Б.НАНДИН
Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны тайланг хэлэлцлээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанар, үр нөлөөг сайжруулах, шүүгчийн ёс зүй, сахилгын зөрчил, түүнд тохирох хариуцлагыг шударгаар оногдуулах зарчмыг баримтлан ажилласан хэмээн тус хорооны дарга Х.Хашбаатар танилцуулгын үеэр онцлов.
Тус хорооноос тайлант хугацаанд нийт 40 шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсаны зэрэгцээ таван шүүгчийг огцруулсан хэмээн мэдээлэлд онцолжээ.
Шүүхийн сахилгын хорооны 2022 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан Их хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Шүүгч нарын санаатай болон санаандгүй мэргэжлийн алдааг шийдвэрлэх арга шийдлийн талаар тодруулсан гишүүдийн асуултад Х.Хашбаатар дарга хариулахдаа “Шүүгчийн мэргэшлийн хороо энэ асуудлыг шийдвэрлэдэг байсан, Монгол Улсын шүүхийн тухай хууль батлагдсанаар тус мэргэшлийн хорооноос хяналт тавьж, шийдвэрлэдэг байсан асуудлуудын зарим нь Шүүхийн сахилгын хороонд чиг үүрэг нь шилжиж ирсэн. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд 40 заалтаар шүүгчид хориглох зүйлийг нарийвчилж, зохицуулсан байдаг. Хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, шүүхийн шийдвэрт үндэслэл огт бичээгүй нь дээд шатны шүүхээр тогтоогдсон, шүүхийн шийдвэрт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг дүгнээгүй тохиолдолд шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах зохицуулалттай” гэдэг хариултыг өгөв. Тус хороонд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дийлэнх нь шүүхийн шийдвэртэй холбоотой байдаг бөгөөд цаашид шүүгчийн мэргэжлийн алдаатай холбоотой асуудлыг хуульчлан, зохицуулах шаардага бий" гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэргэжлийн болон ёс зүйн өндөр шалгуурыг давсан нэгэн шүүгч болдог гэдгийг бүх тал анхаарах ёстойг санууллаа. Мөн Ц.Сандаг-Очир гишүүн, улсын хэмжээнд 511 шүүгчтэй мөртлөө жилийн хугацаанд 462 өргөдөл, гомдол ирж байгаа нь шүүгчид сахилга батынхаа асуудалд дүгнэлт хийх хэрэгтэй гэв.
Эх сурвал: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 78 (7063)