Төмөрбаатарын БАТСАЙХАН
“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьж, ярилцдаг билээ. Энэ удаа Японы мэргэжлийн сүмогийн 71 дэх Их аварга Какүрюү М.Анандыг урьж, ярилцлаа.
-Та эх орондоо ирээд нэгэн мэдээг дуулгаад буцлаа. Зодог тайлах ёслол тань ирэх зургадугаар сарын 3-нд болох юм байна. Бэлтгэл хэр хангагдаж байна вэ?
-Мэргэжлийн сүмод бол үс авах ёслол гэдэг. Манайхан зодог тайлах гэж ярьдаг л даа. Сүмоч хүн барилдахаа болиод удлаа гэхэд нэг жилийн дотор үс авах ёслолоо хийдэг.
Гэвч миний үс авах ёслол цар тахлаас болоод хоёр жил хойшилсон. Ингээд ирэх зургадугаар сарын 3-нд хийхээр товлоод бэлдэж байна. Бараг сүүлийн нэг жилийн хугацаанд ёслолдоо бэлдэв үү дээ. Мөн сүмочдыг гадагшаа явж болохгүй гэсэн дүрэм, журам байсан учраас эх орондоо ирээгүй гурав, дөрвөн жил болсон байна. Сая богино хугацаанд ч гэсэн эх орондоо очоод ирлээ. Тусалж дэмждэг хүмүүс, нутгийн ахан дүүс, найз нөхөд гээд боломжоороо хүмүүстэй уулзаж, зодог тайлах ёслолынхоо урилгыг ч гардууллаа. Бэлтгэл их байгаа учраас зодог тайлах ёслолын тухай гүн гүнзгий бодож амжихгүй, сэтгэлзүйн хувьд харьцангуй тайван байна. Магадгүй үсээ авахуулах тэр өдөр ямар байхыг мэдэх аргагүй юм даа. /инээв/
-16 настай хүү эх орноосоо мордож, Их наран улсын мэргэжлийн спортод хөл тавьсан. Эзэн хааны цомыг өргөнө гэж бодож мөрөөдөж байв уу. Анх Японд очихдоо ямар хүсэл мөрөөдөл, зорилготой бууж байв даа?
-2000-аад оны үед монголчууд сүмогийн спортыг ид үздэг байлаа. Би ч идэвхитэй үзэгчийн нэг. Сүмо бөхөд маш сонирхолтой, бүүр барилдаж үзэх юмсан гэсэн хүсэлтэй байсан. Миний аав эрдэмтэн, багш Ч.Мангалжав гэж хүн байдаг. Олон жил эрчим хүчний салбарын инженерүүдийг бэлтгэж байгаа эгэл жирийн эрдэмтэн хүн. Аав минь намайг энэ спортод ороход их нөлөөлсөн дөө. Аавын минь Японд сурдаг шавь нараас Осакагаас сүмогийн сэтгүүл ирнэ. Тэр сэтгүүл дээр Японы сүмочдын зураг нэр, башёд барилдсан амжилтууд нь тайлбартайгаа гарна. Тэрийг нь би дахин дахин үзээд л хорхой хүрээд суудаг хүүхэд байлаа. Мөн одоогийн Ерөнхийлөгч тухайн үед хүүхдүүд шалгаруулж, сүмод явуулахаар тэмцээн зохион байгуулж байсан санагдана. Би тэр тэмцээнд орсон ч шалгарч чадаагүй л дээ. Олон жил бөхийн спортоор хичээллэсэн хүүхдүүдийг ямар ч бэлтгэлгүй би яаж дийлэхэв. Тэгээд аавдаа "Ааваа би сүмогоор барилдаж үзье. Та надад туслаач. Би Сүмогийн холбоонд захиа бичье" гэлээ. Ингээд бид хоёр захидал бичиж, Сүмогийн холбоо ч бичсэн захидлын маань хариуг нэг сарын дараа ирүүлсэн байдаг. Одоогийн "Изүцү" дэвжээний багшийн маань эхнэр над руу залгаад шууд “Хүрээд ир” гэдэг юм байна. Анх юугаа ч мэдэхгүй тулгамдаж байсан даа. Тэгээд 2001 оны намар есдүгээр сард 29-нд Япон улсад хөл тавьж байлаа. Сүмод хөл тавьчихаад Асашёорюү Д.Дагвадорж, Таканохана, Чиёнофүжи аварга шиг бөх болохсон гэж боддог байсан. Эдгээр аваргуудын бие хаа минийхтэй төстэй байсан болохоор энэ аваргууд шиг ёкозуна болох боломж бий гэж бодож, барилдаануудыг нь их үздэг байлаа. Миний Япон Улс руу хүсч тэмүүлж хөл тавьж байсан мөрөөдөл минь биелсэн байгааг эргээд харахад сайхан байна. Тиймдээ ч замнал минь ганц захианаас эхэлсэн гэж хэлэх дуртай. Намайг дэвжээндээ аваач гэж гуйсан захиа. Хэрэв авбал бүх хүчээрээ зүтгэнэ гэсэн үгэндээ хүрсэн гэж боддог шүү.
-Захидал бичиж, сүмод хөл тавьж байсан хүн ховор л доо. Сайхан түүх байна. Тухайн үед юу гэж бичиж байсан юм бол?
-Ер нь ийм түүх ховор байдаг юм билээ. Мэдээж тухайн үед хүүхэд зангаар хөөрч догдолж байсан минь, сүмоч болно гэж зориг шулуудсан минь алдаа байгаагүй байжээ. Тэр үед захидалдаа юу гэж бичсэнээ их сайн санадаг. "Би 15 настай. Биеийн өндөр 179 см, жин 70 кг. Би сүмод барилдах сонирхолтой. Хэрэв би сүмо бөх болвол дэвжээнийхээ нэр хүндийг өндөрт өргөж, өөрийн хүсэл зорилгоо биелүүлж, хүч бяраа дайчилж барилдах болно" гэж бичиж байсан санагдаж байна. Н.Цэвэгням, Д.Батбаяр ах нар маань дээд зиндаанд гараад ирчихсэн байсан тул телевизээр хараад бахархдаг байлаа. Тэд миний сэтгэлд нэг зүйл асаасан гэх үү дээ. Гэхдээ би ер нь багаасаа спортод их дуртай хүүхэд байсан. Тэр дундаа сагсан бөмбөгөөр хичээллэдэг байсан. Аав минь бас бөхөд их дуртай, бөхчүүдэд ч хүндэтгэлтэй ханддаг байлаа. Эрдэмтэн хүн хэдий ч хүүгээ бөх болгоно гэдэг байсан даа. Тэр бүхэн надад нөлөөлсөн юм болов уу. Өөр нэг зүйл нь сүмо үзээд сууж байхад жижиг биетэй бөхчүүд том биетэй, хүнд жинтэй бөхчүүдийг давахаар ямар их баярладаг байсан юм бэ. Яаж давчихав гээд л хүүхдийн сэтгэл хөдлөлөөр харна. Мөн жилдээ зургаан удаа сүмогийн барилдаан болдог шүү дээ. Монгол Үндэсний бөх маань амаргүй л дээ. Жилдээ ганц удаа улсын наадамд барилдана. Нэг жил цол авах боломжоо алдсан бол дараагийн жил хүртэл дахиад л хүлээнэ. Энэ бүхнийг би тооцоолж олж харсан л байгаа юм. Тэгээд л аавдаа би сүмод оръё гэдгээ хэлж байлаа. Аав минь дэмжиж хүслийг биелүүлж чадсан даа баярладаг даа.
-Ер нь таныг хамгийн их зүтгүүлсэн хүн нь аав тань бололтой?
-Тийм шүү. Аав маань залуудаа боксоор хичээллэдэг байсан. Мөн аавын талд арслан цолтон байсан гэсэн. Ээжийн талаас анх удаа чөлөөт бөхөөр Азийн аваргаас алтан медаль авч байсан тамирчин байсан. Сүмод ороход ч, сүмод орсны дараа ч аав минь миний зүрх, тархи болж байлаа. Би өөрөө өөртөө итгэж чадаагүй байхад л намайг сайн бөх болно гээд хамгийн түүнд надад итгэсэн хүн шүү дээ. Барилдах гэж байгаа бөхийг маань ч надаас илүү судалчихсан байдаг. “Миний хүү чадна, чи давна” гэж надад байнга хэлдэг байлаа. Аав хүний үгийн хүч гэж бас байдаг юм шиг санагддаг. Тэр үгийн хүчээр би өдий зэрэгтэй яваа. Бүх цаг үед, бүх зүйл дээр аав минь надаас ч илүү хичээсэн гэдгийг энд тодотгох нь зүйтэй. Миний барилдааныг ойроос үзэхэд ямар их сэтгэл ханамж ирдэг гэдгийг дандаа ярьдаг. Ялангуяа ялаад гарсны дараа маш их сэтгэлийн мэдрэмж аваад баясаж суугааг нь харах шиг сайхан зүйл хаа ч байхгүй. Би Улаанбаатар хотод төрсөн. Харин аав маань Сүхбаатар аймгийн харьяат. Тиймээс би аавынхаа нутгаар овоглодог. Аав минь “Миний хүүг хаана ч явсан уул ус нь түшиж явдаг юм” гэж хэлсэн нь санаанаас гардаггүй юм.
-Сүмогийн ертөнцийг хүнд хэцүү гэж ярьдаг л даа. Танд шантарч буцмаар үе байв уу?
-Хүнд хэцүү спорт гэдгийг анхнаасаа мэдэж байсан учраас сэтгэл санааны бэлтгэлтэй байсан. Тэр ч утгаараа шантрах гэдэг зүйлтэй нүүр тулж байсангүй. Нэгэнт л би өөрийнхөө байгаа бүхнийг зориулан ирсэн болохоор ямар ч бэрхшээл саадыг даван туулна гэсэн бодолтой байлаа. Би 2011 оноос барилдаж эхлээд нэг жилийн дотор санданмэ зиндаа хүртэл дэвшиж чадсан. Тэгээд санданмэ зиндаанаас дээшээ дэвшиж чадалгүй буцаж жонидан зиндаа руу унаж, их ч сорилтуудтай нүүр тулсан. Харин 2004 оны долдугаар сард давдаггүй даваа болох санданмэ зиндаандаа нэг ч уналгүй түрүүлж, макүшита зиндаа руу дэвшсэн. Ингээд 2006 оны эхээр жүрёо зиндаа руу дэвшиж, 2006 оны сүүлийн кюүшү башё гэхэд дээд макүүчи зиндааны маэгаширагийн наймд эрэмбэлэгдэн зорилгодоо хүрсэн дээ. Хатуу ширүүн бүхнийг шүд зуун давж чадсан. Сүмогийн амьдрал дэвжээн дээр байдаг хэдхэн минут шиг байдаггүй. Хүнд хэцүү бэлтгэл сургуулилтыг удаан хугацаагаар хийнэ. За эхэлж байгаа тохиолдолд ах нартайгаа хүндэтгэлтэй хандана. Тэднээсээ суралцана, туслахыг нь хийнэ. Залуу хүн хүнтэй зөв харьцаж, хүнийг хүндлэх ёстой. Хүнийг хүндэлж байж, өөрөө хүндлүүлдэг. Өөрт оногдсон ажлыг бага гэлтгүй чин сэтгэлээсээ хариуцлагатай хийх хэрэгтэй. Тэгж гэмээнэ хүнд амжилт ирдэг. Үүнийг би эдгээр он жилүүдэд хамгийн их ойлгож авсан. Анх очсон зорилго маань дээд зиндаанд гарч ирж, цол авч барилдах байсан бол зорилгоо биелүүлж явсаар сүмогийн аварга болсон. Өнөөдөр ч гэсэн би ямар ч асуудлаас шантарч хойш суугаагүй хэвээрээ л байна.
-Ер нь сүмогийн тамирчин хүний өглөө хэрхэн эхэлдэг вэ?
-Цол авсан, аваагүй байх үеийн бэлтгэл сургуулилт, амьдралын хэв маяг их өөр л дөө. Цолонд хүрээгүй байхад дэвжээний тамирчдаасаа хамгийн түрүүнд босч, бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцлийг бүрдүүлнэ. Тэгээд бэлтгэлийн дараа заалаа цэвэрлэнэ. Ер нь дэвжээнийхээ бүх л зүйлийг хийнэ. Чөлөөт цаг маш бага. Тэр үед унтаж амарна. Намайг анх Японд очиход япон багш маань хэл сайн сурах хэрэгтэй гээд хагас жил гадагш ер гаргаагүй. Тэр их зөв арга барил байсан. Одоогийнх шиг холбоо барих утас, интернэт ч гэж байсангүй. 24 цаг зөвхөн япон хэл сонсоод байхаар хэл сурахад их чухал байлаа. Мөн Монголоос Японд очихдоо түүхий загас идэж үзээгүй байсан тул хэцүү байлаа. 100 кг хүртлээ жин дорхноо нэмэгдчихдэг юм билээ. Таргалахын тулд загас идэх хэрэгтэй гэж багш маань хэлж байсан тул идэхээс аргагүй байдалд хүрсэн. Ер нь тэгээд сүмод очиж байгаа залуу бөхчүүд маань ийм л байдлаар явж өөдөө дээшээ явдаг. Харин цол аваад ирэхээр мэдээж байдал өөрчлөгддөг. Бэлтгэл, барилдаандаа бүрэн төвлөрдөг гэх үү дээ.
-Их бэлтгэл сургуулилтын хажуугаар эх орон, аав ээж, элгэн саднаа бас санана биз?
-Тэгэлгүй яахав. Багш маань жилдээ нэг удаа нутагруугаа явахыг зөвшөөрдөг байлаа. Гэрээсээ хол байгаа хүний хувьд тэр өдөр хоногийг бараг тоолон хүлээнэ. Би эх орондоо зун ирэх дуртай. Их сайхан шүү дээ. Ирээд найз нөхөдтэйгөө уулзаж нутаг усаараа очоод буцахаар нэг хэсэгтээ л цэнэглэгдээд буцдаг. Би Улаанбаатарт төрсөн болохоор хотын хүүхэд ямар байдаг тэр л замаар явсан. Өнөөгийнх шиг олон янзын тоглоом байгаагүй тул сагс их тоглодог байсан юм. Тэр үедээ ирсэн мэт сайхан болоод явдаг байсан даа.
-Багшийнхаа тухай ярихгүй юу. Монголоос захиа бичсэн хүүг шууд Японд аваачаад Их аваргын замд хөтөллөө шүү дээ?
-Тэр үед дуудаж аваачиж, сүмо заасан Сакахоко багш маань харамсалтай нь 2019 онд бурхан болсон. Багшийн маань аав их уран барилдаантай, сэкиваки цолтой бөх байсан гэдэг. Гурван хүүгээ гурвууланг нь сүмоч болгосон. Хүний дотор орж, уран барилддаг удамтай сүмочид байлаа. "Изуцү" дэвжээ нь цагтаа Япондоо алдартай төдийгүй долоон сэкитори цолтой бөхтэй байсан юм билээ. 1980-аад оны дунд үед ах дүү гурван бөх барилдаж байсан. Ах нь Маэгаширага, дунд хүү Сакахоко, бага дүү Терао хоёр нь сэкивакэ. Энэ гурван хүүгийн дунд хүү Сакахоко сэкивакэ нь миний багш л даа. Багш минь надад хамгийн эхлээд чанга хатуу байхыг заасан, надад ч чанга ханддаг байлаа. Тухайн үед багшийн тэр шалгуур хүнд хэцүү байгаа мэт санагддаг байсан ч одоо бодоход намайг ийм амжилтад хөтлөх гэсэн сайхан ухаан байжээ. Багш надад “Чи гадаад бөх учраас сүмогийн ертөнц зөвхөн чиний алдааг л харна, гадуурхана. Тийм учраас чи япон хүнээс илүү япон хүн болох ёстой” гэдэг байсан. Тухайн үед зарим нэг гадаад бөхчүүд алдаа гаргана. Тэгэхэд багш над дээр тусгаж аваад л “Чи ингэж болохгүй шүү” гээд л загнана. Мөн би үндэсний бөхөөр хичээллэж байгаагүй учраас надад барилдааны ямар нэгэн хэв маяг хараахан суугаагүй байсан л даа. Тэгээд шууд сүмогоор хичээллэсэн нь надад нэг давуу тал болсон гэж багш маань хэлдэг байсан. Яг сүмогийн үндсэн мэхүүдийг хийсээр аварга цолонд хүрсэн дээ. Анх ёкозүна болчихоод өмнөх их аваргуудаас асууж, бичлэг үзэж, ёкозүна хүн ямар байх талаар их бодож, хичээдэг байлаа. Сүүлдээ "Би чинь би шүү дээ. Яагаад өөрийнхөөрөө байж болохгүй гэж" хэмээн бодсон. Тэгээд л ёкозүна гэж ийм байх ёстой гэж хэт их бодохоо больсон.
-Зодог тайлах шийдвэр гаргахад хэцүү байсан уу?
-Ер нь гэмтэл бэртэл ихтэй, дэвжээн дээр гарах боломж цөөхөн байсан. Дахиж барилдах сонирхол байсан ч бие үнэхээр дийлэхээ байж, сүүлдээ сэтгэл зүйгээр ч унаж эхэлсэн. Тиймээс зодог тайлахаар шийдсэн. Гэр бүл, эцэг эхтэйгээ ч зөвлөсөн. Ёкозүна хүний хувьд өнжсөн тэмцээн олон байсан. Гэмтээд эргэн ирэх, дахиад гэмтээд, эргэн ирэх гээд л. Холбоонд ч их төвөг удсан байх. Үүнээс илүү төвөг болж болохгүй гэж бодсон доо. Харамсах зүйлгүй, би өөрийн чадах зүйлээ бүгдийг хийсэн гэж бодож байна.
-Та "Мүцү" дэвжээг даргалж ажиллахаар болсон байна. Сүмод орж байгаа дүү нартаа ямар зүйлээр үлгэр дуурайлал болж, зааж сургаж байна вэ?
-“Усыг нь уувал ёсыг нь дага” гэж сайхан үг бий. Хамгийн нэгдүгээрт, үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол яг л багшийн маань хэлж зааж зөвлөж байсан шиг гадаад бөхчүүдийн алдааг хараад сууж байдаг хүмүүс бий. Монголчууд маань аливаа асуудалд жаахан хайнга зан гаргах гээд байдаг. Амжилтдаа ханаж, бардаж болохгүй. Сүмо гэдэг их спорт намайг бэлдэж өдий зэрэгт хүргэжээ. Тиймээс сүмогийн холбоондоо ачийг нь хариулж, дэвжээ байгуулж, хойч үеийг бэлтгэхэд нь тус нэмрээ оруулах ёстой гэж бодсон. Энэ спорт маань илүү сайхан хөгжин дэвжих учиртай л гэж харж байна. Гэхдээ хүнд юм заах маш хэцүү гэдгийг мэдэж байгаа. Заах арга барил, яавал мундаг бөх төрүүлэх талаар суралцаж байна. Өөрийнхөө туулж ирсэн замыг хүчээр тулгадаг багш болохыг хүсдэггүй. Сүмо бөхийн холбооны нүүр царай болсон сүмоч төрүүлэхийг хүсч байна.
-Таныг сүмогийн дэвжээнд хөл тавих үеийн сүмо одоогийн нөхцөл байдал хоёр тэс өөр болсон уу. Ер нь энэ спортын хөгжил дэвшлийн талаар ярихгүй юу?
-1300 жилийн түүхтэй сүмод үе солигдож байна. Одоо сүмод нэг аваргатай, ганцхан арслантай дээд зиндааны барилдаан болж байна. Нэг үе манай аваргууд мандуулж байлаа. Тэр үеийг бодоход сүмо жаахан нам жимхэн болсон байж магадгүй. Гэхдээ манай залуу бөхчүүд сайн барилдаж байна. Удахгүй сайхан мэдээ дуулгах байх аа. Японы ч гэсэн сайхан залуу бөхчүүд бий.
- Какүрюү гэдэг нэрийн тухайд ямар учиртай юм бэ?
-Хүмүүс у, ю-гаар бичээд байдаг. Энэ буруу бичиглэл юм шүү гэдгийг хэлмээр байна. Какүрюү гэдэг маань тогоруун луу гэсэн утгатай. Какүр гэдэг нь тогоруу гэх утгыг илэрхийлж байгаа бол юү гэдэг нь луу гэсэн үг. Дэвжээ бүхний бөхчүүдийн эхний үе ижил байдаг. Би Какү гэдэг дэвжээнд хамаардаг учраас багш маань бэлгэдэж энэ нэрийг өгсөн.
-Сүмо бол тэр чигээрээ зарчим ёс зүй. Та тэр шаардлагад нийцсэн учраас энэ амжилтад хүрчээ. Ер нь таны баримталж ирсэн зарчим юу вэ?
-Сүмо бол тэр чигтээ зарчим ч гэлээ хувь хүний онцлог гэж бий. Би ямар ч үед өөрийнхөөрөө л байхыг хүсдэг. Хүмүүстэй аятайхан харьцахыг хүсдэг. Хэтэрхий их өөрийгөө хүчлэх дургүй. Аварга болсны дараа ч хүмүүс их хөөргөнө. Тэр үед даруухан, даруулгатай байна. Сүмод анх хөл тавихад хүлээн авсан багш маань хэлж ярьж энэ зарчмыг надад суулгасан. Гэхдээ сүмо хатуу дэг жаягтай ч хүн бүхэн өөр өөрийн хувь заяатай. Заримд нь аз дайрна. Хүмүүст хайрлагдсан, залуу дүү бөхчүүддээ хүндлэгдсэн, сайн хүн болох хэрэгтэй.
-Их аваргуудыг иргэншлээ солиход иргэд жаахан эмзэг байдаг. Та иргэншлээ сольсон хүн. Ер нь энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?
-16 настайдаа Японд ирж, сүмо барилдлаа. Мэдэх чадах зүйл минь сүмо бөх. Сүмогийн ачаар л өдий зэрэгтэй явж байна. Ач хариулна гэдэг утгаараа ч ояката болж, олон сайн шавь төрүүлнэ гэж бодсон. Иргэншлээ солино гэдэг маш хэцүү зүйл. Сайтар бодсоны эцэст өөрийн амьдрал шүү дээ гээд энэ том шийдвэрийг гаргалаа. Сүмогийн холбооны дүрэм юм даа. Заавал иргэншлээ солихгүй бол болохгүй гэсэн дүрэмтэй. Гэхдээ иргэний үнэмлэх солигдлоо гээд би Япон хүн болчихгүй учраас эмзэглэх асуудал биш гэж бодож байна.
М.Анандын тухай 10 баримт
Эх сурвал: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 78 (7063)