Базарбямбын НЯМСҮРЭН
Нийслэл хотоор овоглосон хөрөнгө оруулалт, түншлэлийн форум Яармаг дахь шинэ Хангарьд ордноо өчигдөр эхэллээ.
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан анхны удаагийн форумыг нээж үг хэлсэн бол, зохион байгуулагчдыг төлөөлж Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч, “Премиум корпораци”-ийн гүйцэтгэх захирал А.Ганхуяг нар нээлтийн цан цохив.
Улаанбаатар хот нь Монгол Улсын эдийн засгийн 70 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг. Хүн амын талаас илүү хувь нь нийслэл хотод амьдардаг учир Улаанбаатарын асуудал улсын хэмжээний асуудал юм. Тиймээс ч “Шинэ сэргэлт-Улаанбаатар” уриан дор зохион байгуулж буй энэхүү форумд Шинэ сэргэлтийн бодлогыг санаачлан хэрэгжүүлж буй Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ хүрэлцэн ирж үг хэллээ. Ерөнхий сайд “Шинэ сэргэлт монголчуудын, улаанбаатарчуудын шинэ хандлагаас, асуудлаа харж буй өнцгөөс эхэлнэ” хэмээн илтгэлээ эхлүүлэв.
“Ил тод, нээлттэй, шилэн, олон улсын стандартад нийцүүлсэн, тогтвортой байдлаар асуудлыг шийдэх ёстойг өнгөрсөн 30 жилийн түүхээс бид харлаа. Бид нүүрс, зэс дээр тогтдог эдийн засагтай.
вэл, урсгал зардал 80 хувийг, хөрөнгө оруулалт 20 хувийг л эзэлж байна. Нийслэл Улаанбаатар хотын хувьд ч адил. Тиймээс бидний өмнө урсгал зардлаа хэрхэн багасгаж, хөрөнгө оруулалтаа нэмэх вэ гэдэг асуудал байна. Төр, хувийн хэвшилтэй хамтарч ажиллах, хөрөнгө оруулалтыг сэдэлжүүлэх, төрийн хийж чадахгүй байгааг хувийн хэвшил хийх боломжийг бүрдүүлэх нь бидний гарц. Улаанбаатар хотын хувьд ч томоохон бүтээн байгуулалт, асуудлыг шийдэх төсөл дээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг оролцуулах, хамтдаа шийдэх, миний чиний бус, бидний гарц гэж харж байж шинээр сэргэнэ” гэсэн юм.
Хотын дарга Д.Сумъяабазар: Нэмэлт эх үүсвэрээр Улаанбаатар хот хөгжих ёстой.
“Төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын тулгамдаж байгаа бүх асуудлыг шийдэх боломжгүй” хэмээн хотын дарга яриагаа эхэллээ. Тэрээр “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид Улаанбаатар хотынхоо тулгамдсан асуудлыг шийдэх гэж зүтгэж ирсэн. Миний хувьд хотын удирдлагууд УИХ, Засгийн газартайгаа хамтран ажиллах зохицуулалтыг бүрдүүлэхийн төлөө ажиллаж ирлээ. Энэ хүрээнд 27 жил гацсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлуулсан. Ингэснээр хотын хөгжил шинэ шатанд гарах нөхцөл бүрдлээ. Үнэт цаас гаргах, бонд гаргах эрх нээгдсэн. Нэмэлт эх үүсвэрээр Улаанбаатар хот хөгжих ёстой. Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулснаар хувийн хэвшлийн оролцоог хотын бүтээн байгуулалтад нэмэх алхам болсон. Өнөөдрийн форум Улаанбаатар хотын хөгжилд хүч нэмж байгаа гэсэн юм.
Бид хотын хөгжлийн одоогийн түвшин ямар байгаа, хаана хүрэхээ тодорхойлох үүднээс “Хотын хөгжлийн индекс”-ийг олон улсын жишигт нийцүүлэн тооцоолж үзсэн. Улаанбаатар хотын хөгжлийн индексийг тооцохдоо тогтвортой байдал, амьдрах орчны чанар, хүртээмжтэй байдал, өрсөлдөх чадвар гэсэн үзүүлэлтийг авч үзэхэд 0.464 байна. Үүн дотроос өрсөлдөх чадварын индекс хамгийн бага буюу 0.294 байгааг онцлох хэрэгтэй. Олон улсын түвшинд дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч топ 10 хоттой харьцуулахад Улаанбаатар хотын индекс хоёр дахин бага байна. Хотын хөгжлийг хязгаарлаж буй бас нэгэн хүчин зүйл нь авто замын түгжрэл. Улаанбаатар хотын хувьд авто замын төлөвлөлтийг зайлшгүй өөрчлөн, босоо чиглэлд холбоос авто замыг барих, хотыг хоёр хувааж байгаа төмөр зам доогуур нүхэн гарц, дээгүүр гүүрэн гарц барих, хүн амын зорчилтыг зохистой харилцаанд хүргэх, ачаа тээврийг хотын нутаг дэвсгэрээс тойруулах зорилгоор тойрог замын ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Төрийн бүтээмжийн сэргэлтийн бодлогын хүрээнд нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх төрийн үйлчилгээг цахимжуулж, үйлчилгээний шат дарааллыг багасган, хүртээмжийг сайжруулах зорилт тавьж, цахим засаглалыг хөгжүүлнэ. Дижитал хот төслийг хэрэгжүүлж, иргэдийн ажиллаж, амьдрахад таатай, аюулгүй, ухаалаг хот байгуулахад шаардлагатай мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэд бүтцийг бий болгох юм. Бид үндэсний тэргүүлэгч 70 гаруй технологийн компани 1000 гаруй инженертэй хамтран ажиллаж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт хотын хүн амын өсөлт, төвлөрөлтэй уялдаагүйгээс асуудлыг шийдвэрлэх хэмжээнд бус, бага багаар торгоох, нөхөх хэмжээнд л байна. Улаанбаатар хотын хүн ам улсын нийт хүн амын 47 хувийг эзэлж байгаа бөгөөд хотод жил бүр шинээр хийж байгаа хөрөнгө оруулалт энэ хэмжээнд хүрэхгүй байна. Иймээс хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэр зайлшгүй шаардлагатай” гэв.
А.Ганхуяг: Хөрөнгө оруулалтад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал
Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч, “Премиум корпораци”-ийн гүйцэтгэх захирал А.Ганхуяг “Улаанбаатар хотын хөгжил: Хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Тэрбээр “Улаанбаатар хот бол Монгол Улсын бизнес, эдийн засгийн 70 орчим хувийн төвлөрөл болжээ. Гэхдээ улсын нийт төсвийн 33 хувийг л хотод зарцуулж байна. Хаанаас, хэрхэн хөрөнгө оруулалт татах вэ гэдэг хоёр асуудал урган гарна. Хөрөнгө оруулагчдын зүгээс харвал хаана хөрөнгө оруулах вэ, энэ хөрөнгө оруулалт бүтээмжийг нэмэгдүүлж чадах уу гэдэг үндсэн шалгуур тавьдаг. Хэрхэн хөрөнгө оруулах вэ гэдэгт яг бидний өнөөгийн нөхцөлд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал болоод байна. Монгол Улсын өрийн хэмжээ, төсвийн алдагдал үүсэх эрсдэл зэргийг тооцон үзвэл, бид гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг оролцуулан бүтээмж өндөртэй төсөлд хамтран ажиллавал олон давуу тал гарна. Ингэж чадсан сайн жишээ гэвэл шинэ нисэх онгоцны буудлын цогц бүтээн байгуулалт байна. Энэ замаар бид цаашид олон төслийг хэрэгжүүлж болно. Улаанбаатар хотод санхүүжилтийн хэрэгцээ ч өндөр, үүнийг дагаад хөрөнгө оруулалтын асар их боломж бий” гэж онцолсон юм.
Ц.Батбаяр: Ипотекийн зээлийг тогтвортой хөгжлийн зорилт руу чиглүүлэх боломж бий
Форумын үеэр "Монголын Ипотекийн корпорац"-ийн Бизнес, хөгжил хариуцсан дэд захирал Ц.Батбаяр хотын тулгамдсан асуудлуудын нэг болсон гэр хорооллын барилгажилтын асуудлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, цаашид баримтлах зарчмын талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн нь олон хүний анхаарлыг татсан юм.
Түүнтэй илтгэлийнх нь талаар болон цаашид гэр хороолыг барилгажуулах асуудалд ямар зарчим баримтлах талаар ярилцлаа.
-Төрийн санхүүжилттэй ипотекийн зээл олгож эхэлснээс хойш 10 гаруй жил өнгөрчээ. Ээнэ хугацаанд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүнгийн талаар та илтгэлдээ дэлгэрэнгүй танилцуулсан байна?
- Ипотекийн хөтөлбөр хэрэгжсэнээр 100 гаруй мянган иргэн орон сууцтай болсны 70-80-аад хувь нь нийслэлийн иргэд байна. Хөтөлбөрийн хувьд бага дунд орлоготой иргэдийг, өрт толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжсэн сайн хөтөлбөр гэж дүгнэж болно. Мөн барилгын салбарыг ч маш сайн дэмжиж өгсөн. Энэ хугацаанд ойролцоогоор зургаан их наяд төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна. МИК өнгөрсөн 10 жилийн хугацаанд найм болон зургаан хувийн зээлийг үнэт цаас гаргаж санхүүжүүлсэн. Ингэхээр Монгол банкнаас олгож байгаа нэг хувийн хүүтэй эх үүсвэрийг арилжааны банкуудад 20-30 жилийн хугацаатай зээл болгоод шилжүүлсэн. Үүний бодит үр дүнг иргэд хүртэж байгаа.
-Энэ бол эхний 10 жилийн үр дүн. Тэгвэл цаашид ипотекийн хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд анхаарах, бодлогын чанартай асуудлуудыг та дурдаж байсан. Мөн гэр хорооллын өрх бодитоор буураагүй гэсэн судалгаа гарсан байсан нь анхаарал татаж байна л даа?
-Тухайн үед буюу 10 гаруй жилийн өмнө Улаанбаатар хот 340-350 гаруй мянган өрхтэй байсан. 10 жилийн дараа 400 гаруй мянган өрх болж нэмэгдсэн, түүний 200 гаруй мянга нь мөн л гэр хороололд амьдарч байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд 180 гаруй мянган айлын орон сууц ашиглалтад орсон боловч яндангийн тоо багасаагүй байгаа тоон баримт байна. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын тоо бодитоор буураагүй, Улаанбаатар өнөө л агаарын бохирдол, хөрсний бохирдолтой хэвээр байна.
-Үүний гол шалтгаан нь юу байна вэ. Ер нь гэр хорооллыг бууруулахад ипотекийн зээл гол хөшүүрэг болж чадаж байна уу?
-Хөдөө орон нутгаас иргэд олноор нийслэл хот руу шилжин суурьшсан нь үүний гол шалтгаан болж байна. Гэхдээ ипотек бол гэр хорооллыг багасгах гол хөшүүрэг биш гэж хэлж болохгүй. Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, санхүүгийн сахилга баттай байлгах гээд маш олон талын ач холбогдолтой. Гэхдээ нэгэнт ипотекээр дэмжиж байгаагийнх гэр хорооллыг бууруулах үүднээс зорилтот хэсэгт хандуулж дэмжих ёстой. Мөн гэр хорооллын газрыг чөлөөлж барилга барьж байгаа компаниудыг илүү дэмжих, иргэдийн хувьд гэр хороололд баригдаж байгаа барилгаас худалдан авалт хийвэл хөнгөлөлт үзүүлэх гэх мэт нэмэлт нөхцөл оруулж болж байна. Орон сууцны хувьд барилгын салбарыг дэмжсэн, эдийн засгийн хөшүүрэг болж байгаа ч нөгөө талаар байрны үнэ нэмэгдсэн асуудал бас бий. Бид энэ тал дээр нэлээд бодлоготой ул суурьтай харах нь зүйтэй. Ер нь олон улсын жишгийн дагуу тогтвортой хөгжлийн зорилтод чиглэсэн, “ногоон” тал руугаа төслүүдэд хөрөнгө оруулах зорилготой байгаа гэв.
Улаанбаатарчууд 2024 оноос дүүжин тээврээр зорчино гэв
Манай улсад сууж байгаа гадаад орнуудын Элчин сайдын яам, олон улсын байгууллагуудын 130 гаруй төлөөлөл форумд хүрэлцэн ирж, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал, шийдлээ хэлэлцүүлэв.
Форумын үеэр хэд хэдэн Санамж бичиг байгуулсны нэг нь Францын хөрөнгө оруулалттай дүүжин тээврийн хамтын ажиллагааны санамж бичиг байлаа. Францын талаас тус улсын “Пома” компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. 2020 онд Монгол-Францын Засгийн газрын хоорондын гэрээгээр санхүүжилт нь шийдэгдсэн энэхүү төслийг Францын “Пома” групп гүйцэтгэнэ. Ингэснээр манай улс 2024 он гэхэд дүүжин тээврээр зорчих боломжтой болж байгаа гэв.
“Хархорин орчим дахь Энхтайвны өргөн чөлөөний уулзварыг Яармагийн өргөн чөлөөтэй холбогдох юм. Францын “Пома” гурппын хувьд дэлхийн 80 гаруй хотод дүүжин тээврийг нийтийн тээвэрт нь амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай аж. Одоогийн тооцооллоор 2024 онд дүүжин тээврийн шугамыг ашиглалтад оруулах юм.
Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сэбастиен Сүрүн: Автобусанд түгжрэх хугацааг гурав дахин бууруулах боломжтой
-Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдэх үндэсний форумд оролцож байгаадаа таатай байна. Би ч бас Улаанбаатар хотод амьдардаг . Түгжрэл, утаа зэрэг хотын тулгамдсан асуудлыг мэднэ. Аз болоход манай Элчин сайдын яамны байр хотын төвд байрладаг учир ихэнх уулзалт руугаа би алхаж явдаг. Франц Улсын хувьд Монгол Улстай сэргээгдэх эрчим хүчний талаар хамтран ажиллах сонирхолтой байдаг. Монгол Улсад эрчим хүчний хомсдол тодорхой хэмжээгээр байдаг учир манай улсын зүгээс Монголыг эрчим хүчний хувьд бие даасан, хараат бус байгаасай гэж хүсдэг. Тийм учраас сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлснээр агаарын бохирдолд том хувь нэмэр оруулна. Хоёрдугаарт, хотын түжрэлийг бууруулахад том түлхэц болох дүүжин тээврийн төсөл байна. Хархориноос Яармаг хүртэл тавигдах дөрвөн км шугам нь Улаанбаатарчуудын амьдралын чанарыг дээшлүүлэхэд автобусанд түгжрэх хугацааг гурав дахин багасгах боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ төсөл хэрэгжсэнээр 11 минутын дотор Хархориноос Яармаг хүртэл зорчих боломжтой болох юм.
Эх сурвалж “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 80 (7065)