замын тээврийн тухай хуулийг баталснаас хойш олон харилцаа нэмж үүссэн учир хуулийг шинэчлэх шаардлага гарсан. Төмөр замын суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нь тус тусдаа байна. Үүнтэй холбогдуулан УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг эзэмшигч, тээвэрлэгч гэж хоёр компани болж хуваагдана. Энэ хууль нь өрсөлдөөнийг хязгаарлахгүй, тэгш өрсөлдөөнийг бий болгоно. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн төмөр замаас гадна 890 км гаран төмөр зам тавьсан. Хуулийн хүрээнд төмөр замын агентлаг байгуулна. 2010 оны байдлаар суурь бүтэц эзэмшигч нэг байсан бол өдгөө суурь бүтэц эзэмшигч дөрөв, тээвэрлэгч дөрөв, суурь бүтэц барих, угсрах эрх бүхий 253, дагнасан болон салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч 250 орчим болж нэмэгдээд байна. Энэ бүх харилцааг зохицуулах шаардлагатай. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нүүрсний тээврийн тарифт хязгаарлалт хийдэг. Үүнийг нэмэх юм бол ард иргэдийн амьжиргаанд нөлөөлнө гэж үздэг. Тиймээс хуулийн төслөөр тарифын аргачлалыг сайд батална. Тариф бодитой юу үгүй юу гэдгийг төмөр замын байгууллага хянана. Мөн орон тооны бус тарифын зөвлөл байгуулна. Энэхүү зөвлөл нь мөн тариф тогтож буй байдалд хяналт тавина.

Эх сурвалж:www.polit.mn