Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Улсын Их хурлаас 2021 онд Банкны тухай хуулийг шинэчлэн баталсан. Хуулийн өөрчлөлтийн хүрээнд арилжааны банкууд, тэр тусмаа системийн нөлөө бүхий таван банк IPO гаргаж, олон нийтийн компани болох үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд Голомт, Төрийн банк өнгөрсөн жил олон нийтэд нээлттэй хувьцаат компани болж хувьцаагаа арилжаад байна. Өнгөрсөн оны эцсээр зөвшөөрлөө авсан Хаанбанкны IPO энэ долоо хоногоос эхлэхээр болсноо өнгөрсөн долоо хоногт зарласан.
Тодруулбал, тэдний анхдагч арилжаа энэ сарын 13-19-ний хооронд явагдана. Ингэхдээ хувьцааныхаа 10 хувь буюу 191 сая 219 мянга 800 ширхэг хувьцааг арилжина. Нэг бүрийн үнэ 959 төгрөг бөгөөд нийт 183.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ.
Татан төвлөрүүлэх хөрөнгийг банкны дунд хугацааны стратегийн хүрээнд хэрэгжүүлэх цахим шилжилт, мэдээллийн технологийн хөрөнгө оруулалт, байгаль орчинд ээлтэй ногоон төсөл, хөтөлбөрүүд болон урт хугацаат орон сууцны санхүүжилтэд тус тус зарцуулна гэв.
Тэгвэл өмнө нээлттэй хувьцаат компани болсон хоёр банкны хувьцааны ханш ямар байгаа талаар товчхон мэдээлэл хүргэе. Голомт банкны хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа 2022 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Монгол албан ёсоор эхэлсэн. Нийт 92 сая 463 мянга 154 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 1285 төгрөгөөр санал болгож, 114.4 тэрбумыг татан төвлөрүүлсэн. Гэвч өнөөдөр Голомт банкны нэгж хувьцааны үнэ унаж 980 төгрөг болсон байна. Төрийн банк нийт хувьцааныхаа таван хувийг буюу 37 сая 475000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 590 төгрөгөөр нийтэд санал болгох замаар нийт 22.1 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн. Тэгвэл тус банкны нэгж хувьцааны үнэ өнөөдөр 629 төгрөг байна.
Хаанбанкны хувьцаа авбал Голомтбанк шиг үнэ нь унах уу эсвэл Төрийн банк шиг бага зэргийн өсөлттэй байх уу гэдэг эргэлзээ төрнө. Тэгвэл энэ талаар “Стоклаб секьюритиз” ҮЦХ-ийн гүйцэтгэх захирал Ё.Амарбатаас тодрууллаа. Тэрбээр “Хаан банк системийн 33 хувийг дангаараа бүрдүүлдэг Монголын хамгийн том банк. Өнгөрсөн жил хамгийн их ашиг олсон. Тодруулбал, насанд хүрсэн бүх хүн Хаанбанкны харилцагч, үйлчлүүлэгч тул IPO-д олон хүн оролцох байх гэж таамаглаж байна. Түүнчлэн IPO хүрээнд нийт 183.4 тэрбум төгрөг босгохоос 15 хувь буюу 27.5 тэрбумыг олон нийтээс босгоно гэж тооцсон нь харилцагч бааз, суурь сайтай байхаар харагдаж байна. Эрэлт их байж, хэмжээнээс давсан захиалга ирэх байх. Сүүлийн үед Монголын Хөрөнгийн Бирж дээр IPO хий байгаа компаниуд ногдол ашиг хэдэн хувийг тараах тооцооллоо урьдчилан танилцуулдаг болсон. Хаан банк 40 хувиас дээш ногдол ашиг хуваарилах зорилт тавьсан нь харьцангуй өндөр ашиг тараахаар харагдаж байна. Ханшийн хувьд анхдагч арилжааны захиалга давж биелэхээс хамаарч хоёр дахь арилжаа нэлээн өсөлттэй эхлэх байх. Манай хөрөнгө оруулагчид урт хугацаанд биш богино хугацаанд хэт ашиг олохоос үүдэлтэй ханшийн савлагаа их байна” гэв.
Инфляцын түвшин 10.6 хувь болж буурсан гэв
Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр валютын нөөцтэй холбоотойгоор Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийсэн. Тэрбээр "Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх шийдвэр Засгийн газраас гарснаас хойш зургаан сар боллоо. Тухайн үед 2.5 тэрбум ам.доллар болж унасан байсан бол 2023 оны гуравдугаар сарын сүүлээр 3 тэрбум 438 сая ам.долларын валютын нөөцтэй болсон.
Монгол Улс энэ оны эхний гурван сард 14 сая тонн нүүрс экспортолсон. Зургаан сарын дараах үйл ажиллагааг эргэж хараад юун дээр анхаарах вэ гэдэг асуудал яригдаж байгаа.
Биржээр зарагдсан нүүрсийг хилээр саадгүй гаргадаг тусгай гарцуудыг гаргаж хэвшүүлэх ажлыг анхаарч ажиллана. Нүүрсний тээврийн бүх гэрээг цахимжуулж, бүртгэлжүүлэх ажлыг хийх шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл урд нь бүртгэлгүй байсан, төлж байгаа татвар тодорхой бус, дутуу төлөгддөг асуудлыг шийднэ. Бүртгэгдсэн гэрээний дагуу тээвэрлэнэ. Биржээр борлуулдаг бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх арга хэмжээг шат дараатай авахаар төлөвлөсөн" гэлээ. 2022 оны зургадугаар сард 13.2 хувь байсан инфляц энэ оны эхний гурван сарын байдлаар 10.6 хувь болж бууж байгааг тэрбээр онцлов.
Мөн валютын нөөц гурван сарын импортыг хангах хэмжээнээс дээш байвал сайн гэж үздэг. Манай улс одоо 4-5 сарын импортыг хангах хэмжээний валютын нөөцтэй байгаа. Энэ онд БНХАУ-ын эдийн засаг багадаа таван хувийн өсөлт гарахаар байгаа нь Монгол Улсын эдийн засгийг долоогоос дээш хувиар өсгөх боломж бүрдүүлсэн гэж таамаглаж байгаа аж. Харин Азийн хөгжлийн банкнаас ирэх зургадугаар сард инфляц энэ хэмжээнд хүрнэ. Ирэх онд нэг оронтой тоо руу орох боломжтой гэж үзэж байсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 71 (7056)