Д.ДАРАМБАЗАР

Улс орон хөгжихийн тулд ямар нэгэн зүйлийг өөрсдийн гараар бүтээж, шинэ бүхнийг туршдаг. Тэгвэл өчигдөр авто замын технологийг тодорхойлох зорилготой “Авто зам-экспо 2023” буюу шинэ техник, технологийн олон, технологийн талаар танилцуулсан юм. “Зууны мэдээ” сонин эдгээр техник технологиос түүвэрлэн хүргэж байна. 

 

ГЭРЭЛТДЭГ ГАРЦ

Явган хүний гарц дээр хүүхэд, том хүн их осолддог. Тэгвэл үүнийг БНСУ-ын туршлагад үндэслэн ухаалаг гэрэлтдэг технологиор шийднэ гэв. Ухаалаг технологийн хувьд гэрлэн дохионы өнгөөр гэрэлтэнэ. Ингэснээр явган зорчигчийн аюулгүй байдал хангагдаж, жолооч нарт харагдах орчинг бий болгоно. Технологийн хувьд 300 см урттай учир нэг гэрлэн дохионы дор олон гэрэл тавих шаардлагагүй. Мөн ус, даацын хамгаалалттай тул амархан эвдрэхгүй. Энэ технологийг Солонгос улсад хэрэглэснээр зам тээврийн осол 90 хувиар буурсныг докторын зэргээ хамгаалж буй судлаачид онцолж байлаа. Харин жижиг хэмжээтэй, хоёр өөр өнгөөр гэрэлтдэг технологи нь авто замын хаана ч ямар нэг аюулаас бүрэн хамгаалах боломжтойгоор ашиглана гэж байв. Хэрэв хөрөнгө оруулалт нь шийдэгдвэл энэ оны сүүл гэхэд бүрэн байршуулах юм байна.

 

АСФАЛЬТААС ИЛҮҮ БИТУМЫГ ДЭЛГЭРҮҮЛНЭ

Авто замын салбарт нэг төрлийн битум хэрэглэдэг байна. Энэ  нь орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд “ААШТО” ХХК Герман улсын эрдэмтдийн удирдлага дор ОХУ, Монгол улсын инженерүүдийн багтай хамтран хийсэн битум аж. Хатуу хучилттай асфальтан замаас гурван хувиар илүү сайн учир халуун, хүйтэн цэгт үүнийг ашиглахад тохиромжтой аж. Мөн автобус явах зориулалттай нэгдүгээр эгнээний замаас илүү чанартай гэж компанийн мэргэжилтэн мэдэгдэв. Технологийг нь гадаадаас хуулбарласан ч дотоодынхоо баялгаар хийж ашиглахаар болсон байна. Гэхдээ энэ компани өөрсдийн өмнө ашиглаж байснаас илүү сайныг гаргаж авсан. Одоогийн битум нь өмнөхөөсөө дугуйн үрэлтийн ачааллыг 3.8 дахин илүү даацтай  гэдгийг хэлж байлаа.

 

АВТО ЗАМЫН ЗАСВАРТ САНАА ЗОВОХГҮЙ БОЛНО

Chip sealer болон Slurry sealer гэсэн хоёр төрлийн тоног төхөөрөмж нь авто замын хатуу хучилтат гадаргууг бэлтгэхэд зориулагдсан технологийн хувьд олон давуу талтай аж. Chip sealer машин нь 85 км/цаг хүртэл хурдлах боломжтой. 4.2 метр өргөн, 3-6 км/цаг хурдтайгаар гадаргуун боловсруулалт хийж чаддаг гэдгээрээ онцлог юм. Мөн цаг хугацаа, хүний хөдөлмөрийг хөнгөвчилдөг. Харин Slurry sealer машин хольцонд орох дүүргэгчийн хэмжээ таван мм хүртэл ширхэглэлтэй байдаг гэнэ. Энэ нь хучилтын зузааныг нэмэхгүй. Харин өгөршиж, элэгдсэн хучилтын дүүргэгчийг холбох, ан цав, хагарлыг бөглөж хучилтын доод үеүдэд ус нэвчихээс сэргийлнэ. Мөн хучилтын эвдрэлийг зогсоох, сааруулах боломжтой аж. Энэ машинуудаар зам засварын ажлыг тогтмол хугацаанд хийж засвар арчлалтын хөрөнгийг хэмнэх юм байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 70 (7055)