Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

 

Техник технологи эрчимтэй хөгжиж, интернэтийн тусламжтайгаар аливаа юм бүхнийг биеэ даан суралцах боломжтой нь өнөөгийн нийгэмдээ сэтгэл хангалуун байх нэг үндсэн шалтгаан юм. Хил хязгаар үл харгалзан ямар ч саадгүйгээр дэлхийн аль ч улсын иргэнтэй харилцах боломжтой нь орчин үеийн хүмүүсийн нийгмийн харилцаа төдийгүй олон улсын харилцаанд ч үсрэлтгүй дэвшлийг авчирсан. Гэсэн ч “гартаа атгасан зоосоо” эргүүлээд үзвэл цахим залилан, дээрэлхэлт, дэлгэцийн донтолт, өөрийгөө байгаагаар нь хүлээж авч чадахаа больсон өсвөр үеийнхэн гэсэн олон асуудал гарч ирнэ. Эдгээрээс цахим хэрэглээ нь дэлхийн олон тэрбум хүний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Гэсэн хэдий ч аливаа мэдээллийг шүүлтэргүй хүлээн авдаг, амархан итгэдэг, буурь суурьтай тунгаан бодох сэтгэхүй бүрэн төлөвшиж амжаагүй өсвөр үеийнхэн цахим орчны зохисгүй хэрэглээнээс болж гэмт хэргийн хохирогч болж, эрүүл мэндээрээ хохирч байгаа нь дэлхий нийтийн санааг зовоосон, бидний гарагийн тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Иймдээ ч зарим орон залуу үеийнхний цахим хэрэглээг хуулиар зохицуулж эхлээд байна. Үүнтэй холбогдуулан өсвөр үеийнхний олон нийтийн сүлжээ ашиглах эрхийг олон улсад хэрхэн зохицуулж байгааг тоймлон хүргэе.

 

ЦАХИМ ХЭРЭГЛЭЭГ ХЯНАХ ХУУЛЬ ЮТА МУЖИД ИРЭХ ОНООС ХЭРЭГЖИНЭ

 

АНУ-ын муж бүхэн зөвхөн өөрийн нутаг дэвсгэртээ хэрэгжих хуулийг Засгийн газрын ямар нэгэн хамааралгүйгээр батлах бүрэн эрхтэй байдаг. Үүнийг манай улсын аймаг бүр өөрсдийн онцлогт тохирсон хуулийг батлан хэрэгжүүлэх боломжтой гэдэгтэй адилтгаж болох юм. АНУ-ын Юта муж 18-аас доош насныхны цахим хэрэглээг эцэг эхийнх нь тусламжтайгаар хянах хуулийн төслийг боловсруулсан анхны муж боллоо. Тус мужийн захирагч өсвөр үеийнхнийг цахим халдлагаас сэргийлэх хоёр хуулийн төсөлд гарын үсгээ зурсан байна. Энэ хуулийн төсөлд 18 нас хүрээгүй хүүхдийн цахим хаягаар нэвтэрч, нийтэлж байгаа пост болон бусадтай харилцсан чатыг нь шалгах эрхийг эцэг эхчүүдэд олгохоор тусгажээ. 

Тухайлбал, хүүхдүүд “Instagram”, “Facebook”, “TikTok” гэсэн олон нийтийн сүлжээний хаягтай болохоосоо өмнө эцэг эх, асран хамгаалагчдаасаа зөвшөөрөл авахыг хуулиар зохицуулсан байна. Мөн хэрэв эцэг, эх нь зөвшөөрөл олгоогүй, зайлшгүй шаардлага үүсээгүй бол хүүхдүүд 22:30-06:30 цагийн хооронд цахим сүлжээнд нэвтрэхийг хориглохоор болжээ. Харин олон нийтийн сүлжээний компаниуд хүүхдүүдийн мэдээллийг цуглуулах, тэдэнд зориулсан зар сурталчилгаа түгээхэд хориг тавина гэж хуулийн төсөлд тусгажээ.

Цахим орчны хязгааргүй хэрэглээ нь хүүхдүүдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байгаатай холбоотой судалгаанууд олноор хэвлэгдэж байгаа цаг үед Ютагийн захирагч дээрх шийдвэрийг гаргалаа. Тэрбээр “Олон нийтийн сүлжээний компаниуд залуу үеийнхний сэтгэл зүйн эрүүл мэндэд хор хохирол учруулах үйлдлийг цаашид хүлээн зөвшөөрч чадахгүй. Удирдагчид, эцэг эхчүүд, асран хамгаалагчид хойч үеэ хамгаалах үүрэгтэй” гэж мэдэгдэв. Энэ хууль ирэх оны гуравдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхлэх юм байна.

 

“ХҮҮХДҮҮДИЙН ҮГ ХЭЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДАХ ЭРСДЭЛТЭЙ”

 

Хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Commons Sense” ТББ-ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жим Стейер “Юта мужийн захирагчийн санаачилсан хууль олон нийтийн сүлжээний донтолтыг хязгаарлах асуудал руу бүх нийтийн анхаарлыг хандуулж чадлаа. Энэ бол Юта мужийн иргэдийн хувьд томоохон ялалт юм. Бусад мужууд ч хүүхдүүдийг цахим орчны халдлагаас сэргийлэхийн тулд арга хэмжээ авах шаардлагатай. Үүнд олон нийтийн сүлжээний компаниуд онцгой үүрэг гүйцэтгэх ёстой” гэж “BBC”-д ярьжээ.

Ийн Бүгд Найрамдах намаас сонгогдсон захирагчтай мужууд болох Арканзас, Техас, Охайо, Луизиана, Ардчилсан намаас сонгогдсон удирдагчтай Нью Жерси гэсэн мужууд Ютатай ижил хуулиар өсвөр насныхны цахим хэрэглээнд хяналт тогтоохоор хэлэлцэж эхэлжээ.

Гэхдээ энэ хууль хүүхдүүдийн эрхэнд халдсан үйлдэл болно гэж зарим шинжээчид үзэж байна. Тухайлбал, “Технологийн эрх чөлөө” компанийн хуульч Ари  Кон “Хүүхдүүдийн үг хэлэх эрх чөлөөнд халдсан хууль болох вий гэж эмээж байна. Бэлгийн цөөнх болон бусад асуудлаар гэр бүлтэйгээ зөрчилддөг хүүхдүүд цахим хэрэглээгээ бүхэлд нь хориг тавиулах эрсдэлтэй. Мөн гэр бүлийн хүчирхийлэл дунд амьдардаг олон сая хүүхэд бий” гэж ярив.

Харин “Мета” компанийн төлөөлөл “Манай компани эцэг, эх болон хүүхдүүд харилцан тохиролцоод цахим хэрэглээнд зарцуулж байгаа цагаа хянах боломжтой 30 гаруй платформыг хөгжүүлсэн. Эдгээрээс хэрэглэгчийн насыг тодорхойлдог технологи нь өсвөр үеийнхэн насандаа тохирсон тохируулгыг ашиглахад тусалдаг” гэж “BBC”-д ярьсан байна.

 

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛААС ҮҮДЭН “TIKTOK”-ИЙГ ХОРИГЛОВ

 

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ээлжит илтгэлийнхээ үеэр технологийн компаниуд хүүхэдтэй холбоотой дата мэдээлэл цуглуулахыг хориглосон хууль батлахыг уриалж байв. Мөн Калифорниа муж хүүхдийн дата мэдээлэл цуглуулахтай холбоотой хуулийг өнгөрсөн жил баталсан байдаг. Тэгвэл яг одоогийн байдлаар видео зах зээлд цахиур хагалж байгаа “TikTok” аппликэйшнтэй холбоотой мэдээллийн аюулгүй байдлын асуудал дэлхий нийтийн төвд гарч ирлээ.

Хятадын технологийн компанийн бүтээсэн энэ аппликэйшн хэрэглэгчдийнхээ мэдээллийг Хятадын Засгийн газарт өгдөг гэсэн мэдээлэл тархаж, томоохон асуудал үүсээд байгаа юм. Тиймээс АНУ төдийгүй хэд хэд орон төрийн албан хаагчдыг “TikTok” аппликэйшнийг гар утсандаа суулган ашиглахыг хориглож эхлээд байна. Харин хөндлөнгийн экспертүүд дээрх мэдээллийг АНУ өрсөлдөгчөө “намнах” зорилготойгоор тараасан хэмээн үзэж буй.

Энэ талаар дижитал стратегич Жэймс Ваматай “Ер нь АНУ-ын бүтээсэн олон нийтийн сүлжээний компаниуд бүр илүү их мэдээлэл цуглуулж байгаа. Тэд “TikTok” аппликэйшнтэй өрсөлдөж чадахгүйн улмаас хуурамч мэдээлэл тарааж байна” гэж ярьсан байна.

 

ЦАХИМ ХЭРЭГЛЭЭГ ХЯЗГААРЛАХАД ЗАСГИЙН  ГАЗРЫН ОРОЛЦОО ШААРДЛАГАТАЙ

 

Судалгаагаар АНУ-ын өсвөр үеийнхэн өдөрт наймаас олон цагийг дэлгэцэнд зарцуулдаг гэсэн дүн гарчээ. Энэ нь эрх баригчдыг дэлгэцийн донтолтод анхаарлаа хандуулахад хүргэсэн юм. АНУ-ын Сэтгэл судлалын холбооны /American Psychological Association/ шинэ судалгаагаар  хүүхдийн цахим хэрэглээг хязгаарласнаар сэтгэл зүйд нь эерэг нөлөө үзүүлж, эрч хүч нь сэргэж, гэр бүлийнхэнтэй харилцах харилцаа нь эрс сайжирчээ. Учир нь цахим сүлжээний хэрэглээ өндөр байх тусам хүмүүсийн өөртөө итгэх итгэл буурсан байна.

Энэ талаар Канадын “McGill” их сургуулийн сэтгэл судлалын доктор Хелен Тай “Олон нийтийн сүлжээнд нөлөө бүхий, олны танил хүмүүсийн тухай мэдээлэл, зургийг харахаар бусдаас муу, бусад шиг сайхан амьдарч чадахгүй байгаа мэт мэдрэмж төрдөг. Олны танилууд надаас илүү хөөрхөн, илүү эрүүл биетэй, бүх зүйл нь төгс мэт санагддаг. Олон төрлийн филтер, эффэкт нь хүнийг байгаагаас нь огт өөр зүс царайтай болгодог. Энэ нь сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг хэвээрээ” гэж АНУ-ын Үндэсний олон нийтийн радиод ярьжээ.

Дээр дурдсан судалгаагаар цахим хэрэглээгээ танаснаар хүмүүсийн өөрийн дүр төрх, биеийн жиндээ итгэх итгэл хэд дахин өссөн байна. Тиймээс цахим хэрэглээг хязгаарлахад Засгийн газрын оролцоо хэрэгтэйг судлаач Уинслет онцлов. Тэрбээр “Цахим орчинд яг юу болоод байгааг эцэг эхчүүд бүрэн мэдэх боломжгүй. Тэд утсаараа хэнтэй харилцаж, юу үзэж байгааг бид мэдэхгүй. Дэлхий ертөнц улам хаалттай, бүрхэг, хүүхэддээ хяналт тавихад илүү хэцүү болж байна. Бүр бага наснаасаа хүүхдүүд утас хэрэглэж эхэлж байна. Тиймээс үүнийг зохицуулах хууль зайлшгүй шаардлагатай” гэсэн юм.

Харин Монгол Улсын Засгийн газраас Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Гэвч иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчлөө гэсэн эсэргүүцэл өрнөсөнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч хориг тавьсан билээ. Монгол Улс руу чиглэсэн цахим халдлага, цахим залилан, хүүхдүүдийг садар самуунд уруу татах гэмт хэргийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа ч сөрөг, буруу мэдээллийг хянах мэдлэг эцэг эхчүүдийн 95 хувьд дутмаг байгааг Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн үндэслэлд дурджээ. Тиймээс энэ хууль нь цахим халдлага, ёс бус контентоос хүүхдүүдийг хамгаалах зорилготой гэж ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдэгдэж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 70 (7055)