Т.САЙХАН
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн талаар ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ц.Сандаг-Очир нар мэдээлэл өглөө. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Толгой бөхийж уучлалт гуйсан төрийн өндөр албан тушаалтнуудыг харсан уу. Ёс зүйн зөрчил дутагдалд орсон хүмүүс төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлагыг хүлээх ёстой юм. Төрийн өндөр албан тушаалтнууд олон янзын асуудалд орсныхоо дараа хууль ёсны хариуцлага хүлээдэг. Гагцхүү ёс зүйтэй холбоотой асуудалд хариуцлага хүлээхгүй байна. Япон улсад төрийн албан тушаалтнууд хариуцлагагүй мэдэгдэл хийснийхээ төлөө олон нийтийн өмнө тонгойж уучлалт хүсдэг. Харин Монголын төрийн албанд иймэрхүү ёс зүйн үүрэг хариуцлага байхгүй. Өөрөө төрийн өндөр албан тушаалд ажиллаж байж төрийн албыг ураг төрлийнх болгохоос дээрх хууль маань сэргийлнэ. Иргэдэд үйлчилгээ үзүүлж буй төрийн захиргааны албан хаагчид өвдөгнөөсөө дээш богино юбкатай, үс гэзэг, хумс хуруугаа өнгө будгаар будаж ургуулсан, сахлаа самбаа тавьчхаад төрийн үйлчилгээ үзүүлэх үү. Иймэрхүү хэм хэмжээг дээрх хууль маань зохицуулна. Төрийн алба татвар төлөгчдийн мөнгөн дээр суурилдаг учир төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй, тэгш хүртээмжтэй хүргэх үйлчилгээний ажилтан байх ёстой. Энэ нь цаанаа ёс зүйтэй холбоотой учир дээрх хуультай нийцэж байгаа юм" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn