Б.ДОЛЖИНЖАВ
Худалдааны маргаан буюу үр тарианы экпорттой холбоотойгоор хурцдаад байсан Хятад болон Австралийн гадаад харилцаа тогтворжиж, хэвийн болоход ойрхон байна хэмээн Австралийн тал мягмар гарагт мэдэгдэв. Цар тахлын хөл хорионы үе буюу 2020 оноос Хятад улс Австралийн дарс, үхрийн мах, үр тариа гэсэн экспортын гол цөм бүтээгдэхүүнд их хэмжээний гаалийн татвар ногдуулсан байдаг. Тодруулбал, COVID-19 халдварын голомтыг нууцалж байна хэмээн Австралийн эрх баригчид Бээжинг буруутгасны хариуд 2020 оны сүүлчээр Хятадын тал Австралийн нүүрснээс гадна арвай, дарс, сахар гэсэн долоон нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авахаас татгалзсанаар, хоёр орны хооронд албан ёсны бус худалдааны дайн эхэлсэн байдаг.
Энэ цагаас Австралийн тухайн үеийн консерватив Засгийн газар болоод Хятадын харилцаа муудсан юм. Автсралийн нүүрсний экспортыг Хятад албан бусаар хориглосноос үүдэн Австрали улс 3.4 тэрбум ам.долларын орлогоо алдсан гэж “Aljazeera” мэдээлэв.Тиймээс Австралийн Засгийн газар ямар нэгэн тодорхой шалтгаангүйгээр гаалийн татварыг огцом нэмэгдүүлж олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн хэмээн Хятадыг буруутгаж дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргаж байлаа.
Гэвч өнгөрсөн оны тавдугаар сард Австралид сонгууль болж, зүүний төвт үзэл баримтлалтай Засгийн газрыг байгуулснаар хоёр улсын зөрчлийг түр намжааж, худалдааг дахин эхлүүлэх шийдвэрийг гаргасан юм. Тодруулбал, хэрэв Хятад үр тарианд тогтоосон гаалийн татвараа эргэн нэг харж, бууруулахыг зөвшөөрвөл Австрали гаргасан гомдлоо түр хугацаагаар хойшлуулна гэсэн саналыг Австралийн Гадаад хэргийн сайд Пэнни Вон гаргаснаар хоёр орны харилцааны хурцадмал байдал багассан билээ.
Энэ үеэр Гадаад хэргийн сайд Пэнни Вон “Манай улсын үр тарианы экспортод Хятадын үзүүлж байгаа хариу үйлдэлд ямар нэгэн онцгой шалтгаан байхгүй гэдэгт итгэлтэй байгаагаа ил тод илэрхийлсэн. Тиймээс хоёр орны худалдааны харилцаанд үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх санал гаргалаа” гэж ярьж байв. Ер Австралийн Лейборист нам сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаагаа парламентын сонгуульд ялж, Энтони Альбанез Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш Австрали-Хятадын харилцаа сайжирч эхэлсэн.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Индонезийн Бали аралд болсон “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын удирдагчид уулзсаны дараахан Австралийн Гадаад хэргийн сайд Пэнни Вон Хятадад айлчилснаар хоёр талын харилцаа эргээд хэвийн байдалд орохоор болсон юм. Гэвч үүний дараа Пэнни Вон арванхоёрдугаар сард Бээжинд айлчлах үеэрээ хоёр орны харилцаа тогтворжиж, хурцадмал байдал намжих үйл явц удаашралтай байгаа талаар хэвлэлд ярьж байсан билээ.
Мөн Хятадын Гадаад хэргийн дэд сайд Ма Жөшү Австрали улс руу энэ долоо хоногийн сүүлчээр айлчилна гэдгийг Хятадын тал баталсан байна. Энэ нь хоёр орны харилцаа зөрчилтэй болсноос хойших Хятадын томоохон албан тушаалтны анхны айлчлал болох юм.
Түүнчлэн Австрали улс хоёр том гүрний дунд томоохон асуудалтай тулгараад байгаа билээ. Тухайлбал, Хятад нь Австралийн хамгийн том худалдааны түнш бол АНУ нь зэвсэгт хүчний хамгийн чухал туслах юм. Гэтэл Хятад АНУ-аас цөмийн зэвсгээр ажилладаг далайн гүн судлалын усан онгоц худалдаж авахаа энэ гуравдугаар сард зарласан нь Австралийн эрх баригчдын уурыг хамгийн ихээр хүргээд байгаа юм.
Эх сурвалж: www.zms.mn