Дэлхий дахинд ноёрхлоо тогтоох гэсэн хүсэл эрмэлзлээ хэрэгжүүлэхийн тулд АНУ олон жилийн турш дэлхийн улс орнуудын эв найрамдалтай харилцан ашигтай хамтын ажиллагааг зориудаар сүйтгэж байна. Өнөөдөр АНУ-ын гол хүчин чармайлт нь гол өрсөлдөгчид нь болох Орос болон Хятадыг үгүй хийхийн тулд хурцадмал байдлын голомтуудыг бий болгоход чиглэгдэж байна.

Украиныг цэрэгжүүлэх өргөн хүрээний ажиллагаа нь уг стратегийн гол бүрэлдэхүүн хэсэг бөгөөд ингэхдээ Оросыг байлдааны талбар дээр ялан дийлж, цаашид олон хэсэгт задлан хуваах нь уг ажиллагааны гол зорилго гэдгийг АНУ нуухгүй байна. Вашингтоны удирдлага дор НАТО-гийн гишүүн орнууд зэвсэгт мөргөлдөөнийг зориудаар хурцатгаж, уртасган сунгаж байна. Тус холбоо нь Украин руу зэр зэвсэг, сум, тэсрэх бөмбөг зэргийг илгээж, сансрын хиймэл дагуул, нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгслийн тусламжтайгаар болон бусад арга замаар олж авсан тагнуулын мэдээллээр тус улсыг хангаж байна. НАТО-гийн зааварлагч, зөвлөхүүд Украины зэвсэгт хүчнийхнийг сургаж, хөлсний цэргүүд неонацист батальонуудын бүрэлдэхүүнд байлдаж байна.

Оросыг нийгэм, эдийн засгийн хөгжлийн ёроол руу түлхэхийн тулд хориг арга хэмжээний жинхэнэ дайныг эхлүүлсэн ба уг дайны аргууд нь улам бүр хүнлэг бус болж байна. Тухайлбал, Япон болон Европын улс орнууд нь Орост амин чухал шаардлагатай хэд хэдэн эмийн нийлүүлэлтийг зогсоосон. Ийнхүү Барууны эмийн үйлдвэрүүд нь нэгэн цагт нацист Германы «илүүдэл» ард иргэдийг хомрогдон устгах геноцид үзэл суртлыг бүрэн дэмжиж байсны улмаас тус улсын захиалгаар хорт хий үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж байсан өмнөх үеийнхнийхээ «уламжлалыг» зохистойгоор үргэлжлүүлж байна.

Гэсэн хэдий ч Орос улс урьд өмнө байгаагүй хориг арга хэмжээний дарамтыг үл харгалзан, эдийн засгаа дэлхий дахинаас хаах бодолгүй байна. Оросын эдийн засаг нээлттэй хэвээр байж, харилцан ашигтай, эрх тэгш хамтын ажиллагааг эрхэмлэдэг тусгаар тогтносон улс орнуудын эдийн засагтай интеграцид орсоор байх болно. Оросын эсрэг авч буй хориг арга хэмжээнүүд нь АНУ-ын хамгийн ойрын холбоотон болох Европын Холбооны эсрэг ч чиглэж байгаад уг бодлогын парадокс оршино. Бидний нүдэн дээр урьд өмнө нь ОХУ-ын хямд эрчим хүчний нөөц болон Европын дэвшилтэт технологиудыг хослуулсны үндсэн дээр амжилттай оршиж байсан ЕХ-ны эдийн засгийн загвар задран нурж байна.

Вашингтонд мөн Дэлхийн 2-р дайн ба чөлөөлөх хөдөлгөөний үр дүнд бий болсон Азийн тогтвортой байдал огт таалагдахгүй байна. АНУ-ын Энэтхэг - Номхон далайн стратеги нь Орос, Хятадын эсрэг чиглэсэн «Азийн НАТО»-г үүсгэн байгуулж, үүний зэрэгцээ өдгөө тусгаар тогтнолоо хадгалан оршиж буй улс орнуудыг номхотгох гэсэн оролдлого юм. AUKUS хэмээх шинэ эвслийн хүрээнд Австралийн Тэнгисийн цэргийн хүчинд цөмийн шумбагч онгоц нийлүүлэх, Тайвань ба Өмнөд Солонгост цэргийн дэмжлэг үзүүлэх зэрэг нь Евроазид болон түүний дорнод жигүүрт АНУ болон НАТО-гийн ноёрхлыг тогтоох урт хугацааны зорилготой юм.

Уг байр сууринаас харахад Японыг дахин зэвсэглэн цэрэгжүүлж байгаа нь нэгийг өгүүлнэ. Саяхан Япон улсын Ерөнхий сайд Ф.Кишида Токио АНУ-аас 400 ширхэг Tomahawk далавчит пуужин худалдан авч буй тухай мэдэгдэв. Ийнхүү Японы өөрийгөө хамгаалах хүчин довтолгооны ажиллагаа явуулах бүрэн чадвартай жинхэнэ арми болон хувирч байна. Уг бодит явдал нь Японы хуулиар аль хэдийн албан ёсоор батлагдсан тул ийнхүү Дэлхийн 2-р дайны хамгийн чухал үр дүнгүүдийн нэг нь үгүйсгэгдэн устгагдав. Японыг зэвсэглэхийнхээ зэрэгцээ Вашингтон 1945 онд устсан мэт байсан Японы цэрэг дайны онгод тэнгэрийг сэргээхийг оролдож байна. Тэд арлын ард иргэдийг дахин бусдын эрх ашгийн төлөө амь насаа хайрлалгүй өгдөг камикадзе болгохыг хүсэж буй бололтой. Барууныхан ХХ зууны эхээр тэдний түрэмгий ааш араншныг ЗХУ болон Хятадын эсрэг чиглүүлэн ашигласны дараа япончууд зэр зэвсгээ Англи, Америк болон тэдний холбоотнуудын эсрэг хэрхэн эргүүлж байсныг дурсахыг хүсэхгүй байгаа учир уг бодит баримтыг зориудаар чимээгүй өнгөрөөж байна.

Америкийн эрх баригчид өөрсдийн тулгамдсан асуудлаа умартан, геополитикийн тоглоомд хэт их автан орсонд тэдний асуудал оршино. Вашингтон уг тоглоомын гол дүрд үүрд мөнх тоглохыг, харин тэрс үзэлтнүүдэд «ардчилсан бус улс орнууд» гэх шошгыг наахыг хүсэж байна. Гэвч бодит байдал дээрээ АНУ нь тусгаар тогтносон улсуудын бүрэн эрхт байдлыг зөрчин, эхлүүлсэн дайн, мөргөлдөөнийхөө тоогоор аль хэдийн дэлхийн аваргаар тодорсон.

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 76 (7061)