Сүрнээгийн УЯНГА

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьж, ярилцдаг билээ. Энэ удаа бид Латви улсын парламентын гишүүн асан, улс төрийн зөвлөх Лолита Чиганег урилаа. Тэрбээр улсынхаа парламентын гишүүнээр гурван удаа сонгогдсон, иргэний нийгмийн идэвхтэн, төрийн бодлогын шинжээч юм. Мөн сонгууль, сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн чиглэлээр олон улсад зөвлөдөг туршлагатай эксперт. Лолита Чиганег шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш байдлыг хангах олон улсын хуралд оролцохоор Монголд зочилж ирээд байхад нь уулзаж ярилцлаа.

 

ЭМЭГТЭЙЧҮҮД УЛС ТӨРД ОРОХ НЬ СОДОН БИШ ХЭВИЙН ЗҮЙЛ БАЙХ ЁСТОЙ

 

-Юуны өмнө жендэрийн тэгш байдлыг бий болгоход өөрийн туршлага, мэдлэгээ бидэнтэй хуваалцахаар хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. Манай улсад өмнө нь цөөнгүй удаа зочилж байсан юм билээ. Монголд ирэх болгондоо юуг нь илүү анзаарч, ямар сэтгэгдэл төрдөг бол?

-Монгол Улсад өмнө нь хэд хэдэн удаа зочилж байсан. Жендэрийн тэгш төлөөллийг хангахад анхаарч, сонирхож ирсэн энэ удаагийн уулзалт маань тав дахь нь болж байна. Хамгийн анх 2004 онд ирж байлаа. Бараг 20-иод жилийн өмнө шүү дээ. Тэр үетэй харьцуулахад, ер нь ирэх болгонд Монгол Улс хурдацтай хөгжиж, олон зүйлс өөрчлөгдсөн байдаг. Ирэх болгондоо шинэ зүйл, хөгжил дэвшлийг олж хардаг. Энэ удаа ирээд анзаарсан хамгийн бодитой, чухал өөрчлөлт гэвэл шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд Монгол Улс багагүй хүчин чармайлт гаргаж, тэр хэрээр үр дүн гарчээ гэж бодогдлоо. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог дэмжихэд маш сайхан санал санаачлагуудыг дэвшүүлснийг харлаа.

Илүү хүртээмжтэй, олон талт төлөөлөл бүхий улс төрийн төлөө бүгд хамтдаа хичээхийн тулд эмэгтэйчүүдийн асуудлыг илүү анхаарах хэрэгтэй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс  хамтдаа ажиллаж байвал улс төр илүү “эрүүл” байдаг. Үүний тулд эмэгтэйчүүд улс төрд орох нь содон биш энгийн үзэгдэл байх ёстой. Гэтэл эмэгтэйчүүд улс төрд орох эсэхдээ ихэвчлэн эргэлздэг. Нөгөө талаас харвал эмэгтэйчүүдийг  оролцуулдаг улс төрийн намууд илүү эерэг имижтэй байдаг. Гэвч эмэгтэйчүүд ихэнхдээ бизнесийн удирдагчид, сурган хүмүүжүүлэгчид, иргэний нийгмийн активист болох хандлагатай байсаар л байна.

Эмэгтэйчүүд бол гайхалтай том боломж, нөөц. Үүнийг хэрхэн дайчлах вэ гэдгээ бодох ёстой. Тиймдээ ч эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо нь  онцгойлон үзэх асуудал биш ердийн л үзэгдэл байх ёстой.

-Манай улсын парламентыг 83 хувь нь эрэгтэй, 17 хувь нь эмэгтэй төлөөлөл бүрдүүлдэг. Харин хүн амын талаас илүү хувь нь эмэгтэйчүүд.  Энэ харьцааг харвал тэгш төлөөлөл, оролцоо хэр хангагдаж байна гэж та харж байна вэ?

-Парламентад эмэгтэйчүүдийн төлөөлөл 17 хувь байна гэдэг бол бодитой үр дүнд хүрч болох сайжирсан үзүүлэлт гэж хэлж болно. Гэхдээ энэ тоог нэмэгдүүлж багадаа 30 хувь, бүр 40 хувьд хүргэхийг зорих хэрэгтэй. Өнөөгийн нөхцөл байдалд хүйсийн харьцаа 40 хувьд хүрч байж зүй зохистой, үр дүн гарахуйц харьцаа бий болно. Эмэгтэйчүүдийн төлөөлөх хувь хэмжээ 17 байна гэдэг төлөөллийн байгууллагад маш онцгой дэмжлэгээр сонгогдох ёстой гэсэн хандлагыг бий болгож, энэ үзэл давамгайлж байдаг. Тухайлбал, сургуулийн багш нарын ихэнх нь эмэгтэй. Үүнд хүмүүс байдаг л хэвийн зүйл мэт ханддаг шүү дээ. Гэтэл парламентын арав гаруй хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж, төлөөлж байхад хэтэрхий их анхаарч, онцгой гэж үздэг. Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн асуудлыг анхаарахаас биш эмэгтэйчүүдийн байр суурь, үзэл бодлыг тэр бүр тоодоггүй. Дэлхий нийтэд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл нийгмийн бусад салбарт байдаг шиг хэвийн байх нь бодит зүйл шүү дээ.

Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөлөл улс орнуудад харилцан адилгүй байдаг. Намын жагсаалтыг нэвтрүүлсэн парламентын засаглалтай улс орнуудад эмэгтэй гишүүдийн тоо нэлээн өссөн. Зарим улс орнууд эмэгтэйчүүдийн төлөөллийг дэмжих эерэг, үр дүнтэй зорилтот арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг. Монгол Улсын хувьд хүн амын талаас илүү хувь нь эмэгтэйчүүд байгаа хэрнээ шийдвэр гаргах түвшин дэх төлөөлөл цөөн байгаа нь хүн амын дундах улс төрд итгэх итгэл бага байгааг харуулж байгаа болов уу. Ялангуяа, эмэгтэйчүүд улс төрд цөөн байгаа нь төр засаг эмэгтэйчүүдийн хүсэл эрмэлзэл, эрх ашгийг төдийлөн сайн анхаарахгүй байгаагийн нэг илрэл гэж хэлж болно. Гэхдээ нийгэм дэх хүн амын эзлэх хувиар төлөөллийг нэмэгдүүлэх асуудал богино хугацаанд хэрэгжих хэцүү. Учир нь улс төр эмэгтэйчүүдэд төвөгтэй, хүнд сорилт бэрхшээлийг бий болгодог. Эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхийн тулд эмэгтэйчүүд олуулаа хичээх юм бол улс төр илүү нийгмийн толь болж, тэгш төлөөллийг хангаж чадна.

-Манай улс Сонгуулийн хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг өөрчлөхөөр ид хэлэлцэж байна. Дэлхийн жишгээс харвал хууль эрх зүйн хүрээнд тэгш эрхийг хэрхэн хангах вэ. Улс орнуудын сайн туршлагаас суралцах, хэрэгжүүлэхдээ юуг анхаарах ёстой вэ?

-Эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд эрх зүйн өөрчлөлттэй холбоотойгоор хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, сонгуулийн пропорциональ төлөөллийн тогтолцоо эмэгтэйчүүдийн оролцоог хангахад нэлээн эерэг үр дүнтэй. Нэг мандаттай мажоритар системийн үед эмэгтэйчүүд илүү хүчтэй, илүү олуулаа сонгогдох магадлалтай боловч сонгуулийн сурталчилгаа хийх хөрөнгө, санхүүжилт, нөөц боломж хомс байдаг. Тиймээс пропорциональ төлөөллийн систем эмэгтэй нэр дэвшигчид сонгогдох магадлалыг нэмэгдүүлдэг гэж үздэг. Үр дүнд нь 40 хүртэлх хувиар эмэгтэйчүүдийн төлөөллийг бий болгох боломжтой.

Хүйсийн төлөөллийг хангахад сонгуулийн тогтолцооноос гадна улс төрийн  намын жагсаалт чухал ач холбогдолтой. Намын жагсаалтыг ашиглаж байгаа нөхцөлд эмэгтэй нэр дэвшигчдийн нэрийг жагсаалтын хаана байрлуулах вэ гэдгийг хамгийн түрүүнд бодолцох ёстой. Эмэгтэйчүүдийн нэрийг жагсаалтын дор байрлуулж болохгүй. Үүний оронд эмэгтэй, эрэгтэй гэж солбисон байдлаар байршуулахаас гадна эхний хэсэгт хангалттай тооны эмэгтэйчүүдийн нэрийг оруулж өгөх нь бодит үр дүнтэй.

 

ЭМЭГТЭЙЧҮҮД СУРТАЛЧИЛГААНДАА САЙН ДУРЫН ИДЭВХТНҮҮДИЙГ ОРОЛЦУУЛЖ БОЛНО

-Эмэгтэй, эрэгтэй хүмүүс ижил гараанаас нэр дэвших боломж тааруу. Санхүүгийн боломжоос гадна ялгаварлан гадуурхалтад өртөх нь хүнд сорилт болж байна л даа. Нэр төр, гаднах үзэмж, гэр бүлд нь халдах олон нийтийн шүүмжлэлээс болж эмэгтэйчүүд хүнд байдалд орж, цаашлаад улс төрд орох зориг дутаж байна. Таны хувьд Латви улсын парламентад гурван удаа сонгогдон ажилласан. Улс төрийн замнал ямар байв?

-Бага байхад улстөрч болно гэж санаанд ч багтаагүй. Учир нь тэр үед манай улс социалист орноос коммунизмыг бүтээхийн төлөө хүчин чармайсан, бие даасан биш, ЗХУ-ын нэг бүрэлдэхүүн хэсэг байлаа. Харин тусгаар тогтнолоо цогцлоосны дараа парламентын засаглалтай болж, эмэгтэйчүүдийн төлөөллийг хангах, ялангуяа улс төрийн тавцан дээр эмэгтэйчүүдийг олноор нь гаргахад амаргүй замыг туулсан.

Би найман жилийн турш Латви улсын парламентын гишүүнээр ажилласан. Их хурлын гишүүн болохоосоо өмнө иргэний нийгмийн идэвхтэн байсан. Авлигатай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг манлайлдаг байлаа. Иргэний нийгмийн идэвхтэн байхдаа олон улстөрчтэй уулзаж ярилцсан. Гэтэл нэг зүйлийг ажигласан нь парламентад эмэгтэй гишүүн байна гэдэг амаргүй, хүнд хэцүү ажил юм гэж бодогдсон үе бий. Гэсэн ч шантралгүй явсаар улс төрийн карьераа бий болгосон. Жил ирэх тусам эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо сайжирч байна. Энэ бүх хугацаанд нэг зүйлийг олж харсан нь эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд хамтран ажиллаж байж улс төр илүү “эрүүл” байж чадна. Бид нэг л ертөнцөд амьдарч байгаа. Дан ганц эрчүүд бүх хүнийг төлөөлсөн шийдвэрийг гаргах нь өрөөсгөл. Тиймээс эмэгтэй, эрэгтэй аль алиных нь нүдээр нийгмийн асуудлыг бүхэлд нь харж хамтарсан шийдвэрийг гаргах хэрэгтэй. Ингэж чадвал илүү оновчтой, хүртээмжтэй байх болно.

Улс төрийн намууд нэр дэвшигчдийн жагсаалтад багтсан эмэгтэйчүүдийнхээ сонгуулийн сурталчилгаанд мөнгө босгох буюу хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Ялангуяа, итгэл хүлээлгэж байгаа эмэгтэйчүүдийгээ сурталчлахад санхүүжилтээс эхлээд бүх талаар нь дэмжиж өгөх нь зүйтэй. Гэхдээ сурталчилгаанд хамгийн өндөр үүрэгтэй гол хүмүүс нь эмэгтэйчүүд өөрсдөө шүү дээ. Эцсийн үр дүн эмэгтэйчүүдээс өөрөөс нь шалтгаалах учраас сурталчилгааны үед илүү манлайлагч байж, өөртөө итгэлтэй зоригтой байхаас бүх зүйл хамаарна. Эмэгтэйчүүд байгалиас заяасан олон давуу талтай. Нийгэмд маш олон үүрэг гүйцэтгэдэг. Тэд гэр бүлийнхээ ээж, охин, бизнес эрхлэгч, иргэний нийгмийн зүтгэлтэн гээд олон чухал хариуцлагатай үүргийг гүйцэтгэдэг. Яг үүн шигээ нийгмийн маш олон бүлгийн сонирхлыг төлөөлж чаддаг учраас төрөл бүрийн сонгогчидтой илүү сайн ойлголцож, ажиллаж чаддаг. Мөн нийгэмд эмэгтэй нэр дэвшигчдийг сонгох сонирхол илүү бий. Энэ мэтээр давуу талаа ашиглаж, хүмүүст өөрийгөө зөв ойлгуулж таниулж чадвал боломж нээлттэй. Тухайлбал, сонгуулийн сурталчилгааны үеэр иргэдтэй шууд харилцаж халуун дотно яриа өрнүүлж, өөрийгөө таниулж болно шүү дээ.

Эрэгтэй нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа хаа сайгүй том өнгөлөг самбартай, хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглах зэргээр өргөн хүрээнд хийгддэг. Харин эмэгтэйчүүдэд хүн хүч туйлын хомс байдаг ч сурталчилгаандаа сайн дурын идэвхтнүүдийг татан оролцуулж болно шүү дээ.

-Латви улс эмэгтэйчүүдийн манлайлал, жендэрийн эрх тэгш байдлаараа маш амжилттай явж ирсэн. Та бүхний туршлагаас харахад илүү оновчтой шийдэл юу байна вэ. Тэр дундаа квот тогтоох нь хэр үр дүнтэй вэ?

-Манай улсад эмэгтэйчүүдийн төлөөлөл их хүчтэй явж ирсэн. Бид эмэгтэй Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай. Мөн парламентыг олон жил эмэгтэй хүн даргалж байсан. Гэхдээ эмэгтэйчүүд улс төрд удаан явдаггүй байдал ажиглагддаг. Түүнчлэн сонгуулийн үеэр эмэгтэй сонгогчдын тоо буурч байгаа зэрэг сорилт бэрхшээл бий.

Хэдийгээр манай улсад эмэгтэйчүүд олон салбарт хүчтэй дуу хоолойгоо хүргэж ирсэн ч одоо болтол эмэгтэйчүүдийн тэгш төлөөллийг сайжруулах шаардлага бүрэн бүрдээгүй. Төрийн захиргаа, хууль шүүх, бизнес гээд олон салбарт эмэгтэйчүүдийн байр суурь өндөр байгаа ч орлогын ялгаа, тэгш бус байдал байсаар байгаа. Салбар бүрийн удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн оролцоо төлөөлөл сайн байгаа ч парламентын хувьд энэ төлөөлөл хангагдаж чадахгүй байна. Харамсалтай нь эмэгтэйчүүд маш чадалтай учраас заавал квот байх шаардлагагүй гэж үзэх нь элбэг байдаг. Манай улсад одоогийн байдлаар эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх квот байхгүй. Сүүлийн дөрвөн жилд квотыг 30 хувьд хүргэхээр хичээж байна.

-Монгол Улсад мөн адил квот бодитой хэрэгжиж ирсэнгүй. Ялангуяа, 30 хувийн квот яригддаг ч эрэгтэйчүүдийн олонхийн саналаар үгүйсгэж, хүчингүй болгож ирсэн. Жендэрийн тэгш байдлыг хангахад квотоос өөр ямар дэмжлэг хөшүүрэг байж болох вэ?

-Монголд шинээр хэлэлцэж байгаа Сонгуулийн хуулийн төсөлд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиар санал болгож байгаа гэж сонссон. Энэ бол баярлууштай, чухал алхам. Эмэгтэйчүүдэд эрх мэдэл өгч, чадавхийг бэхжүүлж, оролцоог нь хангах бүхий л хөшүүрэгийг нь олгосноор олон эмэгтэй намын жагсаалтад нэр нь багтах боломжтой. Дээрээс нь эмэгтэй нэр дэвшигчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм бол бодитоор одоогийнхоос илүү олон эмэгтэй сонгогдоно.

Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд эрэгтэй гишүүдийн үүрэг оролцоо  их чухал. Ялангуяа, хууль эрх зүйн орчныг сайжруулахад ихээхэн нөлөөтэй.

Жендэрийн квотыг үр дүнтэй болгохын тулд босго, мандат хуваарилах хэрэгтэй. Үндэсний түвшний сонгуулийн жендэрийн квотыг 85 улс орон хэрэгжүүлдэг. Эмэгтэйчүүдийн төлөөллийг тоон дүнгээр нэмэгдүүлэх хамгийн үр дүнтэй ганц арга хэрэгсэл бол квот. Квотыг үр дүнд хүргэх бас нэг арга нь мандат хуваарилах буюу квотын босгоос гадна, мандат нь нэр дэвшигчдэд хамгийн том нөлөө үзүүлдэг. Намын жагсаалтад эсвэл ялах магадлалтай тойрогт эмэгтэйчүүдийг тодорхой байршуулж хуваарилах шаардлагыг мандатад тусгаж болно. Мандат нь намын жагсаалтын дээрээс эхлэх ёстой. Жишээлбэл, гурван мандаттай тойрогт гурван нэр дэвшигч тутмын нэг нь эмэгтэй байх, хоёр суудалтай тойрогт хоёр нэр дэвшигч тутмын нэг нь эмэгтэй байж болно. Сонгуулийн тойргийн 40 хувьд намын жагсаалтын эхэнд эмэгтэйчүүдийг бичихдээ тухайн нам өмнөх сонгуулиудад ялсан тойрогт байж болох юм.

Жендэрийн тэгш байдлыг хангахад квотын систем хамгийн бодит үр дүн авчирдаг, маш чухал арга хэрэгсэл. Үүний тод жишээ бол Итали улс. 2018 оноос хойш жендэртэй холбоотой тусгай шаардлага тавьж эхэлсэн. Тус улс квотын системийг нэвтрүүлснээр парламентын 34 хувьд нь эмэгтэй төлөөлөл сонгогдсон. Ман намын жагсаалтыг үр дүнтэй ашигласан. Ингэхдээ олон мандаттай тойрогт нэр дэвшигчдийн жагсаалт гаргаж хүйсээр солбих буюу эрэгтэй, эмэгтэй, эрэгтэй, эмэгтэй гэх байдлаар явж ирсэн. Мөн аль нэг хүйсийн нэр дэвшигчид жагсаалтын 60-аас дээш хувийг эзэлж болохгүй. Нэг мандаттай тойрогт аль нэг хүйсийн нэр дэвшигч 60 хувиас хэтэрч болохгүй гэж заасан. Үүний үр дүнд 2022 оны парламентад депутатуудын танхимын 32 хувь нь эмэгтэй, сенатын 34 хувь нь эмэгтэйчүүд сонгогдсон. Улс төрийн намууд жагсаалт гаргахдаа хамгийн эхэнд эмэгтэй нэр дэвшигчийн нэрийг тавьж өгнө. Олон тойрог дээр бол нийт тойргийнхоо 60 хувьд нь нэр дэвших жагсаалтын эхэнд эмэгтэй хүн оруулахаар хуульчилсан.

 Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог идэвхижүүлэхэд нэмэлт, дэмжлэг болохуйц арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь чухал. Франц улс жендэрийн тэнцвэрт байдлыг хангахын тулд улс даяараа 577 мажоритар өрсөлдөөнд хуваагдсан. Санхүүгийн урамшуулал талаас нь харвал нам нэр дэвшигчдийн аль нэг хүйсийг 49 хувь байхаар хангаж чадахгүй бол төрийн санхүүжилт нь дагаж буурдаг. Хэрэв 49 хувьдаа хүргэвэл 100 хувь, 40 хувьдаа нэг ч эмэгтэй нэр дэвшүүлэхгүй бол төрийн  санхүүжилтийг огт олгодоггүй.

Тус улсын 2022 оны сонгуулийг харвал эхний шатанд 2777 эмэгтэй нэр дэвшсэн нь нийт нэр дэвшигчдийн 44 хувь, хоёрдугаар шатанд 493 эмэгтэй байсан нь 43 хувь байж. Харин үр дүнд нь 215 эмэгтэй сонгогдсон нь парламентын гишүүдийн 37.2 хувь байна. Энэ мэтээр намуудын сонгуулийн сурталчилгаанд улсын төсвийн санхүүжилт маш чухал байдаг болохоор эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэхийг хуулиар зааж өгсөн квотдоо хүрэхээс аргагүй байдалд ордог.

 

НАМ ДОТООД АРДЧИЛЛАА БЭХЖҮҮЛЭХ НЭГ АЛХАМ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДЭМЖИХ ЮМ

Дэлхийн 100 гаруй улсад сонгуулийн квотыг ашиглаж байна гэж “Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, гадаад орны туршлага” судалгаанд дурджээ.

-Манай улсад 76 гишүүний 13 нь эмэгтэй. Дээр нь эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид олон бий. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг хангах, тэднийг олон нийтэд зөв таниулах, хууль эрхзүйн орчин талаас нь парламентын эмэгтэй гишүүд хэрхэн ажиллавал үр дүнтэй вэ. Их хурлын эмэгтэй гишүүдийн манлайлал, оролцоо чухал байх?

-Улс төр, бизнесийн салбарын манлайлагч эмэгтэйчүүд олон бий. Эдгээр эмэгтэйчүүд ихэнхдээ нийгмийн анхаарлын төвд байдаг. Эмэгтэйчүүд хэдий чинээ олны анхаарлын төвд байна, амнаас нь гарч байгаа үгийг олон хүн сонсох тусам эерэг үр нөлөө авчирна. Хэзээ ч муу зүйл болохгүй. Хүмүүс эмэгтэйчүүдийн хэлж байгаа үгийг эрэгтэй хүнээс илүү их анхааралтай сонсдог. Энэ боломжийг парламентын эмэгтэй гишүүн бүр маш сайн ашиглаасай. Харин үг хэлэхдээ маш нухацтай, бодолтой, алсын хараатай байх нь зүйтэй.

Парламентын гишүүнээр ажиллаж байгаа эмэгтэйчүүд улс төрд орохоос өмнө ихэнх нь иргэний нийгмийн зүтгэлтнүүд байх нь элбэг. Миний хувьд улсынхаа "Транспэрэнси интернэшнл"  байгууллагыг удирдаж байсан. Иргэний нийгмийн дуу хоолой болж идэвхтэй ажилласнаар улс төрд орсон олон жишээ бий. Идэвхтэнээс улс төрд орох энэ шилжилт бол бараг жам ёсны зүйл гэж хэлж болно.

Эмэгтэйчүүд иргэний нийгмийн төлөө тэмцэхдээ илүү өөртөө итгэлтэй, зоригтой байдаг учраас манлайлал үзүүлэхэд ямар нэг асуудал гардаггүй. Харин улс төрд орсны дараа парламентын гишүүн болсноор олон сорилт бэрхшээл тулгардаг. Улс орнууд иргэний нийгмээс улс төр рүү орох шилжилтийн гүүрийг хөнгөвчлөхийн тулд квотын системийг бий болгож хэрэгжүүлж байгаа юм. Ийм ч шаардлага бий. Иргэний нийгмийн төлөө тэмцэж дуу хоолойгоо хүргэж байсан манлайлагчид улс төрд ороход илүү үр дүнтэй, хүчтэй ажиллах боломжтой.

-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихэд намууд “хаалгач”-ын үүрэг гүйцэтгэх ёстой гэдэг. Ер нь жендэрийн эрх тэгш байдлын асуудалд намууд ямар үүрэг, оролцоотой байх вэ?

-Эмэгтэйчүүдийн оролцоог улс төрд хангахад намуудын ардчилал их чухал. Гэхдээ хугацаа шаардана. Герман улс гэхэд цаг хугацаа, тэвчээрийг харуулсан. Германы Христийн ардчилсан холбоо анх 1996 онд өндөр албан тушаалд эмэгтэйчүүдийн төлөөллийг 30 хувь байлгахаар баталж байсан. Үүнээс хойш 10 жил болж байж 2005 онд анхны эмэгтэй канцлертай болж байв. Мөн эмэгтэйчүүдийг дэмжихээр зааж өгсөн квотод хүрээгүй бол сонгуулийн санал хураалтыг хүчингүйд тооцдог зохицуулалттай болсон. Эндээс харвал хуулиар тогтоож өгснөөс нэлээн удаан хугацааны дараа эмэгтэйчүүдийн төлөөлөл хангагдаж эхэлж байна.

Тиймээс эмэгтэйчүүдийн оролцоог хангахын тулд хаанаас эхлэх ёстой вэ гэвэл улс төрийн нам бол хамгийн анхны алхам, хаалга нь гэсэн үг. Улс төрийн намын нийт гишүүдийн тоог харвал тал хувь нь эмэгтэй байгаа хэрнээ өндөр хариуцлагатай албан тушаал хашиж байгаа нь тун цөөн. Улс төрийн намын удирдах түвшинд эмэгтэйчүүд маш бага, бараг арван хувьд ч хүрэхгүй. Тиймээс эмэгтэйчүүд өндөр потенциалтай хэрнээ яагаад түүнийг нь ашиглахгүй байна вэ гэдэг асуулт байнга тавигддаг.

Улс төрийн намын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд цөөн байх тусам тус намаас нэр дэвших эмэгтэйчүүдийн төлөөлөл буурсаар байдаг. Гэтэл нөгөө талд эмэгтэйчүүд олуулаа байх тусам парламентад сонгогдох нь нэмэгдэж, илүү олон суудал авч байна. Олон улс орны туулж ирсэн туршлагаас харвал эмэгтэйчүүдийн манлайлал, шийдвэр гаргах түвшний оролцоог улс төрийн намаас эхлэх хэрэгтэй. Нам доторх ардчиллаа бэхжүүлэх нэг алхам нь эмэгтэйчүүдийг дэмжих явдал.  Үр дүнд нь эмэгтэйчүүдийн өндөр потенциалыг бүрэн дүүрэн ашиглаж, тэр нь улс орны хөгжилд хувь нэмэр болно.

 

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтдаа ажиллавал улс төр “эрүүл” байдаг

 

-Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд очлоо гээд юу өөрчлөгдөх юм бэ. Яагаад заавал эмэгтэйчүүдийг квот зэрэг тусгай арга хэрэгслээр дэмжих ёстой юм гэсэн шүүмжлэл ч нийгэмд бий. Та юу гэж хариулах вэ?

-Эмэгтэйчүүд маш том өөрчлөлтийг авчирч чадна. Харин тэд хэзээ хүчтэй байдаг вэ гэвэл улс төрд жам ёсоороо сонгогдож, нийгмийн төлөөллийг хангаж чадсан үедээ өөрчлөлт авчрахаас гадна илүү мэргэжлийн түвшинд үр дүнтэй ажиллах боломжтой. Одоогийнх шиг цөөнх байгаа нөхцөлд үзэл санаа, алсын хараагаа бүрэн хэрэгжүүлэх боломж хомс. Тэр дундаа эмэгтэйчүүд хүн амын тал хувийг эзэлж байгаа нөхцөлд эрэгтэйчүүдтэй адил байдлаар төлөөллөө хангах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, эрэгтэй, эмэгтэй хүйсийн төлөөллийн хамтын хүчин чадлын үр дүнд улс төр зохистой хэмжээнд, илүү оновчтой зөв байх болно.

Улс төрд дан ганц эрэгтэйчүүд давамгайлаад байх юм бол хүн хоёр нүдтэй атал нэг нүдээ боочихоод шийдвэр гаргаж байгаатай адил харалган болно. Харин эрэгтэй, эмэгтэй хоёулаа тэнцүү төлөөлөлтэй байх юм бол нийгмийн амьдралыг хоёр нүдээрээ бүтэн харж, алсын хараатай шийдвэр гаргаж чадна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтдаа ажиллавал улс төр “эрүүл” байдаг. Аливааг хоёр талаас нь харж дүгнэнэ шүү дээ.

-Та улсынхаа "Транспэрэнси интернэшнл" байгууллагыг удирдаж байсан. Ер нь авлига, хүний эрхийн асуудлаар хэрхэн үр нөлөөтэй ажиллах вэ?

-Эмэгтэйчүүд, залуучуудын төлөөлөл авлигатай үр дүнтэй тэмцэж чадна. Учир нь шийдвэр гаргах түвшинд олон талт төлөөлөл байх тусам ил тод нээлттэй байдлыг бий болгодог. Авлигын үйлдэл аль болох далд, нууцаар явагддаг учраас шийдвэр гаргах түвшинд их олон бүлгийн төлөөлөл байх тусам нээлттэй, мэтгэлцээний зарчим хэрэгжинэ. Иргэний нийгмийн байгууллагууд авлига, төсвийн мөнгийг буруу зүйлд зарцуулахын эсрэг хатуу тэмцэх хэрэгтэй. Энэ тэмцлийг эмэгтэйчүүд илүү үр дүнтэй, тууштай, шударгаар манлайлж чадна. Гэтэл эмэгтэйчүүдийн тэгш төлөөллийг, квотыг эсэргүүцэж байгаа хүмүүс бол шударга бус, хууль бус далд үйлдлийг хийхийг хүлээн зөвшөөрдөг, дэмждэг, буруу зүйлийг хамгаалж байна гэж ойлгож болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 73 (7058)