Т.САЙХАН

 

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, шийдвэрээ танилцууллаа. МАН-ын бүлгийн хуралдаанаар эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцсэн бол  АН-ын бүлэг Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар,  АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын мэдээллийг хүргэе.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Монгол Улсын эдийн засаг 2022 онд 4.8 хувиар өслөө. Цаашид эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, өндөр хувь хэмжээнд хүргэх бодлогыг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ онд дор хаяж эдийн засаг зургаан хувиар өсөх боломжтой гэж харж байна.  Мөн бүлгийн хурлаар Хөрөнгө оруулалтын болон Ашигт малтмалын тухай хуулийн төслийг Засгийн газраас ойрын хугацаанд өргөн мэдүүлэх тухайд гишүүд санал нэгдлээ. Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх хууль эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай. Төсвийн үндсэн тэнцэл эерэг байх нь макро эдийн засгийг тогтворжуулахад гол үүрэг гүйцэтгэдэг. Инфляцыг буулгахад чиглэсэн төсвийн бодлогыг цаашид тууштай хэрэгжүүлнэ. Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр зарах үйл ажиллагааг нэмэгдүүлнэ. Нүүрс дээр нэмээд зэс, цайр, жонш гээд экспортын бүтээгдэхүүнийг биржээр зарна. Төсвийн орлого нэмэгдэхэд төсөвт тодотгол хийдэг хууль эрх зүйн орчин байхгүй. Зөвхөн орлого буурах үед зардлыг танах зориулалттай төсвийн тодотгол хийх хууль эрх зүйн орчин үйлчилж байна.

АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн өргөн барих Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцжээ. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Улс төрийн нам өмчтэй байх уу, хатуу гишүүнчлэлтэй байх уу, үгүй юу гэдгийг Ерөнхийлөгчийн өргөн барих Улс төрийн намын тухай хуулиар зохицуулна. Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд энэ хуулийн дутуу зохицуулалтын улмаас дотоод зөрчилтэй байсан. Хууль нь ойлгомжгүй, олон талаас тайлбарлагддаг. Дээд шүүхийн тогтоол, дүрэм журам өөр байдаг, төрийн байгууллагаас тамга хэвлэж өгдөг асуудал хүндрэлтэй байсан. АН-аас гадна бусад намуудад ийм зүйл тохиолдохоос сэргийлэх талаар саналуудыг хуулийн төсөлд тусгахаар болсон” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 72 (7057)