Базарбямбын Нямсүрэн

 

Соёлын төв өргөөний үүдэнд 83:17 гэсэн бичигтэй том самбар тавигдаад удаагүй байгаа. Зөрж өнгөрөх хүмүүс энэ тооны учрыг олж ядан байсан бол эргэлзээ өчигдөр тайлагдаж, таамаг байсан дээрх тоо нь шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог илэрхийлсэн тоон мэдээлэл гэдгийг албан ёсоор зарлалаа.

Монгол Улсын Их хурал 76 гишүүнтэй ч тэдний 13 нь буюу дөнгөж 17 хувь нь л эмэгтэйчүүд байгаа нь улс төрд эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоо хуульд заасан 20 хувьдаа ч хүрэхгүй байгаа хэмээн дүгнэх шалтгаан юм. Энэ үзүүлэлтийг дэлхийн дунджаар авч үзвэл 26 хувьтай байдаг аж. Мөн Швед, Финланд, Герман зэрэг Европын орнууд эмэгтэйчүүдийн манлайллаар тэргүүлдэг байна.

Монгол эмэгтэйчүүдийн улс төрд шийдвэр гаргах түвшний үзүүлэлт дэлхийн дунджаас ес орчим хувиар доогуур үзүүлэлттэй байгаа нь анхааруулах дохио гэдгийг энэхүү 83:17 гэсэн тоо илэрхийлнэ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БНСУ-ын КОЙКА байгууллагаас хамтран эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих төслийн хүрээнд зохион байгуулсан олон улсын форумын оролцогчид ч энэ талаар онцлон ярьж байна.

Монгол Улсын хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд боловч улс төр дэх, тэр дундаа шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоо хуульд заасан 20 хувь, дэлхийн дундаж 26 хувьд аль алинд нь хүрэхгүй байсаар байна.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Илеин Конкеивич “Монгол Улсын хувьд шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны хувьд ахиц байгаа гэж болох ч энэ нь хангалттай биш байна.

Сүүлийн 30 жилд найман удаа парламентын сонгууль явуулсан ч эмэгтэй гишүүдийн эзлэх хувь дөнгөж 17 байгаа нь тэгш байдалд ойртож ч очоогүйг харуулж байгаа хэрэг. Жендерийн тэгш байдал бол давуу эрх биш. Энэ бол хүний суурь эрх юм. Хүн амын талаас илүү хувийг бүрдүүлэгч эмэгтэйчүүд өөрсдийн чадавхиа бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй бол улс орон хөгжих боломжгүй. Тиймээс хоосон амлалт ярих биш, шийдвэртэй арга хэмжээ авах цаг болжээ. Өнөөдрийн сэдэв бол зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай биш. Улс төрийн намын эрэгтэй удирдагчид тус тусын манлайллаа харуулж, өөрчлөлтийг эхлүүлээсэй гэж уриалмаар байна. Улс төрийн намууд дотооддоо тэгш байдлаа хангаснаар Монгол Улсын шат бүхэнд өөрчлөлт гарах ёстой. Залуучууд эмэгтэйчүүдэд жендерийн тэгш байдлыг ойлгуулах, энэ талаарх сонгогчдын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс “Бид оролцоно, бид төлөөлнө” нөлөөллийн аяныг Монгол орон даяар хэрэгжүүлж эхэлсэн” гэсэн юм. 

Монголын улс төрийн түүхэнд анх удаа 10 намын төлөөлөл хүрэлцэн ирж эмэгтэйчүүдээ дэмжихээ амлаж, түүнийгээ гарын үсэг зуран баталгаажуулсан арга хэмжээ өчигдөр болов. “Туушин” зочид буудалд өчигдөр болсон “Эмэгтэйчүүдийн манлайлал, тэгш эрхийг хангах амлалт”-ыг эмэгтэйчүүдэд боломж олгох, тэднийг улс төрд орох нөхцлийг бүрдүүлэх, бүх талаар дэмжихээ илэрхийлж байгаа эрчүүдийн амлалт гэж ойлгож ч болмоор. Учир юу гэвэл гарын үсэг зурсан 10 намын төлөөллийг харахад нэг нь л эмэгтэй, бусад нь эрчүүд байсан нь дээрх тоон үзүүлэлтийг дахин батлаж байх жишээтэй. Зөвхөн эндээс харахад л Монголын улс төр эмэгтэйчүүдийн биш эрчүүдийн тоглоомын ертөнц гэхээр дүр зураг харагдана. Ямартай ч улс төрийн намуудын төлөөлөл өөр өөрсдийн удирдлагын түвшинд эмэгтэйчүүдээ дэмжинэ хэмээн гарын үсэг зуран баталгаажууллаа.

УИХ-д өргөн барьчихаад байгаа Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд сонгуулийг мажоритар, пропорциональ хосолсон холимог тогтолцоогоор явуулж, нэрсийн жагсаалтаар орох гишүүдийн тоог 38 байхаар тусгасан. Тэгвэл нэрсийн жагсаалтад бичигдэх нэр дэвшигчдийн 50 хувь буюу 19 нь эмэгтэй байх боломжтойг улс төрийн намуудын удирдлагууд дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Мэдээж амлалт өгөх нэг хэрэг ч эмэгтэйчүүдийн оролцоог хангахад кноп дарах асуудал, намын дотооддоо зөвшилцөх зэргээр дараа дараагийн шатандаа ногоон гэрэл асааж чадах уу гэсэн асуулт ч бас хариулт нэхэж үлдэв.

 

“Гол түлхүүр улс төрийн намуудад бий”

Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь улс төрийн амбиц гэхээс илүү улс орны хөгжилтэй холбоотой чухал ач холбогдолтой. Үүнд улс төрийн намууд “хаалгач”-ийн үүрэгтэй гэдгийг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн Сонгуулийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Нажиа Хажеми өөрийн илтгэлээрээ хариулт өглөө. Тэрээр эмэгтэйчүүдийн төлөөлөл яагаад ийм бага байгаагийн шалтгаан болон цаашид нэмэгдүүлэхэд зайлшгүй хийх алхмын талаар хөнджээ. Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл бага байгаагийн хамгийн гол шалтгаануудад түүхэн болон уламжлалт ойлголт, хэвшмэл хэв маяг, тогтолцооны бэрхшээл, нийгмийн хандлага, дарамт зэргийг тусгайлан авч үзжээ. Тиймээс дээрх 17 гэдэг тоог ядаж 20 хувьд хүргэхийн тулд хамгийн түрүүнд улс төрийн намууд өөрчлөлтийг эхлүүлэх, олон нийт хандлагаа өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэж онцлов.

“Жендерийн тэгш байдлыг хангах гол түлхүүр улс төрийн намуудад байдаг. Тиймээс эрэгтэй удирдагчид манлайлан оролцох хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд намууд дүрэмдээ өөрчлөлт оруулах, эмэгтэй гишүүдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандах боломжоор хангах, сонгогдсон эмэгтэйчүүдийг намын удирдах түвшний үүрэгт томилох, эмэгтэйчүүдээ сургаж, нөөц боломжоо нэмэгдүүлэх, санхүүжилт олоход нь дэмжлэг үзүүлэх зэргээр бодитоор дэмжих шаардлагатай байгааг ч тэрээр нэмж хэллээ. 

Олон улсын форумын эхний өдрийн хэлэлцүүлгээр парламентад суудалтай намуудын удирдлагуудад хаягласан асуулт хариулт өрнүүлсэн.

МҮОНТВ-ийн “ММ” агентлагийн ерөнхий редактор Ц.Цэндийн модератороор оролцсон энэхүү хэлэлцүүлгийн үеэр МАН, АН, ХҮН намын удирдлагуудад ижил асуулт тавьж хариулт авсан юм.

 

-Монгол Улс парламентын засаглалтай Ардчилсан улс. Намууд ч хуваарилалтын асуудлыг шийдэхдээ ардчилсан зарчмаар явуулах учиртай. Танай нам дотоод ардчиллаа хэр бэхжүүлж чадсан бэ?

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:

-Манай намын хувьд дотоод ардчиллаа бэхжүүлэх үндсэн үүргээ хүлээсэн гэж хэлж болох ч шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцооны хувь 17 байгаа нь өнгөрсөн 33 жилд хийсэн ажил хангалттай биш гэдэгтэй санал нэгдэж байна. МАН социал демократ үзэл баримтлалтай намын хувьд нийгмийн бусад төлөөллүүдэд анхаарал хандуулж ажилладаг зарчимтай. Бид хүйсийн тэнцвэртэй байдлыг бүрэн дүүрэн хангаж сонгуульд оролцоно гэдгээ амлаж байна. Манай намын хувьд удирдах түвшинд ажиллаж байгаа эмэгтэй лидер гишүүд хангалттай бий. Манай намын дэвшүүлж байгаа систем амжилттай хэрэгжвэл 2024 оны сонгуулиар дэлхийн жишиг эмэгтэйчүүдийн манлайллын 26 хувьд хангалттай хүрчихнэ гэж үзэж байгаа. Бидний зорилго бол богино хугацаанд 50:50 гэсэн зарчимд хүрэх арга замыг эрэлхийлж байна.


АН-ын дарга Л.Гантөмөр:

-Ардчиллын суурь зарчим бол оролцоо. Оролцоо хангагдаж байж ардчилал амьд байдаг. Оролцоо хангагдахгүй бол ямар гажуудал яаж гардгийг бид харж байна. Үндсэндээ  залуучуудын, эмэгтэйчүүдийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо гэж Монголд алга. Бид зөвхөн манлайлж байгаа хэсэгтээ л анхаарч, улс төрийн шийдэл гаргаад байгаа учраас Монголын ардчилал хүнд байдалд орсон. Энэ бүхнийгээ ойлгоод санал гээгддэггүй пропорциональ системээр сонгууль хийе гэж ярьж байна. 38:38 зарчим хэрэгжвэл бид хүчээр эмэгтэйчүүдийн төлөөллийг оруулах ёстой. Ардчиллын хоёр дахь том зарчим бол сонголт. Бид иргэддээ сонголтыг бий болгох ёстой. Квотын талаар 2010 оноос хойш ярьсан. Эцсийн дүндээ 17 хувьтай л байна. Тиймээс бүх түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах болно.


“ХҮН”-ын дарга Т.Доржханд:

-Эмэгтэй гишүүд маань асуудалд маш бодитой ханддаг, жижиг асуудлуудыг ч орхигдуулдаггүй анхаардаг. Жишээ нь, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хуулийн төсөл хэлэлцэхэд эмэгтэй гишүүд бүгд орж ирээд, дуустал нь байж, маш сайн хамгаалж, батлуулсан. Эндээс харахад эмэгтэйчүүд бие биенээ сайн ч дэмждэг юм билээ. Үр дүнд нь сайн хууль батлагдсан. Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах оролцоо нэмэгдсэнээр боловсролд оруулж байгаа хөрөнгө оруулалт ч дагаад өсдөг. Энд нэг зүйл онцолж хэлэхэд, эмэгтэйчүүд маань өөрсдөө амбицтай, өөрсдийнхөө төлөө ярьдаг, тэмцдэг баймаар байна. Манай намын эмэгтэй гишүүдэд амбиц байхгүй. Уг нь ХҮН хамгийн түрүүнд “50:50” хөтөлбөрийг гаргаж, шийдвэр гаргах түвшинд тэнцүү оролцоотой байхыг дотооддоо зөвшилцөж, шийдсэн гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 72 (7057)