Т.САЙХАН
АН-ын дарга Л.Гантөмөр, С.Эрдэнэ нар хамтдаа С.Зориг агсны төрсөн өдрийг нь тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр С.Эрдэнэ "АН-д үүсээд байсан зарим асуудлыг цэгцэлж, цэг тавьж нэгдмэл зорилготой, нэг удирдлагатай улс орны олон чухал асуудлыг шийдэх шийдэл олсон сайхан өдөр тохиож байна. Энэ хүндтэй үүргийг хүлээж авсан Л.Гантөмөр даргадаа ажлын амжилт хүсье. Улс орны өмнө тулгамдсан олон асуудлын шийдлийг олж, ардчилал, шударга ёсны тугийг өндөрт өргөж явч чадана гэдэгт итгэж байна" гэлээ.
Мөн АН-ын дарга Л.Гантөмөр "С.Зориг агсан маань өнөөдөр 61 нас хүрэх байлаа. Түүний хүсэж мөрөөдөж байсан нийгмийг бүтээх АН-ын залуучууд, ардчиллын төлөө тэмцэж буй залуучуудын үүрэг. Өнөөдөр бидний хоорондоо тавьж байгаа тангараг бол Монголоо хөгжүүлье, эрх чөлөөний төлөөх тэмцлээ үргэлжлүүлье гэсэн тангараг. Монголын залуучууд эрх чөлөөтэй, бизнестэй, ажилтай, орлоготой болох ёстой. Тиймээс бидэнд алдах цаг хугацаа алга. АН-ын эв эеийг сахисан, хамтарч нэгдсэн үйл хэрэг гурван сарын ажлын үр дүнд бий болж байгаад баяртай байна. Ардчиллын төлөө бүх хүчин цаашдаа нэгдэж ажиллана гэдгийг хэлье" гэв. Ямартай ч АН нэгдэхээр болсноо зарлав.
Эх сурвалж:www.polit.mn