Т.САЙХАН

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат ногдол ашиг тараах эсэх талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн 2.5 сая иргэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 18.4 хувийг эзэмшиж байгаа. 2020 онд нэг иргэнд 96 мянган төгрөгийн ногдол ашиг тараасан. 

Өнгөрсөн 2022 оны тайлангаар 1.3 их наядын ашигтай ажилласан. Үүнийг хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэндээ өмнөх шиг зарчмаар ногдол ашиг хуваарилбал нэг хүнд 100 гаруй мянган төгрөг ногдоно. Гэхдээ угаах үйлдвэрээ дуусгах шаардлага байгаа. Угаах үйлдвэрээ ашиглалтад оруулаад орлогоо нэмэгдүүлэх нь чухал. Тиймээс ногдол ашиг тараах уу, угаах үйлдвэрээ барих уу гэдэг асуудал байна.

Дөрөвдүгээр сарын 28-ны хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг тараах эсэх талаар шийдвэр гарна. Хэрэв ногдол ашиг тараа гэвэл хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэндээ 100 гаруй мянган төгрөгийг хуваарилна" хэмээн ярилаа. 

Эх сурвалж:www.polit.mn