Б.ДАМДИН-ОЧИР

 

С.Зоригийг хөнөөсөн хэрэг дахин задарлаа. Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр цагаадлаа. Хэргийн эзэнгүй болов. Угаасаа гүйцэтгэсэн этгээдүүдээр нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг "тодруулсан" ч захиалагч нь олдоогүй байсан юм. Тэгэхээр энэ хэргийг ямар түвшинд яаж шалгах нь вэ гэдэг заавал анхаарал татна. Хэргийг мөрдөх шинэ ажлын хэсэг байгуулагджээ. Багагүй хугацаанд ажиллачихжээ. ЭЦА-ны дарга Т.Сүхболд ахалж байгаа юм байна. Энэ ажлын хэсэг л "юм" дуулгаж магадгүй гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Ер нь энэ хэргийг өнгөрсөн 25 жилийн хугацаанд илрүүлэх зорилго улстөрчдөд ч, хууль хяналтынханд ч байгаагүй бололтой юм. Аль нэг эрх ашгийг л хангаж ийш тийш болгож ирсэн. Тэр тусмаа 2017 онд гурван шүүхээр яаран шийдсэн нь бүр ч асуудалтай. Тийм учраас одоо ч олон нийт "...С.Зоригийг хөнөөсөн хэргээр шоудах нь" хэмээн хардсаар байна. Гэхдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн цагаан сараар Үндэсний телевизэд ярьсныг зорилготойгоор сануулъя. Тэрбээр "...С.Зоригийг хөнөөсөн хэрэг “Эрдэнэт”-тэй холбоотой л асуудал байдаг. Гайхахаар байгаа биз. 1998 он буюу 25 жилийн өмнөхийг буцаагаад ухраагаад яг тэр үеийн баримт бичгүүдийг нь үзэхэд “Эрдэнэт”-д онцгой дэглэм тогтоочихсон байдаг. Тэр үед С.Зориг Дэд бүтцийн сайд байсан. “Эрдэнэт”-ийн удирдлага солигдох процесс явж байсан. Гэтэл тэнд зөрчлүүд үүссэн" гэж мэдэгдсэн шүү. Маш ноцтой юм. Гол нь энэ нөхөр өнөөдөр Ерөнхий сайдаар ажиллаж байна. Буухаас нь өмнө нэг тийш болж, жинхэнэ хэрэгтнүүд илэрч мэдэх л юм. Гэхдээ тэр болтол их олон үйл явдал болно доо. Тэрийг мэдсэн нөхдүүд сандраад утуулсан оготно шиг л гүйлдэж байна. Их сонин сонин хүмүүс сандраад эхэлсэн байдаг шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 81 (7066)