Базарбямбын НЯМСҮРЭН
Хөрөнгө оруулалт татах, эдийн засгийг тэлэхээр гадна дотны хөрөнгө оруулагчдыг урьсан Улаанбаатар форум өнгөрсөн долоо хоногийн эдийн засгийн салбар дахь томоохон үйл явдал байлаа.
Нийслэл хотод одоогоор Монгол Улсын хүн амын 70 гаруй хувь нь оршин суудаг ч дэд бүтэц, бүтээн байгуулалт, авто тээврийн шинэчлэл, хотын шинэчилсэн төлөвлөлт гээд шийдэх ёстой, гарц гаргалгаа хүлээсэн асуудлууд олон бий. Тэдгээр шийдлүүдэд мэдээж хөрөнгө оруулалт, сайн менежмент хэрэгтэй.
Энэ жилийн форумд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, хамтын ажиллагаатай байгууллага, манай улсад суугаа Элчин сайдын яамдын төлөөлөл, ах, эгч дүүгийн харилцаат хотын төлөөлөл зэрэг 500 орчим зочид уригдсан томоохон форум болж өнгөрлөө. Энэ үеэр хөрөнгө оруулалт шаардлагатай, мөн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтран хэрэгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын 50 гаруй төслийг танилцуулж, 14 санамж бичиг болон гурван гэрээ байгуулжээ.
Форумын үеэр “МИК холдинг”, Нийслэлийн орон сууцны корпораци хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсанаа зарлаж үзэглэлээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд цаашид Улаанбаатар хотод хийгдэх дахин төлөвлөлт, орон сууцжуулах төслийг Монголын Ипотекийн корпораци холдинг санхүүжүүлж, НОСК дахин төлөвлөлтийн орон сууцны бүтээн байгуулалтыг шийдэх аж.
“МИК холдинг”-ийн захирал Б.Гантулга:550 сая долларын хөрөнгө гадны зах зээлээс босгосон туршлагатай
-Санамж бичгийн гол агуулга нь бол Улаанбаатар хотыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хүрээнд Нийслэлийн орон сууцны корпорацийн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын санхүүжилт дээр хамтран ажиллахыг баталгаажуулж байгаа.
Санхүүжилт босгохдоо олон улсын санхүүгийн байгууллага, болон хөрөнгийн зах зээлээс татна. Бид өнгөрсөн таван жилийн хугацаанд дунджаар 550 сая ам.долларыг олон улсын зах зээлээс амжилттай босгосон байна. Улаанбаатар хотод 180 гаруй мянган өрх гэр хороололд амьдарч байна. Бидний харж буйгаар эдгээр өрхүүдийн амьдарч байгаа талбай дээр ногоон стандарттай орон сууц барих боломж бий. Дунд хугацаандаа гэж үзэхэд 50-60 мянган айл өрхийг ногоон стандартын орон сууцанд орох боломжийг бүрдүүлэхээр ажиллана.
Өнөөдрийн хувьд хамтын ажиллагааны санамж бичгээ үзэглэлээ. НОСК-ийн хувьд дахин төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлыг, Ипотекийн корпораци цэвэр санхүүжилтийг хариуцаж байгаа.
Нийслэлийн орон сууцны корпорацийн захирал М.Говьсайхан:Хөрөнгө оруулагчдад таатай нөхцөлтэй төсөл хөтөлбөр санал болгож байна
-НОСК-ийн хувьд 2023-2024 онд төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гадна дотны хөрөнгө оруулагчдад таатай нөхцөлтэй төсөл хөтөлбөрүүдийг санал болгож байгаа. Ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцооны талаар ярьж байна. Монгол Улсад Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжээд 10 гаруй жил болсон. Ихэнх зээлдэгч Улаанбаатар хотод төвлөрч байна. Энэ хүрээнд тогтолцооны талаар танилцуулахаас гадна цаашид дараагийн 10 жилд хаашаа төвлөрвөл зүйтэй юм бэ гэдгээ харах цаг болсон гэж үзэж байна.
Ийнхүү Улаанбаатар хотоор овоглосон олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум Яармаг дахь Хангарьд ордноо болж, томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын эхлэлийг тавьлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 81 (7066)