Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Хөрөнгийн зах зээлд компаниуд олон нийт, хөрөнгө оруулагчдаас урт хугацааны санхүүжилт татах нь нэмэгдэж байна. Тэгвэл өнгөрсөн саруудад хөрөнгийн биржээр арилжаалагдсан хувьцаануудаас уналттай болон өсөлттэй хувьцааг сонгон авч анализ хийлээ.

 

ГОЛОМТ БАНКНЫ ХУВЬЦАА 1285-980 ТӨГРӨГ БОЛОВ

 

Улсын Их хурлаас 2021 онд Банкны тухай хуулийг шинэчлэн баталсан. Хуулийн өөрчлөлтийн хүрээнд арилжааны банкууд, тэр тусмаа системийн нөлөө бүхий таван банк IPO гаргаж, олон нийтийн компани болох үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд Голомт банк IPO зарлаж, анхдагч зах зээлийн арилжаагаа 2022 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр эхлүүлсэн. Нийт 92 сая 463 мянга 154 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 1285 төгрөгөөр санал болгож, 114.4 тэрбумыг татан төвлөрүүлсэн. Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлд өнөөдрийг хүртэл гарсан хамгийн том дүнтэй IPO болсон. Гэвч өнөөдөр Голомт банкны нэгж хувьцааны үнэ унаж 980 төгрөг болжээ. Хөрөнгө оруулагчид тухайн компанийн ирээдүйн ашиг, санхүүгийн өсөлтөд хөрөнгө оруулдаг. Иргэдийн хувьд ч банкны салбарын ирээдүйд итгэл төгс байсан боловч санаснаар болсонгүй. Бас муу нэг жишээг дурдвал “Mon beef” компани нээлттэй болсон боловч алдагдалтай ажилласан гэдэг шалтгаанаар буцаад ХХК болох гэж байна.

 

ИНВЕСКОРИЙН ХУВЬЦАА 1550-5600 БОЛЖ ӨСЖЭЭ

 

Харин “Инвескор” компанийг хамгийн өсөлттэй хувьцаат компаниар онцолж байна.

Инвескор ББСБ нь 2016 онд үйл ажиллагаагаа эхлүүлэн, ХУР cистем, зээлийн үйл ажиллагааны бүрэн автоматжуулсан SMART LOS дотоод системийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн. Ингэснээр уламжлалт банк бус санхүүгийн зах зээл болон финтект суурилсан шинэ бүтээгдэхүүнийг бий болгосон юм. Тэгвэл тус компани нийт хувьцааныхаа 15 хувь буюу 10 сая 759 мянга 188 ширхэг хувьцааг нийтэд санал болгон, хөрөнгийн зах зээлээс 17.6-18.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн. Нийтэд санал болгох хувьцааны 85 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад 1.650-1.750 төгрөгөөр, 15 хувийг олон нийтэд 1.550-1.650 төгрөгөөр арилжаалсан. Тэгвэл одоо тус компанийн хувьцаа 5600 төгрөгийн үнэтэй болж өсжээ.

Тэгвэл дээрх компаниудын хувьцаа өссөн болон унасан шалтгааны тухай хөрөнгийн зах зээл судлаач "Стоклаб секьюритиз” ҮЦХ-ийн гүйцэтгэх захирал Ё.Амарбатын байр суурийг сонсоход тэрбээр “Хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй, эрэлттэй IPO Голомт банкных байсан.  Үнэ унасан шалтгаан нь хувьцаа эзэмшигчтэй нь холбоотой таагүй мэдээллээс үүдэж унасан байх магадлалтай. Нөгөө талаараа Монголын хөрөнгө оруулагчид богино хугацаанд их ашиг олохыг боддог. Үүнээс үүдэж ханшийн савлагаа их байна. Мөн дотоодын олон компани IPO гаргасан нь үнэ унахад нөлөөлсөн болов уу. Харин “Mon beef” бол IPO гаргасан  амжилтгүй жишээнүүдийн нэг. Алдагдалтай ажилласнаас үүдэж эргээд ХХК болох гэж байна. Харин “Инвескор”-ийн хувьд иргэд рүү чиглэсэн эрэлттэй үйлчилгээтэй. Гадаад, дотоод зах зээлд үйлчилгээ явуулдаг. Энэ нь хувьцааны үнэ өсөхөд нөлөөлсөн байх. Иргэд хөрөнгө оруулахаасаа өмнө тухайн компаниа сайн судлах хэрэгтэй. Сайн засаглалтай, ирээдүйд ашигтай ажиллах боломжтой компаниудад хөрөнгө оруулах нь зүйтэй” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 74 (7059)