Т.САЙХАН

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргийн хамт Монгол Улсад энэ сарын 24-26-ны өдөр Төрийн айлчлал хийнэ. Айлчлалын талаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаярын байр суурийг хүргэе.

 

-Манай улс Польш улстай ямар түвшинд хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн бэ?

-Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улстай 1950 оны дөрөвдүгээр сарын 14-нд дипломат харилцаа тогтоосон. Польш Улс 1960 оноос Улаанбаатарт ЭСЯ-аа нээн ажиллуулж байгаад 1995 оны есдүгээр сард Улаанбаатар дахь ЭСЯ-аа хаасан. 1999 онд ЭСЯ-аа сэргээн нээсэн ч польшийн тал 2009 онд дахин хааж, Бээжингээс манай улсыг хавсран сууж байсан. Харин 2015 оноос  Варшаваас Монголыг хариуцаж ажиллах Элчин сайдыг томилсон. Польшийн Засгийн газар Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээх шийдвэрийг 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр гаргаж, байнгын үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Харин Манай Улсын ЭСЯ Варшавт 1959 оноос тасралтгүй ажиллаж байна.

-Өнгөрсөн хугацаанд хоёр орны дунд ямар айлчлалууд хийж байв?

- Ерөнхийлөгч Н.Багабанди 1999 онд Польш улсад айлчилсан бол  Ерөнхийлөгч Л.Качиньски 2008 онд манай улсад иржээ.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 онд , Ерөнхийлөгч Б.Коморовски 2013  онд харилцан айлчилсан байна.  Ерөнхийлөгч асан Л.Валенса мөн 2013 онд манай улсад ирсэн.  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Б.Чимид 1996 онд, Б.Батхишиг 2005 онд, Польшийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хатагтай Д.Хюбнер 1998 онд, И.Шыманик-Дереш 2004 онд тус тус айлчилжээ.  Харин парламентын түвшинд Сенатын дэд маршал З.Куратовска 1991 онд, Сенатын маршал А.Стрүжик 1995 онд, УИХ-ын дарга Р.Гончигдорж 1997 онд, УИХ-ын дэд дарга Н.Энхболд 2010 онд, Сенатын Маршал Б.Борусевич 2013 онд, Сеймийн дэд маршал Е.Вендерлих 2014 онд, Сеймийн дэд маршал Э.Гжэшчак 2015 онд, УИХ-ын дарга З.Энхболд 2015 онд, Сенатын дэд Маршал М.Коц 2016 онд , Сеймийн дэд маршал М.Гошевска 2019 онд, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан 2021 онд тус улсад айлчилж байв.

-“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд польшийн талтай хамтран ажиллах талаар ярилцана гэлээ.  Ер нь энэ хүрээнд ямар дэвшил гарах вэ?

- Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд Польшийн Радом хотод 46, Варшав хотод 12 нийт 58 монгол оюутан суралцаж байна.  Боловсролын яамд хоорондын “Дээд боловсролын салбарт хамтран ажиллах хөтөлбөр”-ийн дагуу польшийн тал жил бүр 22 оюутан, аспирант хүлээн авдаг бөгөөд БНПУ-ын Их дээд сургуулиудад нийт 75 монгол оюутан, аспирант суралцаж байна. Хувийн зардлаараа 30 орчим оюутан суралцдаг. 2021 оны зургадугаар сард Боловсролын хөтөлбөрийг шинэчлэн байгуулсан. Мөн Польшийн дотоодыг хамгаалах, засаг захиргааны яамны харьяа Галын ерөнхий сургуульд 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн ОБЕГ-ын шугамаар жил бүр хоёр оюутан сургаж байна.  БХЯ, ОБЕГ-ын албан хаагчийг  оператив-тактик, оператив-стратегийн чиглэлээр сургаж, 2021, 2022 онд тус бүр хоёр сонсогч сургуулиа төгссөн. Мөн Варшавын их сургуульд Монгол судлалын тэнхим 1950 онд байгуулагдан тасралтгүй  ажиллаж, оюутан бэлтгэж байна. Тус тэнхим монгол хэл, монгол судлал болон түвд, манж, түрэг судлал, шашин судлал зэрэг чиглэлээр сургалт явуулж байна. МУИС-ийн Бизнесийн сургууль, Лодьзийн Их сургуулийн эдийн засгийн сургууль хамтран 2+2 Хөтөлбөрийг 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Мөн Монгол Улсаа сурталчилсан олон тооны соёл урлагийн арга хэмжээг Польшид жил бүр зохион байгуулж ирсэн. Хамгийн сүүлд Чойжин ламын сүм музейн тухай үзэсгэлэн  2020 онд, Хадны сүг зургийн үзэсгэлэн 2021 онд, “Хөх Монгол” хамтлагийн тоглолтыг 7-8 удаа зохион тус тус байгуулсан.  Легници Поле Санамж бичиг 2020 онд байгуулж,  “Монголын дугуйлан”-г ажиллуулж,  Монголын сурталчилгааны “Ойр дотно Монгол-Польш” арга хэмжээг 2022 Скерневице хотод зохион байгуулсан. Түүнчлэн 2022 оны арваннэгдүгээр сард “Монголын өдрүүд” арга хэмжээг Ази номхон далайн музейд, 2023 онд “Монголын цагаан сар” арга хэмжээг Радом хотын Хүмүүнлэг, Технологийн их сургуульд зохион байгуулж, хоёр орон харилцаагаа улам гүнзгийрүүлэн хөгжүүлж байна.

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 80 (7065)