С.УЯНГА

 

“Зууны мэдээ” сонин “Эмэгтэйчүүдийн манлайлал” буланг нээж, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд нийтлэлийн бодлогоо тодорхойлон ажиллаж байна. Бид  21 аймаг,  нийслэлийн есөн дүүргийн ИТХ-д эмэгтэйчүүдийн төлөөлөл хэр тусгалаа өгч буй цувралаар хүргэсэн бол энэ удаад  Хан-Уул дүүргийн удирдлагын багийг онцолж байна. Тус дүүрэг 35 төлөөлөгчтэй. Үүнээс долоон эмэгтэй төлөөлөгч сонгогдон ажиллаж байна. Энэ нь нийт төлөөлөгчийн 20 хувийг  эмэгтэйчүүд эзэлж байна гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Байгалмаатай ярилцлаа. 

 

-Хорооны Засаг дарга, дүүргийн төлөөлөгчөөр ажиллах боломжийг хэрхэн бий болгосон бэ. Тэр дундаа Хан-Уул дүүрэг онцлогтой шүү дээ?

-2017 оноос хойш дүүргийнхээ Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн байгууллагад мэргэжилтнээр ажиллаж ирсэн. 2019 онд нийслэлээс 17 хороо шинээр байгуулахаар болсны тав нь Хан-Уул дүүрэгт байгуулагдах болсон. Тэр дундаа Нисэхэд шинээр XXI дүгээр хороог байгуулахад дүүргийн Засаг дарга надад хорооны даргаар ажиллах санал тавьсан. Тухайн үед шууд л зөвшөөрсөн. Хорооны даргын ажлыг өөрийгөө хийж чадна гэж итгэхээс гадна эмэгтэй хүний хувьд боломжоо алдахыг хүсээгүй. Дараа нь дүүргийн намын хорооноос санал тавьснаар 2020 оны орон нутгийн сонгуулиар нэр дэвшиж 15 мянган иргэнийг төлөөлж байна.

-Та хамт нэр дэвшсэн хүмүүсээсээ ямар давуу тал, онцлогтой байв. Залуухан эмэгтэй улс төрд ороод намаас нэр дэвшихэд саад бэрхшээл байв уу?

-Гэр бүл, хүүхэд залуучуудын байгууллагад ажилладаг байсан болохоор дүүргийнхээ иргэдтэй илүү ойр байсан гэж хэлж болно. Манай ээж дүүргийн хүүхдийн байцаагчаар олон жил ажилласан. Тиймдээ ч багаасаа л ээжийнхээ ажилтай ойр байж магадгүй олон хүнд тус болохыг хичээж явсан маань миний давуу тал байсан байх. Дээр нь багаасаа Хан-Уул дүүрэгт амьдарсан унаган иргэн учраас тулгамдсан асуудлаа сайн мэднэ.

Дүүргийн төлөөлөгчид аль хороон дээр юу, ямар бүтээн байгуулалт хийх вэ. Иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэхэд хэрхэн анхаарах вэ гэдгээ бүлгээрээ ярилцаж зөвшилцдөг. Хамт ажиллахаас эхлээд хөндлөнгөөс ажиглахад нийтлэг байдал нь эмэгтэйчүүд үзэл бодлоо шууд зоригтой илэрхийлэх байдал дутмаг юм шиг санагддаг. Эрэгтэйчүүд хэлэх зүйлээ зоригтой хэлээд, шүүмжилж байхад эмэгтэйчүүд тэр бүр хурц, шулуун ч юм уу зан гаргахдаа сулхан. Буруу ярих вий гэж болгоомжилдог. Ер нь эмэгтэйчүүд маань боломжоо бусдад тавьж өгөөд, эсвэл атгаж чадалгүй алдаад байх талтай. Тиймээс илүү өөртөө итгэлтэй, зоригтой байх ёстой юм билээ. Төлөөлөгчийн ажлаар жишээ авахад үнэхээр л хорооныхоо 15 мянган иргэний дуу хоолой болохоор, тэднийг төлөөлөхөөр сонгогдож гарч ирсэн бол үзэл бодлоо шууд илэрхийлдэг, идэвхтэй хариуцлагатай байх ёстой. Үгүй бол хороогоо хөгжүүлэх, нэмэр болохуйц ажил хийж чадахгүй гэдгээ ухамсарлах нь чухал.

-Дүүргийн төлөөлөгчдийн жендэрийн байдал хангалтгүй түвшинд байгаа. Төрийн үйлчилгээний анхан шатны нэгж хороод дээр ямар байдаг бэ?

-Хэдийгээр дүүргийн 35 төлөөлөгчийн долоо нь эмэгтэй ч хорооны удирдлагуудыг харвал жендэрийн эрх тэгш байдал сайжирсан. Дүүргийн 25 хорооны талаас илүү хувь нь эмэгтэй Засаг даргатай. Анхан шатны нэгж дээр төрийн үйлчилгээ үзүүлж байгаа хороон дээр эмэгтэйчүүд дийлэнх олонх нь ажиллаж байгаа нь нарийн чимхлүүр асуудлыг ч орхигдуулахгүй олж харж бодит ажил хэрэг болгох талаасаа илүү давуу тал ажиглагддаг. Мөн хамтарч ажиллахад зохион байгуулалт нягт нямбай, сэтгэл зүтгэлтэй, хариуцлагатай байдаг. Их тууштай байдал мэдрэгддэг.

-Та удирдан зохион байгуулж байгаа ажил дээрээ ямар онцлогтой, тэр дундаа эмэгтэйчүүдийг дэмжих тал дээр хэрхэн анхаардаг вэ?

-Дүүргийн иргэд орж ирэхдээ “Ийм залуухан эмэгтэй төлөөлөгч юм уу” гэж гайхдаг. Биөөрийн чадах хэмжээнд эмэгтэйчүүдээ тэр дундаа гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүдийг илүү дэмжихийг хичээдэг. Заавал өглөө 08:00 цагт ирээд 17:00 цагт тар гэж хүчилж хатуу шаардлага тавихгүйгээр уян хатан байдлаар ажлын байраар хангадаг. Тухайлбал, залуу ээжүүдэд хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь зөөх боломжийг нь олгоод бусад цагт нь ажлаа хийх байдлаар хамтарч ажиллаж байна. Ажлын үр дүн гайхалтай гарсан. Ээжүүд маш идэвхтэй бүтээмжтэй байж өрхийн мэдээллийг цахим болгох ажлыг богино хугацаанд хийсэн.

Миний ажилладаг зарчим бол чамд итгэл хүлээлгэсэн хүмүүст юу хэрэгтэй байна вэ гэдгээ л бодох хэрэгтэй. Үүнийхээ төлөө зоригтой, цуцаж шантрахгүйгээр ажиллах ёстой гэж боддог. Хичээсэн бүхэн маань биелэлээ олж, үр дүнд хүрч сүүлийн хоёр жил шилдэг хороогоор шалгарсан.

-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг оруулж ирэх нэг хөшүүрэг нь квот байя гэдгийг иргэний нийгмийн тэмцэгчид шаардсаар байна. Квотын дэмжлэг байх нь зөв үү. Та ямар байр суурьтай байна вэ?

 -Эмэгтэйчүүдийг дэмжих квот байх нь зөв. Эхний ээлжинд хэрэгжүүлж болох түр тусгай дэмжлэг шүү дээ. Квотын дэмжлэгээр эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэж олон нийтийн хандлага өөрчлөгдөх, өөрсдөө ч туршлагажих үед нь буцаагаад болиулчихаж болно. Удирдах түвшинд эмэгтэйчүүд олноороо байж болох юм байна гэдгийг харагдах байдлаасаа ч хүмүүст ойлгуулах хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 79 (7064)