Ц.МЯГМАРБАЯР
Дэлхийн Банкнаас жил бүр шинэчлэн гаргадаг “Монгол Улсын эдийн засгийн тойм” тайлангаа өчигдөр танилцуулсан юм. Ахлах эдийн засагч Хосе Луис Диаз Санчез болон эдийн засагч Б.Ундрал нар тайланд багтсан Монгол Улсын эдийн засгийн 2023 оны өсөлтийн төсөөлөл, өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлс, тулгарч буй сорилт болон эрсдэлүүд, зөвлөмжүүдийн талаар мэдээлэл өгөв.
Монгол Улсын эдийн засаг 2022 онд 4.7 хувиар өссөн бол цаашид уул уурхайн салбарын олборлолт болон экспорт тэлж, цар тахлын дараа үйлчилгээний салбар үргэлжлэн сэргэснээр 2023 онд 5.2 хувиар өсөх төлөвтэй байна. Эдийн засаг энэ онд 5.2 хувиар тэлэхэд уул уурхайн салбарын үйлдвэрлэл голчлон нөлөөлнө гэж үзэж байна. Үүнд хилийн боомтуудын үйл ажиллагаа жигдэрч, Оюутолгойн гүний олборлолт эхэлснээр уул уурхайн салбар эрчимтэй сэргэхийн сацуу үйлчилгээний салбарын цар тахлын дараах сэргэлт үргэлжлэх зэрэг хүчин зүйлс нөлөөлөхөөр байна.
Инфляц 9.5 хувь байх төсөөллийг Дэлхийн банк хийгээд байна. Инфляц 9.5 хувьд тогтворжиход дотоод талаас импортлогдох эрэлт нэмэгдсэнтэй холбогдох ч гаднаас нөлөөлөх импортлогдох инфляц бага аж. Төсвийн алдагдал, зарлага, орлогоо давсан хэвээр байна. Гэхдээ ДНБ-нд эзлэх хувь 1.2 хувиас хэтрэхгүй гэлээ.
2022 онд манай эдийн засаг эрчимтэй сэргэсэн ч бүрэн сэргээгүй гэв
Дэлхийн банкны ахлах эдийн засагч Хосе Луис Диаз Санчез “ Хэдийгээр цар тахлын дараах эдийн засаг хурдацтай сэргэж байгаа ч бүрэн гүйцэд сэргэлт биш. Өөрөөр хэлбэл, 2019 оны цар тахлын өмнөх трэнддээ хүрээгүй. Түлшний үнэ өссөн ч эдийн засаг эрчимтэй сэргэсэн. Энэ чиг хандлага зөвхөн Монгол Улс төдийгүй, Камбож, Вьютнам зэрэг улсад мөн ажиглагдаж байна. Хэрэв 2019 оны цочрол байгаагүй бол ДНБ эзлэх эдийн засгийн өсөлтийн хувь өндөр байх байлаа. Одоогоор цар тахлын нөлөөг бүрэн давсан гэж хэлэх боломжгүй. Үүнд экспорт, хэрэглээний зах зээлийн нөлөө эдийн засгийн өсөлтийг дэмжсэн ч үнийн өсөлт сөргөөр нөлөөлсөн. Мөн эдийн засгийн эрчимтэй сэргэлт нь төсвийн орлого өсөхөд нөлөөлөв. Энэ нь экспорт өссөнтэй холбоотой ч төсвийн зардал хумигдахад мөн нөлөөлсөн. Түүнчлэн 2022 оны төсвийн зардал өндөр байв. Гэхдээ төсвийн орлогоос давсан зарлага багассан ч Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тодорхой хэмжээгээр нөлөөлөв. Импортын үнийн өсөлт төлбөрийн тэнцэлд сөргөөр бодиттой нөлөөлсөн. 2022 оны гадаадын шууд хөрөнгө оруулалт доогуур байсан нь валютын албан нөөц багасгахад нөлөөлж төлбөрийн тэнцэл дээр дарамт ирж байв” хэмээсэн юм.
Эдийн засаг дунд хугацаандаа эерэг хүлээлттэй байна
Дэлхийн Банкнаас сүүлд гаргасан тойм тайланд хөдөлмөрийн зах зээл сайжрахын хэрээр өрхийн хэрэглээ тогтвортой түвшинд хадгалагдаж, улсын хөрөнгө оруулалт тэлснээр энэ онд эдийн засгийн өсөлтийг дэмжих хүлээлттэй байна. Ажиллах хүчний оролцооны түвшин цар тахлын өмнөх үеэс доогуур түвшинд хэвээр байна. Үүний зэрэгцээ өндөр инфляц, улсын салбарын өр, төсөвт дарамт учруулж болохуйц эрсдэлүүд, гадаад секторын тэнцвэргүй байдал болон уул уурхайн салбараас хэт хамааралтай байдал зэрэг нь эдийн засагт тулгамдаж буй гол асуудлууд болоод байна. Эдийн засгийн хэтийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй хэд хэдэн эрсдэлүүдийг тайланд дурджээ. Тухайлбал хөгжингүй орнууд мөнгөний бодлогын төлвөө хүлээлтээс илүү хэмжээгээр чангаруулах, геополитикийн хурцадмал байдал даамжрах, Засгийн газрын өр төлбөрүүд их хэмжээгээр хуримтлагдах, нүүрсний экспортын гэрээтэй холбоотой тодорхой бус байдал хэвээр хадгалагдах зэрэг нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байна. Уул уурхайн үйлдвэрлэл эрчимжсэнээр эдийн засгийн өсөлт 2024-2025 онуудад зургаан хувиас давж өсөх төлөвтэй байна гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 79 (7064)