Т.САЙХАН
Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг парламент хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: -Хөдөө аж ахуйн үйлдвэр эрхлэгчид үр тариа ноос сүүний урамшуулал гэх мэтээс Нийгмийн даатгал авна гэсэн хуулийн төсөл орж ирж байна. Авч болно, үгүй ч байж болно гэх юм. Аливаа хууль тодорхой байх ёстой. Малчид тариаланчид тэр бүр бэлэн мөнгөгүй байдаг. Ер нь 1960 оноос хойш сан бүрдэж байгаа. Тасрах, тасрахгүй байх хамаагүй. Бөөрөнхий үзэл бодолгүй хууль оруулах нь учир дутагдалтай.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: -Салбарын сайд хуулийн төслийг үгүйсгэж байгаад харамсч байна. Малчид ЭМД, НДШ төлөөгүйгээс болоод асар их хохирч байна. Хэдийгээр даатгалын шимтгэл төлөх нь сайн дурын боловч хүчээр шууд авч болохгүй байна. Өнөөдөр нэгэнт бодит байдалд ийм үзэгдэл байгаа учраас, нөгөө талаас эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх бололцоо үүснэ. Малчид эрүүл мэндийн үйлчилгээг цаг хугацаанд авч чадахгүй нөхцөл байдал үүсч байна. Тиймээс орлого олдог үед нь өөрсдийн сайн дураар нь авдаг байя. Малчин өөрийнхөө арьс ширийг тушааж, түүнийхээ зөрүүнд эрүүл мэнд, нийгмийн даатгалаа төлнө. Хоёр талдаа ашигтай хуулийн төсөл байгаа юм шүү.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.
Эх сурвалж:www.polit.mn