Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Улаанбаатар хотоос 1200 км зайд Буга хайрхан уулын энгэрт Говь-Алтай аймгийн Бугат сум бий. Говь-Алтай аймгийн Бугатын “Хөвчийн улаан ямаа” гэхэд мэдэхгүй хүн ховор. Тэгвэл “Хөвчийн улаан ямаа”-г омог болгох тухай мал аж ахуйн эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хуралд мал аж ахуйн салбарын эрдэмтэд цугласан байв. Монголчууд бид таван хошуу малын үүлдэр, удам угсааг сайжруулах олон ажлыг хийж ирсэн. Гэвч өөрийн улсын нэр дээр баталгаажуулаагүйн улмаас Өвөрмонголд алдах нь элбэг байж. Мөн бүс нутаг бүр өөрийн үүлдрийн чанартай цөөн тооны малыг малласнаар бэлчээрийн доройтол, цөлжилт явагдах нь буурах боломжтой. Энд цугласан эрдэмтдийн хувьд нутаг дэвсгэр дээрээ байгаа малыг өөрийн улсын нэр дээр баталгаажуулах нь чухал гэдгийг онцлон хэлж байлаа. Энэ тухай ХАА сайд асан академич Р.Содномцэрэн "Гончигжав багш үзэмчин үүлдрийн хонийг судалж, баталгаажуулах гэж их хөөцөлдсөн. Гэвч тухайн үеийн Хөдөө аж ахуйн яамны хүнд суртлаас үүдэж батлуулж чадаагүй. Гэтэл удалгүй Өвөрмонгол өөрийн нэр дээр баталгаажуулсан. Тиймээс бид өөрийн нутаг дэвсгэр дээр байгаа малыг баталгаажуулах нь чухал байна” гэв.

Я.Номхон

Тэгвэл Говь-Алтай аймгийн Бугат сумын брэнд “Хөвчийн улаан ямаа"-ны гарал үүслийн талаар товчхон танилцуулъя. Социализмын үед Бугат сумын Гаханч багт Хөх дармынхан гэж нутаг усандаа алдаршсан, хөдөлмөрч хичээнгүй малчин удамтай Өвгөнийбаян гэдэг эрхэм аж төрдөг байж. Тэднийх их сайхан улаан ямаатай байсан нь энэ улаан ямааны өвөг дээдэс болжээ. 1970 оноос Говь гурван сайхан үүлдрийн ямаагаар сайжруулан эрлийзжүүлснээр аймгийн ямааны 80 гаруй хувь нь эрлийз болсон байна. Тэгвэл Сүж багаас улаан ямаагаа өөр ямаатай эрлийзжүүлээгүй үндсэн зүсээр нь авч үлдсэн онцлогтой. Энэ талаар Я.Номхон “Говь-Алтай аймгийн Бугат сум мал аж ахуйгаараа алдартай. Би 1982-2004 хүртэл Бугат сумын малын их эмчээр ажиллаж байсан. Ингэхдээ Говь-Алтай үүлдрийн хонийг бий болгосон. Хоньтой хамт ямаан сүргийг өсгөж үржүүлэх ажлыг малчидтай хамт хийсэн. Тэгвэл “Хөвчийн улаан ямаа” нь өнөөдөр улсын эрдэм шинжилгээний байгууллагын анхааралд орж омог болгохоор хэлэлцэж байна. Омог нь үүлдэр бий болох эхлэл байдаг. Хамгийн гол нь тус ямаа цэвэр цусных гэдэг нь шинжилгээгээр батлагдсан. Тиймээс омог болгон баталж, үүлдэр болгох нь чухал байна. Эдийн засгийн өгөөжийн хувьд хамгийн урт ноолууртай, махны гарц сайтай. Уулархаг нутагт маллахад бэлчээрийн ашиглалт сайтай байдаг. Малчдын олон жилийн хөдөлмөрийг шинжлэх ухаанаар баталж байна. Цаашид "Хөвчийн цагаан сорт улаан ямаа" гэдэг нэртэй болгох зорилготой” гэв.   

1999-2002 онд ахмад мал зүйч н.Дашбазар, Ч.Энхтүвшин, Д.Нэргүй нар “Мерси сор” олон улсын байгууллагын орон нутгийн хөгжлийн сантай хамтран 10 малчин өрхийг бүлэг болгон нутгийн ямааг дотор нь үржил селекцийн ажил явуулж байжээ. 2004-2005 онд Шинжлэх ухааны доктор, мал зүйч асан Д.Алтангэрэл “Хөвчийн улаан ямааны үржлийн ажлыг хийж ямааны чанарыг сайжруулж байжээ.

С.Эрдэнэ-Очир

Энэ талаар Гаханч багийн засаг дарга асан М.Пүрэв “Маш урт цагаан сортой хялгастай, бие томтой, махны гарц сайтай ямаа. Хөвчийн нуруунд амьдарч байсан Гаханчийн бригадад хэдхэн айлд байсан. Одоо Бугат суманд 100 мянган улаан ямаа бий. Мал малладаг бүх айлд бий гэж хэлж болно. Харин үржил селекцийн ажлыг хийгээгүйгээс ноолуурын гаралт буурсан юм уу гэж бодож байна” гэв.

Харин Говь-Алтай аймгийн ХХААЯ-ны малын үржлийн албаны дарга С.Эрдэнэ-Очир “Аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиг үүрэгт  Бугат суманд үржүүлэгддэг “Хөвчийн улаан ямаа”-ны ашиг шимийг нэмэгдүүлэх, үндсэн үзүүлэлтийг сайжруулах бодлогын баримт бичигт тусгагдсан. Тиймээс манай аймаг мал аж ахуйн хүрээлэнтэй хамтарч эрдмийн зөвлөлийн хурлаар судалгааны ажлын арга зүйг батлуулсан. Судалгааны ажлаар хийгдсэн бүтээлээ эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж байна. Ямаанаас гарах мах, сүү, ноолуур, генеткийн түвшин дэх судалгааны ажлыг хэлэлцэж байна. Эндээс дэмжигдээд гарвал ХХААХҮЯ-аас газар дээр нь очиж танилцана. Үйл ажиллагаа амжилттай болвол омогоор батална” гэсэн юм.

Мал аж ахуй бол Монголын эдийн засгийн суурь салбар. Тиймээс их тоо бус малын удмын санг хамгаалах, үйлдвэр угсааг сайжруулах нь чухал.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 75 (7060)